УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Д.Үүрийнтуяа тэргүүтэй гишүүд уг төслийг өргөн барьсан аж. 2011 онд оруулсан өөрчлөлтийн дагуу дөрвөн хүүхэдтэй ээж хоёр, зургаа бол нэгдүгээр одон олгодог болсон юм. Ингэхдээ бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх “босго” тогтоосон билээ. Мөн бага нь нэг нас хүрэх үед дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан гэж тодотгож өгсөн. Үүнд гурав хүртэлх наснаас нь өмнө өргөж авсан болон олон шалтгааны улмаас нас барсан нэгээс дээш настай хүүхдийг хамааруулдаг. Хуулийн эл өөрчлөлтийн дараа нэг хүүхэд нь нэгээс дээш насандаа эндсэн олон ээж одонгоо нөхөж авч байв.
Тэгвэл хуулиас эл “нэгээс дээш настай хүүхдийг хамааруулна” хэмээн хязгаар тогтоосон бүх заалтыг хасах саналыг гишүүд төсөлдөө тусгасан аж. Хүүхдээ тээж, төрүүлсэн нь үнэн байхад заавал нэг нас хүрсэн гэж босго тавих шаардлагагүй гэж үзжээ. Гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар “Хүнд юу ч тохиолдож болно. Эх хүн үрээ тэнгэрт өргөхийн тулд биш, ханагар эр, сайхан бүсгүй болгоно гэж хүсэж мөрөөдөж тээж төрүүлдэг нь лавтай. Тиймээс өөрийгөө хэмлэж яваа эхчүүдээ төр нь бас давхар зэмлэж, ялгахгүй байх нь зүйд нийцнэ. Энэ хуулийг санаачилж өргөн барьсан эхчүүддээ талархал илэрхийлье” гэжээ.
Мөн уг хуулийн төслийг санаачлагч Д.Үүрийнтуяа бусад эмэгтэй гишүүнтэй хамтран УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг байгуулснаа мэдэгдсэн юм. Монгол Улсын нийт хүн амын 37.1 хувийг эзэлж буй хүүхэд, залуу чууд болон 997 мянга орчим гэр бүл, тэдний хөгжил, хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө тус бүлгийнхэн ажиллах гэнэ.
С.Уул