Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр 100-гаас 64 оноо авч, “хангалттай мэдээлэл нийтэлдэг орон”-ы тоонд оржээ. Гэвч олон нийтийн оролцооны түвшин ердөө 35 оноотой байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр төсвийн баримт бичгээ тодорхой хэмжээнд түгээдэг болсон ч төсөл боловсруулах, зарцуулах, хянах зэрэг үйл явцад иргэдийн оролцоо улам алсарсаар байгаа аж. Энэ нь “Төсвийн нээлттэй байдлын судалгаа-2025”-аас харагдаж байгаа юм. Уг судалгааг Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хоёр жил тутамд гаргадаг бөгөөд дүнгээ энэ сарын 7-нд дэлхий нийтэд танилцуулжээ. Харин Монгол Улсынхыг тус байгууллагын албан ёсны түнш “Нээлттэй нийгэм форум”-аас өчигдөр мэдээллээ. Энэ удаагийн үнэлгээгээр манай улсын төсвийн ил тод байдал өнгөрсөн жилүүдээс тодорхой хэмжээнд дээшилсэн дүр зурагтай харагдах хэдий ч бусад шалгуур нь ноцтой хэмжээнд буюу маш доогуур үзүүлэлттэй байгаа нь анхаарал татна.
Төсвийн нээлттэй байдлын судалгааг найман үндсэн шалгуураар үнэлдэг бөгөөд 10 дахь удаагийн буюу 2025 оныход нь 83 улсыг хамруулсны нэг нь Монгол. Судалгаанд улс орнуудын засаглалын чанар, төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо, парламент болон аудитын хяналтын тогтолцоог харьцуулан үнэлдэг бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн томоохон шалгуур болоод буй. Монгол Улс 2006 оноос хойш уг судалгаанд тогтмол хамрагджээ. Үндсэн найман шалгуур үзүүлэлтийн дүнгээр манай төсвийн хагас жилийн тайлан 100-гаас 26, батлагдсан төсвийнх 39, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлан болон төсвийн төсөл тус бүр 62, иргэдийн төсөв 75, төсвийн хүрээний мэдэгдэл 78, жилийн эцсийн тайлан 82, явцын тайлангууд 96 оноотой үнэлэгджээ. Тодруулбал, эдгээр шалгуурын нийлбэр дүнгээр төсвийн нээлттэй байдлын түвшин 2015 оныхоос 13 оноогоор ахиж, 64 болоод буй юм. Гэсэн ч төсвийн хамгийн чухал үе шатуудад мэдээлэл дутмаг, хоцрогдсон, иргэдэд ойлгомжгүй байдлаар хүрдэг нь асуудал дагуулсан хэвээр байна.
ИЛ ТОДЫН БАЙДЛЫН ИНДЕКС ӨССӨН Ч ИРГЭДИЙН ИТГЭЛ БУУРАВ
Манайд ил тод байдал гэдэг ойлголт нь техникийн шинжтэй, зөвхөн цахим хуудсанд тухайн мэдээллийг байршуулснаар дуусдаг. Энэ нь иргэдэд хүртээмжгүй, мэдээлэл ойлгомжгүй, үр дүнг чухалчилдаггүй, дүн шинжилгээ хийхэд төвөгтэй, бодит хяналт тавих боломж олгодоггүй зэрэг сул талтай. Төсвийн баримт бичгийн агуулгын үнэлгээ буюу нэгдсэн төсвийн хагас жилийн тайлан 100-гаас дөнгөж 26, УИХ-аас баталсан төсөв 39 оноотой үнэлэгдсэн нь үүнийг буюу хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүйг нотолно. Өөрөөр хэлбэл, төсвийн мэдээллийг төрийн байгууллагын цахим хуудас, олон нийтийн сүлжээнд байршууллаа гээд иргэд түүнийг нь ойлгож, хянадаг болсон гэсэн үг биш гэдгийг судалгааны зарим дүгнэлт харуулж байгаа юм. Олон зуун хуудас мэргэжлийн үг хэллэгтэй, хавсралт дүүрэн төсвийн баримт бичгийг жирийн иргэн битгий хэл, УИХ-ын гишүүд хүртэл бүрэн уншиж, танилцдаггүй нь нууц биш.
Төсвийн төсөл боловсруулах үйл явц олон нийтэд хаалттай байдгаас жил бүрийн намар улсын төсөв өргөн барих үеэр хэл ам, хэрүүл тэмцэл дагуулдаг. Эрх баригчид хэдхэн долоо хоногийн дотор өчнөөн их наяд төгрөгийн зарцуулалтыг иргэд, олон нийтээс ч асуулгүй боловсруулчихсан байдаг. Ингэснээр хөрөнгө оруулалтын маргаан дээр, дооргүй өрнөж, эцэст нь төсөвт олонтоо өөрчлөлт оруулан, улмаар тодотгол хийдэг жишиг тогтсон. Хамгийн гол нь иргэд энэхүү процессыг төдийлөн мэддэггүй өнгөрдөг нь судалгааны дүнгээс ч харагдсан. Төсвийн төсөл боловсруулах шатанд Монгол Улс олон нийтийн оролцоогоор 33 оноо авсан нь үүнийг гэрчилж буй. Төсвийн дийлэнх хэлэлцүүлэг урьдчилан товлосон, хязгаарлагдмал хүрээнд явагддаг. Энэ нь шийдвэрт бодитоор нөлөөлдөггүй, Засгийн газар “Иргэдээс санал авсан” гэх ч тэдний саналын дагуу төслөө өөрчилсөн нь тун ховор. Угтаа бол төсвийн мөнгө төрийнх биш, татвар төлөгчдийнх гэдэг утгаараа оролцоог нь сайтар хангах ёстой юм.
“ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХАД ДАН ГАНЦ ИЛ ТОД БАЙДАЛ ХАНГАЛТГҮЙ”
Төсвийн ил тод байдлын индексийн оноо 61 болон түүнээс дээш байх нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэй оролцоход хангалттай үзүүлэлт гэдгийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын судалгаанд дурджээ. Манай улсын хувьд дээрх найман үзүүлэлт бүхий баримт бичгийг бүгдийг нь нийтэд ил болгосон ч мэдээллийн агуулга, чанар, ойлгомжтой байдлыг нь сайжруулах нэн шаардлагатайг “Нээлттэй нийгэм форум”-ын Төсвийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам хэллээ. Тэрбээр “Манайх Олон улсын төсвийн түншлэл байгууллагын түншээр олон жил ажиллаж, Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулсаар ирсэн. Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилдаг. Тухайлбал, улсын төсвийн мэдээллийг иргэд, олон нийт авах боломж, үйл явцад нь оролцох албан ёсны сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институцийн гүйцэтгэж буй үүргийг үнэлдэг. Манай улсын төсвийн ил тод байдал 2019 оноос хойш тогтмол дээшилж байгаа. Тухайлбал, 2021 онд 60, 2023 онд 62 байсан бол 2025 оны үнэлгээгээр 64 оноо авлаа. Гэсэн ч нэгдсэн төсвийн хагас жилийн тайлан, батлагдсан төсөв маш хангалтгүй үнэлүүлсэн. Эдгээр баримт бичгийн агуулгыг мөн сайжруулах, илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгоход анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн тэрбээр “Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй. Төсвийн нээлттэй байдлын үр дүнд гарах эерэг нөлөөг нэмэгдүүлэхийн тулд үйл явцад нь олон нийтийн оролцоог дээд зэргээр хангах шаардлагатай. Судалгаагаар УИХ, Засгийн газар болон төрийн аудитын байгууллагаас төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог үнэлдэг. Төсвийн төслийг батлах шатанд эл үзүүлэлт 45, хэрэгжилтийн шатанд 34 буюу маш муу оноо авчээ. Цаашлаад аудитын байгууллагаас хийх хяналт шалгалтын шатан дахь иргэдийн оролцоо 33 оноогоор үнэлүүлсэн. Энэ нь төсвийн бүхий л үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэйг харуулж байна” гэв.
“Төсвийн нээлттэй байдлын судалгаа-2025”-ыг “Нээлттэй нийгэм форум”-аас танилцууллаа.
“ТӨР ТӨВТЭЙ” ТОГТОЛЦОО
Судалгаанаас харахад, улсын төсвийн ил тод байдлын гол дутагдал нь мэдээлэлгүйдээ бус, чанартай, ойлгомжтой байдлаар түгээж чадахгүйд л оршино. Сүүлийн жилүүдэд төсвөөс гадна Хөгжлийн банкны зээл, нүүрсний оффтейк гэрээнүүд, төрийн өмчит компаниудын худалдан авалт, тусгай сангуудын зарцуулалт, сонгуулийн өмнөх хөрөнгө оруулалтын огцом өсөлт зэрэг олон асуудал нийгмийн бухимдлыг төрүүлсээр ирсэн. Эдгээрийн нийтлэг шинж чанар нь шийдвэр гаргах процесс хаалттай, олон нийтийн хяналт сул байсантай холбоотой аж.
Төсвийн ил тод байдлын индекс цаасан дээр ийн өссөн ч авлигын үзүүлэлт буурахгүй, хяналт, хариуцлагын тогтолцоо сул байсаар. Төсвийн явцын болон жилийн эцсийн тайлангууд 82-96 буюу өндөр оноотой үнэлэгдсэн. Тэгсэн хэрнээ бодит байдалд эдүгээ ч манай улс төсвөө богино хугацаанд хэлэлцдэг, намын бүлгийн шийдвэр давамгайлдаг, тодотголыг яаралтай горимоор баталдаг, гүйцэтгэлийн хяналтад цаг зарцуулдаггүй хэвээр. Судалгаанд энэ сул талыг ч онцолжээ. Тухайлбал, төсвийн жилийн явцын тайланг тогтмол хэлэлцэж, дүгнэлтээ олон нийтэд хүртээмжтэй байдлаар танилцуулахыг зөвлөсөн юм. Мөн Засгийн газар төсвийн хөрөнгийг дундуур нь шилжүүлэх тохиолдолд парламенттай заавал зөвшилцөх тогтолцоо бүрдүүлэхийг ч тусгасан байна.
Судалгааны дүгнэлтэд үндэслэн “Нээлттэй нийгэм форум”-аас дараах зөвлөмжийг боловсруулжээ. Тухайлбал, төсвийн ил тод байдлыг утгаар нь сайжруулахын тулд Засгийн газраас боловсруулсан төсвийн төсөлд наад зах нь хоёр жилийн тооцоог багтаасан байх, макро эдийн засгийн урьдчилсан байдлын болон шинжилгээний дэлгэрэнгүй, олон жилийн орлого, зарлагын төсөөлөл, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлын талаарх мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй гэжээ. Түүнчлэн батлагдсан төсвийг өргөжүүлж, орлогын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй оруулах, ингэхдээ татварын болон татварын бус гэхчлэн тодорхой зааглаж, тус бүрийн орлогын эх үүсвэрийн задаргаатай мэдээлэх, жилийн эцсийн тайланд цогц өгөгдөл, өрийн датаг оруулж, зээлийн урьдчилсан тооцоог гарган, таамаглал, бодит үр дүнг хооронд нь харьцуулах зэрэг асуудлыг тусгажээ. Мөн иргэдийн оролцоог цаашид хангах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрэмбэлсэн байв.
Дэлхийн улс орнууд төсвөө улам нээлттэй болгосоор байхад Монголын төр улам хаалттай, цаасан дээр хараар бичсэн хэдэн цифрүүдээр хязгаарласаар байх гэж үү. Олон улсад төсвийн ил тод байдлыг зөвхөн баримт бичиг нийтлэх асуудал гэж үзэхээ больж, иргэдийн оролцоо, бодит хяналт, хариуцлагын механизм руу шилжиж эхэлжээ. Ялангуяа манайд дээр дурдсанчлан олон нийтийн оролцооны түвшин маш муу байгаа нь төсвийн тогтолцоо өнөө хэр нь “төр төвтэй” хэвээр байгааг илтгэнэ.