Засгийн газраас түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай “Ногоон” тогтоол баталж, ногоон зээл, санхүүжилтэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд Н.Учрал банк, санхүүгийн салбарынхантай уулзах үеэрээ онцоллоо. Энэ хүрээнд Хөгжлийн банк ногоон зээлийн хямд эх үүсвэр татаж, холимог санхүүжилтийн шийдэл гаргахаар бэлтгэлээ базааж байгаа бол цаашид хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг арга хэрэгсэл ашиглахыг Засгийн газар тууштай дэмжиж, бүтээгдэхүүний тоо, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлого, амьжиргааг харгалзан зарим хөнгөлөлттэй татаасыг шийдэх гэнэ.
Ногоон зээлийн бодлогод эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжсэн дулаалга, нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл багтаж байгаа аж. Ногоон зээлийн хугацаа 60 сар хүртэл уртасгаж, сарын төлөлт 40 орчим хувиар буурч, хүүг нь бусад зээлээс 4-6 хувиар хямд байхыг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт энэ үеэр танилцуулсан. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн “Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд бид Эко орон сууцын, Бүсийн ногоон хүртээмжтэй бизнесийн болон Хувийн хэвшлийн оролцоотой ногоон хөрөнгө оруулалтын гэсэн гурван сан байгуулсан. Эдгээр нь олон улсын байгууллагатай хамтарч хямд өртөгтэй эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилготой. Одоогоор гурван санд 230 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Эко орон сууцын эхний төслийг “Баянхошуу” дэд төвд хэрэгжүүлсэн” хэмээн тодотгов.
Г.Сансар