Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилсан Ж.Баярмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Нийт 32 гишүүн хамтран санаачилсан уг төсөлд ХХОАТ-ыг бууруулж нэг хувь болгох талаар тусгасан аж. Эдүгээ эл татварыг 10 хувиар тооцон авч буй. Энэ талаар гишүүн Ж.Баярмаа “Инфляцын өсөлт, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор иргэдийн амьдрал хүндэрч байна. Тиймээс тэдний гарт очих мөнгийг өсгөх нь чухал. ХХОАТ-ын орлогыг бүрдүүлж байгаа байнгын ажилтай 975 мянган иргэн бий. Тэд бол манай улсын дундаж давхарга. Цалин нь амьдралдаа хүрэлцэхгүй, зээлээс зээл, өрөөс өрийн хооронд иргэд амьдарч байна. Үүнээс үүдэн гадагшаа гарч амьдрах хүсэлтэй хүний тоо олширлоо. 60 хүртэлх насны иргэдийн 60 хувь нь ийм хүсэлтэй байна гэсэн судалгаа гарсан” гэв. Гишүүн О.Алтангэрэл “Уг хуулийг баталбал төсөв хүндэрнэ гээд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өслөө. Одоо махны үнэ гаарч буйг төрөөс зохицуулахгүй гэж байгаа юм бол иргэдийн халаасанд орлого үлдээх шийдвэр гаргах хэрэгтэй. Дутагдах орлогыг нөхөх хоёр арга санал болгоё. Өнгөрсөн хэдэн жил сөрөг хүчингүй, авлигачин түшээд гаарсан. Тэдний хөрөнгийг хураая, мөн төрийн өмчит компаниуд дахь хулгайгаа зогсоож, зардлыг тана. Ард түмний бүсийг чангалж болсон” гэлээ. Иргэдийн нуруун дээрх ачааллыг бодитоор хөнгөлөх эл төслийг нам үл харгалзан дэмжихийг гишүүд уриалсан юм.
С.Уул