Дэлхийн зах зээлд зэсийн ханш эрчимтэй өсөж, Лондоны металлын бирж (LME)-д мягмар гарагт тонн тутмын үнэ 14 106 ам.доллар давлаа. Ингэснээр энэ оны нэгдүгээр сард тогтоосон бүх цаг үеийн дээд үзүүлэлт болох 14 500 ам.долларт дөхөж очоод байна. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч зэсийн нийлүүлэлтийн эрсдэл, БНХАУ-ын эрэлтийн сэргэлт ханшийг өсгөх гол хүчин зүйл болжээ. Ялангуяа Ирантай холбоотой геополитикийн хурцадмал байдал, Ойрх Дорнодын нөхцөл байдал нь түүхий эдийн зах зээлд савлагаа үүсгэж буй. Мөн Перу, Чили зэрэг гол олборлогч оронд уурхайн үйл ажиллагаа доголдох, байгаль цаг уурын хүндрэл үүсэх эрсдэл нэмэгдсэн нь зэсийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид зэсийг ойрын хугацаанд хамгийн ашигтай түүхий эдийн нэг гэж үзэх хандлага давамгайлах болжээ.
Нөгөө талаас дэлхийн хамгийн том зэс хэрэглэгч БНХАУ-д үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт сэргэж эхэлсэн нь зах зээлд эерэг дохио өгч байгаа аж. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны дата төвүүдийн өргөтгөл зэрэг өндөр хэрэглээ шаардсан салбаруудын өсөлт зэсийн эрэлтийг улам нэмэгдүүлж буйг эдийн засагчид онцлов.
Зэсийн үнэ өсөж буй нь уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох зэсийн баяжмалын ашиг нэмэгдэхийн хэрээр төсвийн орлого өсөх, валютын урсгал сайжрах хүлээлт байдаг.
Г.Сансар