Эрүүл мэндийн сайд Э.Батшугар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг иргэдийн төлөө нэг төгрөг болгоныг зарцуулна. Үр бүтээмжгүй зардлыг танаж, зайлшгүй шаардлагатай гүйцэтгэлийн санхүүжилтийг бол олгодог болгоно. Мөн эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцоход, зөрүүтэй мэдээлэл их байна. Тухайлбал, Нэг инээдтэй, намайг шок-нд оруулсан зүйл байна. Тодруулбал, Бид өмнө нь эмнэлэгт очоод хурууны хээгээ уншуулахад систем цаанаа иргэн Батшугарын хурууны хээ мөн эсэхийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулдаг гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ тэр хуруу уншигч төхөөрөмж нь төрийн нэгдсэн 'Дан' системд огт холбогдоогүй байсан. Тэгэхээр эмнэлэг дээр хүн ирээгүй байсан ч регистрийг нь бичээд, эмч нь өөрийнхөө хурууг уншуулаад л "Батшугарыг үзчихлээ" гээд даатгалаас мөнгө аваад байж болохоор байсан гэсэн үг. Одоо харин энэ бүхнийг болиулж, хуруу уншигчийг "Дан" системтэй бүрэн холбогдсон. Өөрөөр хэлбэл, дан системд яг тэр иргэн мөн эсэхийг баталгаажуулдаг болох юм" гэх мэдээллийг өглөө.