Үргэлжлэл. Түрүүч нь
№088 (8392) дугаарт
Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан
Одоогийн сартуул хошуу Чингис хаанаас шууд үе дамжин ирсэн үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй, гэхдээ түүний алдарэртний энэхүү нэртэй ямар ч гэсэн төстэй болой. Жинхэнэ сартуулыг Чингис хаан эзлэн авч байсан түүхтэй. Онгон дуудах нэг шүлэгт:
Сартуулыг сэмлэн дайрсан сүлд
Сайн мууг олж боол болгосон сүлд... гэж гардаг.
Одоогийн сартуул түмний тухайд бол энэ мөр сонин байж болох юм. Уг сүлдийг “Дөрвөн хөлт” гэж нэрлэдэг байсан. Учир нь ишийг нь (хөлийг) хоорондоо холбоотой дөрвөн эр хүн түшин явна. Нэг хүн өмнө нь бас ард нь явах бөгөөд бусадтайгаа холбоотой байдаг боловч хөлийн тоонд хамаарагдахгүй. Сүлд нь гурван сэрээ бүхий төмөр дог, цагаан адууны туг хялгаснаас бүрдэнэ. Түүний доод талд цагаан туг байна. Тэрхүү туг дунд далдлагдсан нэгэн нууц зүйл бий. Энэ бол жинхэнэ арьсан(буюу арьс бус) оёмол уут билээ. Гадуураа торгон хүүдийтэй, бүүр гадуур нь цагаан даавуун уут байна. Уутны урт нь минийхээр алга дарам. Тэрүүхэндээ хөөрхөн жинтэй. Дотор нь юу байсныг би мэдэхгүй, юу ч байлаа гэсэн онгоны жинхэнэ шүтээн бөлгөө. Онгоныг харчуул, борчуул харж байхад тайж язгууртан, тэдний хатад харахгүй байж магадгүй. Онгон тахих үеэр ноёд тайж нар онгон байрлуулсан асраас ташуу барьсан тусгай асарт заларч, барилдаан, наадам үзнэ. Ноёд тайж нарын асарт орж, гарах үеэр улаан хөшгийг өргөж өгөх бөгөөд тэд онгоны асрыг олж эс үзнэ.
Онгон тахихад гурван төрлийн мах тавина. Энэ нь адуу, үхэр, хониных. Ердийн үед онгон тахилга гурван хоног үргэлжлэх бөгөөд гурван жилд нэг удаа таван хоног болж, бөх барилдан, морь уралдаж, сур харвана. Сүүлчийн өдөр Тунах хэмээх тусгай ёслол болно. Түүнд лам нар үл оролцох бөгөөд харин харц, язгууртан ялгаагүй бүх эрчүүл оролцоно. Онгоны тахиастай асраас үл ялим зүүн урагш нэрмэл буюу нэг усаар авсан гүүний архиар дүүргэсэн том ширмэн тогоо байна. Уул тогоо хоёр тохой илүү гүн бөгөөд амсраараа 1.8 м өргөн байдаг билээ. Арай жижгэвтэр тогоогоор архинаас юүлэн авч онгоны асар луу аваачина.
Шүтээнийг тогоо руу үл мэдэг тонгойлгож, онгоныг залаагаар нь түүнд булхана. Залааг угааж булхсан архи жинхэнэ тунах болдог бөгөөд түүнийгээ буцаан аваачиж том тогоо руугаа юүлнэ. Тэгээд “Тунах хайрлана” хэмээн хашхирахад лам нар, авгай хүүхдээс бусад нь түүнээс хүртэхээр том тогоо руу шахцалдан орж, нүүрээ дүрнэ. Гараар буюу аягаар хутгахыг үл зөвшөөрнө. Сүлдийн харуулч нар (тусгай нэрийг нь би мартжээ) хүмүүсийг улам шахцалдаж уухыг шаардана” хэмээжээ. Түүнээс гадна Дилав хутагтын дурдатгалд: “Чингис хааны сүлд хэмээн тооцогддог бас нэг онгон Засагт хан аймгийн Тарган баатар вангийн хошуунд бий. Энэ хошуу манай хийдээс баруун тийш тэмээгээр гурван өдөр алхуулж хүрэх газарт байдаг. Гүйцэтгэх ёслол дээрхтэй төстэй. Дэг жаягийг нь тодорхой бичсэн ном байсныг би үзсэн, хэдийгээр би уншиж чаддагболовч зарим үг хэллэг нь нэн хуучирсан тул үнэндээ ойлгоогүй. Ачит вангийн сүлдийн тахилгын тухай ном бас бийюм хэмээн бичсэн байна.
Дилав хутагтын дурдатгалд нилээд тодорхой өгүүлсэн “Засагт хан аймгийн Ачит вангийн хошуунд байсан Чингис хааны сүлд” онгоны ул мөрийг мөшгөн судлах, өнөөдөр Чингис хаан үндэсний музейд залсан сүлд мөн үү гэх зэрэг асуултууд хариулт нэхсээр үлдлээ. Тиймээс Дилав хутагт дурдатгалдаа онцгойлон тэмдэглэж үлдээсэн эл асуудлыг цаашид нарийвчлан судлаасай гэж хүсэжбайна.
Дилав хутагт АНУ-д хандсан Богд хааны захидлыг гардуулжээ. 1918 он Цагаан сарын шинийн11-нд Дилав хутагт бээр Богд хааны зарлигаар “Баруун өмнө хязгаарын сэргийлэх” тулд түмэн өлзийн аврал номыг маш хичээнгүйлэн шамдан уншиж их хэрэгт туслалцан”, олны сэтгэлийг засан амаржуулжээ. Мөн эл онд Дилав гэгээнтэн хувийн хөрөнгөөсөө есөн зуун ланд таацсан цөлхөөв цаас 1800-г гаргаж Цэргийн хэрэглэлд зориулан мөнгө өргөн барьжээ. Зон олны сэтгэлийг амаржуулж, цэргийн хэрэглэлд есөн зуун лан мөнгө өргөсөн тул Богд эзэн хаан “Жамсранжавт шар торгоны хашог /гошог/ шагнагтун” хэмээн Олнооөргөгдсөний 18 оны таван сарын 24-нд зарлиг буулгаж шагнажээ.
Улиастайгаас ном уншуулахаар лам залах тухайд өргөсөн бичигт “сонсвоос Дилав хутагт Наробанчин шавийн хүрээнээ удаан заларсан лам хятад, монгол хүн амьтны үйлсийг авралдаа авч хүн бүрдсүжиг бишрэлтэй лам” хэмээн тодорхойлсон, түүнчлэн түүнийг Жалханз хутагт, Жа лам тэргүүлэн урьж, ном уншуулж, баруун хязгаарын цэрэг, урианхайн хязгаарын олныг амаржуулахаар удаа дараа урьж байсан зэргийг үзвэл Дилав хутагт бээр бурхны шажны ном эрдмээр гайхамшигт оргилд хүрсэн, гэгээрсэн лам эрдэнэ байсныг илтгэнэ.
Богд хаан тусгайлан зарлиг буулгаж “Хутагт цол төрөл үе улиран” шагнан хүртээжээ.
Олнооөргөгдсөний есдүгээр(1919) онд Цэргийн яамнаас Улиастайн сайдын газраа цэрэг захиралцан сууж ном уншиж, сайнаар зүтгэсэн учир хөхиүлэхийг гуйж айлтгаад Богд хааны зарлигаар “улбар шар жолоо” нэмэн шагнан хүртээжээ. Энэ завсар нэгийг өгүүлэхэд гурван улсын Хиагтын гэрээний дараа Улиастай хотноо сууж байсан Хятадын амбан төлөөлөгч, Богд хаанд хандаж Дилав хутагтыг Улиастайд суулгахыг хүсжээ. Үүнийг Богд хаан ихэд таалаагүй учир Дилав хутагт Улиастайд нэг их удалгүй Наробанчин хийддээ буцсан аж.
1919 оны сүүлчээр Хятадын харгис генерал Сюй Шүй Жаны цэргийн хүчээр Монголын төрийн эрх мэдлийг хязгаарласан хэцүү цаг үед Богд хаан Дилав хутагтыг Нийслэл хүрээнд дуудан ирүүлж, Бээжин явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулсан байна. Үүний гол учир нь Монголын тусгаар бүрэн эрхт байдлыг сэргээхэд Америкийн төлөөлөгч нартай уулзаж, Богд хааны бичиг сэлтийг хүргэх учиртай байлаа. Америкийн Нэгдсэн Улсад хандсан Богд хааны захидлыг боловсруулахад Дилав хутагт оролцсон. Эл тухай тэрбээр “Энэхүү бичгийг шөнөжин сууж боловсруулсан цөөн хэдэн хүний дотор Жалханз хутагт болон би байсан бөгөөд уг бичигт Гадаад Монголын автономыг сэргээх үндэслэлийг тодорхойлсон болно. Энэ үед Сокобин нэртэй бас нэг америк түшмэл Хүрээнд зочилсон бөгөөд түүнд бас Богдын бичгийг гардуулсан юм. Би энэхүү бичгийг гардуулахад зуучилсан билээ” хэмээн ямар ч мадаггүйгээр тэмдэглэн үлдээжээ. Өөрөөр хэлбэл, хожим цагаачлан суусан америкт хандсан Богд хааны бичгийг зохион боловсруулах, улмаар америк консул нарт уг бичгийг гардуулахад Дилав хутагт бээр зуучилсан болох нь тодорхой байна.
Богд хааны зарлигаар Бээжин орох төлөөлөгчид 1920 оны зуны эхэн сард Нийслэл хүрээнээс Чуулалт хаалга руу машинаар гарч, цааш Бээжин галт тэргээр хүрчээ. Жалханз хутагтын тэргүүлсэн Монголын төлөөлөгчид Манжийн хан хүү Пу И-д бараалхаж, Думдад Иргэн Улсын Ерөнхийлөгч болон албаны бусад ноёнтүшмэлтэй уулзжээ.
Эл үеэр “Жалханз хутагт Америкийн элчинтэй уулзаж амжсан”, “би өөр нэг хүний хамт АНУ-ын цэргийн атташетэй уулзаж ярилцав. Дээрх уулзалтуудад Ларсон хэлмэрчлэв” хэмээн Дилав хутагт дурдатгалдаа бичсэн байна. Эл үед Богд хаанаас “Хятадын цэргийг нийслэл хүрээнээс гаргах талаар яриа хэлэлцээ хийх тухай заалт бүхий” захиа төлөөлөгчдөд хүрчээ. Уг захидал Шведийн “Ларсонаар дамжиж” иржээ. Богд хааны захидлыг Монгол Төвөдийн хороогоор уламжлан Хятадын Ерөнхийлөгчид өгсөн гэжээ.
Дилав хутагт төлөөлөгчдийн хамтаар Бээжинд сар болоод 1920 оны намар Нийслэл хүрээнд эргэн иржээ. Дилав хутагтыг хийд рүүгээ буцах болоход Богд хаантан хийдийг нь сэлбэн засахад хандив болгон 50 лангийн хоёр цагаан мөнгөн ембүү барьсан байна.
Үүний зэрэгцээ Богд хаантан Оросын цагаан цэргийн офицер Барон фон Унгерн Штернбергтэй холбоо тогтоож, Нийслэл хүрээг хятадын гамин цэргүүдээс чөлөөлөхийг хүссэн билээ. Улмаар 1921 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр Барон Унгерний удирдсан монгол, орос, буриад олон цэрэг Нийслэл хүрээг хятадын гамин цэргүүдээс чөлөөлж, мөн сарын 22-ныөдөр буюу Цагаан сарын шинийн15-нд Богд эзэн хааныг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин өргөмжлөх төрийн их ёслол Нийслэл хүрээнд болж, түүнд Азийн морин дивизийн цэргүүд оролцож, сүрт жагсаал болсон тухай түүхийн олон сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Мөн өдөр Богд хаан зарлиг буулгаж, Засгийн газраа эмхлэн байгуулж, Ерөнхий сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг тохоон томилсоныг бид мэднэ.
Ийнхүү сэргээсэн Богд хааны засгийн газраас, 1921 оны тавдугаарсарын 19-нд Богд хааны зарлигаар Улиастайн сайдын яамны туслан шийтгэх түшмэлээр Дилав хутагт Жамсранжавыг тохоон тавьсан байна. Өөрөөр хэлбэл, Дилав хутагт Улиастайн сайдын яаманд 1921 оны долоодугаар сард Ардын засаг ирэхээс өмнө ажиллаж байсан нь тодорхой байна. Харин Ардын засгаас Дилав хутагтын нэр хүнд, нөлөө, Богд хаан болон Жалханз нартай ойр дотно харилцаатай, дээр нь Хатанбаатар ван Магсаржавтай хамтран ажиллаж байсан зэргийг бодолцон Улиастайн сайдын тамгыг эрхлэн барих хүртэл үргэлжлүүлэн дэвшүүлж ажиллуул жээ.
Олноо өргөгдсөний арванхоёрдугаар оны долоодугаарсар буюу 1922 оны есдүгээрсард Богд хааны зарлигаар “Улиастайн хамаарсан сайд Дилав хутагт болбоос ноднин жил зуны цагаас эхлэн улс төрийн хэрэгт тийнхүү ил далд хүчин тусалж зүтгэсэн нь үнэхээрийн сайшаалтай бөгөөд онц гавьяа бүхий тул” “хэтэрхий сайшаахыг үзүүлэн самиди багш” өргөмжилжээ.
Харин Дилав хутагт бээр Ардын засгийн үед Улиастайн сайдаар ажиллаж байсан тухайгаа өөрийн дурдатгалдаа нээх их дэлгэрэнгүй бичихийг хүсээгүй бололтой. Учир нь 1921 оны тухайд “38 насаа (1921 он) би Улиастайд алба хашиж өнгөрөөсөн билээ” гэсэн ганцхан өгүүлбэр бичээд Жа лам буюу Дамбийжанцангийн тухайд нэг томоохон бүлэг оруулсан байна. Үүнийг сонирхогч хэн бүхэн үзэхэд илүүдэхгүй болов уу.
Мөн түүнчлэн “1923 онд би 40 насандаа Улиастай дахь албаа орхив. Тэр үеийн олон үйл явдлыг би санадаггүй юм. Түүнээс цааш аливаа албан тушаал хашаагүй боловч буян ном үйлдэн нэлээд их аялан явлаа. Бас ном судар бясалгахад багагүй цагаа зориулж байв. Гэвч цаг тайван бус, хуучин ёс халагдаж, өндөр тушаалын түшмэд, ноёд язгууртан нар суудлаасаа хусагдан эрт орой хэзээ боловч таагүй хандагч буюу харьяалагч хэмээх ял зэмд унах тул дээгүүр алба хашина гэдэг нь бэрхтэй цаг байж билээ” гэсэн өгүүлбэр олныг өгүүлнэ.
ДИЛАВ ХУТАГТЫН ХӨРӨНГӨ ХУРААЛТ БА ГАДАГШ ГАРСАН ТУХАЙД
1924 оны тавдугаар сард Монголын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагт таалал болж, бурхны олон шавь нар үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа адил болсон цаг ирсэн юм. Улмаар ноёд, лам нарын хөрөнгийг хураасан болохыг бид мэднэ. Дилав хутагтын хөрөнгийг тусгай комисс очиж хураажээ. “Энэ бүх ажил нэг сар гаруй үргэлжилсэн юм” хэмээн түүний бичсэнийг үзвэл хэр их хөрөнгөтэй, нэр хүнд нөлөө бүхий лам байсныг төвөггүй мэдэж болно. Дилав хутагт дурдатгалдаа “Тэдний надаас хураасан эд агуурс үнийн дүнгээрээ 200 000 гаруй лан боллоо” гэснийг үзвэл хэр их хөрөнгө мөнгө хураасан нь тодорхой байна. Нэг лан 37 грамм мөнгөтэй тэнцэж байсан гээд үзвэл 200 000 lan ≈ 7 400 000 grams = 7.4 metric tons of sil¬ver тэнцэнэ. 1920-иод оны үеийн үнэлгээгээр авч үзвэл энэ нь даруй 150 000-170 000 ам.долларболох бөгөөд эдүгээгийн ханшаар авч үзвэл даруй 2.3-2.8 саяам.доллартойтэнцэхээр хөрөнгөтэй Дилав хутагт байжээ.
Тэрбээр өөрийгээ “Улаанбаатараас авхуулаад баруун тийш, Гадаад Монгол даяар хүн болгон намайг хэн бэ гэдгийг мэддэг байв” гэсэн нь түүний нэр хүнд нөлөөг өөрийн үгээр илэрхийлсэн хэмээн ойлгож болно.
Дилав хутагтын хөрөнгийг хурааж, өөрийнх нь хийдээс дуудан авчирч, удаа дараа байцаан Эрэгдэндагвын хэрэгт холбож, Дээд Шүүхийн хурлаар 1930 онд олны өмнө ялласан билээ. Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан нийтдээ 38 хүнийг байцааж, Эрэгдэндагва, Егүзэр хутагт тэргүүтэй долоонхүнд цаазын ял оноож, заримд нь 10 жил өгсөн юм. Үүний дотор Дилав хутагт Жамсранжавт нэг жилийн тэнсэн ял өгчээ. Энэ бүхний дараа тэрбээр “Надад оргохоос өөр зүйл бодогдохгүй байлаа” хэмээн өөрийн доторх бодлоо чин үнэнээр илэрхийлсэн хэрэг байв. Ийм бодол бүр Богд хаан таалал болсны дараахан Дилав хутагт Хүрээнд ирж, Банчин Богдод мөргөх санаатай явах зөвшөөрөл эрэх үед бий болсон байж ч мэдэх юм. Чухам тэр л үед Дилав хутагт өөрийн өмч хөрөнгийг хуваан нэгээхэн хэсгийг өөрийн Наробанчин хийддээ өгч, өөртөө зохих хэсгийг авч үлдсэн байдаг юм.
Энэ бол ардын засгаас шашин, үндэсний уламжлал, түүх, соёл, язгууртан бүхэнд дайсан хэмээн халдаж, хавчиншахаж эхэлсэн үе билээ.
Дилав хутагтын цол хийгээд албан тушаалууд:
Сайн ноён хан аймаг Наробанчин хутагтын харьяат шажны ерөөлт сүмийн хамба, Дилавын хувилгаан эрх цорж, номч мэргэн егүзэр, самади багш Жамсранжав
Зарлигаар зарсан Улиастайд сууж хэрэг шийтгэгч сайдын яамны түшмэл
Зарлигаар зарсан Улиастайд сууж хэрэг шийтгэгч сайдын тамгыг хамаарсан туслан шийтгэх түшмэл эрх цорж номч мэргэн егүзэр Дилав хутагт
ДҮГНЭЛТИЙН ОРОНД
Дилав хутагт Жамсранжавыг “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” хэмээх зохиомол хилс хэрэгт холбогдуулан баривчилж байцаасанд тэрбээр огт хэрэг хүлээгээгүй тул 1930 оны есдүгээрсарын 28-нд БНМАУ-ын Дээд шүүхийн нээлттэй явуулсан шүүх хурлаас нэг жилийн тэнцсэн харгалзах ял оноож, түр суллажээ. Мөн эл хэрэгт Егүзэр хутагт Галсандаш, Манзушир хутагт Цэрэндорж нарыг хамруулсан болохыг бид мэдэх билээ. Энэхүү “Эрэгдэндагвын хэрэг” хэмээх нь VIII Богд Жавзандамба хутагтын хувилгаан дүрийг тодруулсан хэмээх бичгийг үзсэн, улмаар Банчин хутагт лугаа холбоо тогтоосон гэх зохиомол хэрэг билээ.
Энэ хооронд Дилав хутагт “Надад оргохоос өөр зүйл бодогдохгүй байлаа” хэмээн өөрийн хүсэл зоригоо хожим үнэнээр ньбичиж үлдээснийг ахин дахин анхаарч, чухам юунаас болоод тэгтлээ их хайрладаг, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнийх нь төлөө Богд эзэн хаан лугаа хамтран зүтгэж байсан улсаасаа ийнхүү оргох болов гэдгийг бодож үзвэл зохилтой.
Үндэсний эх орончид, бурхны олон үнэнч шавь нар, хутагт хувилгаад, алтан ургийн ноёд тэргүүтэй бүгдийг хоморголон баривчилж, өмч хөрөнгийг нь хураан авч, хилс хэргээр хэлмэгдүүлсэн аймшигт он жилүүд байсныг эдүгээ монголчууд давтан санаж, сэрвэл сайнсан.
1931 оны хоёрдугаар сарын 26-ны одод гялалзах хаврын шөнө эх нутгийнхаа гал голомт болсон төв нийслэлээс бурантаг сунган өмнө зүгийг зорин одсон Дилав хутагт Жамсранжав бээр 1952 оны аравдугаар сарын 15-ны өдрийн Америкийн философийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн дугаар ¹5-д нийтлүүлсэн дурсамж яриандаа “Тэр үед Гадаад Монголд миний шашныг устгаж эхэлсэн бөгөөд улс төрийн хэрэгтнийг шийтгэх, шүүхээс хувьсгалын эсэргүү хуйвалдааныг зохион байгуулсан хүмүүсийн нэг гэж намайг шийтгэсэн” гэж өгүүлсэн нь нэгийг өгүүлнэ.
Дилав хутагт Жамсранжавт оноосон дээрх хэргийгхилс болохыг тогтоож, уг хэргийг хэрэгсэхгүй болгож, 1990 оны тавдугаарсарын 18-ны өдрийн БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 04 дүгээр тогтоолоор нэр төрийг нь сэргээн цагаатгасан билээ.
Дилав хутагт өөрийн дурдатгалдаа Богд Жавзандамба хутагтын тухайд “1911 онд Манжийн засаг унахад бүх эрэгтэйчүүд, хаад, ноёд, хутагт хувилгаадгүй Жавзандамба хутагтыг дагасан. Яагаад гэвэл Жавзандамба хутагт гадаад Монгол дахь шашны болоод шашны бус хамгийн нэр хүндтэй газруудыг нэгтгэн 1924 он хүртлээ Богд хаан засгийн тэргүүн байлаа” хэмээн тэмдэглэж, өөртөө байнга Богд хааны зургийг нандигдан шүтэн, хадгалсан байдаг. Энэ тухай Оуэн Латтимор нэгэнтээ тэмдэглэж, бас Богд бээр Сүхбаатарыг хорлоогүй шүү хэмээн Дилав хутагт амаар айлдсаныг мөн онцолсон буй нь сонирхолтой билээ.
1963 оны гуравдугаар сарын 29-нийөдөр Америк дахь “Монгол” нийгэмлэгээс Колумбын их сургуульд тус нийгэмлэгийн анхдугаар хурал амжилттай зохион байгуулсны хаалтад зориулан оройн хүлээн авалт болжээ. Тус хүлээн авалтын үеэр нийгэмлэгийн дарга Хянганы Гомбожав нээж үг хэлж, АНУ-ын Дээд шүүхийн гишүүн Дугласын авгай баяр хүргэсэн байна. Тус хүлээн авалтад Америкийн хэд хэдэн монгол судлалын эрдэмтэн, судлаач, цахар Гомбожав, Өргөнгөө Онон, Дилав хутагт Жамсранжав нарын 20 гаруй хүн оролцсон байдаг. Хүлээн авалт тарсны дараа БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Дашцэрэн бээр Дилав хутагт лугаа ярилцсанаа тэмдэглэн ирүүлсэн байдаг. Тэрхүү ярианы үеэр “Шар торгон монгол (хар хүний) дээл”, “дотроос нь өндөр захтай монгол цамц цухуйж, том эрхи гартаа зүүсэн” Дилав хутагт бээр Дашцэрэн зөвлөхийн Нутаг орон санагдаж байна уу? хэмээсэн асуултад “Үгүй, санаад ч яах вэ” гэж хээв нэг хариулан, бас “Та нутаг орондоо захиа занаабичдэг үү? Харилцаж байж болно шүү дээ” гэхэд “Бичдэггүй, нэгтнадад эвгүй, хоёрт хүнийг хөөдчих байх гэж санах юм байна шүү дээ” гэж хариулсанаас үзвэл түүний сэтгэл ямар их сэтгэлийн шархтай байсныг мэдэрч болмоор биш гэж үү.
Улмаар зөвлөхийн “Одоо цаг өөрчлөгдсөн” гэхэд Дилав хутагт “Жаахан гайгүй болсон юм биз дээ. Тэгээд л дайн болбол дахина даа. Би ч дайнгүй байвал боллоо гэж боддог” гээд миний нөхөд болэнэ байна гэж эрхиэ зааж, “Монгол хүний нэрийг хугалчихгүйг хичээдэг юм” хэмээн хэлсэн үгс нь түүний насан туршдаа Монголынхоо төлөө хэмээсэн сэтгэлдээ ядаж нэрийг нь хүртэл хугалчихгүй юм сан гэж зүтгэсэн зүтгэлийг өөрийн эрхгүй илэрхийлэх авай.