Америкийн агаарын цохилтод өртсөн Тегеран хот
Цөмийн зэвсэгтэй болоход нь Иранд шаардагдах хугацааг Америк-Израилын довтолгоо лав нэг жилээр хойшлуулна хэмээн өнгөрсөн зунаас эхлэн шинжээчид таамаглаж байсан. Гэвч гурван ч лавтай эх сурвалжийн мэдээлснээс үзвэл Ираны төлөвлөгөө өөрчлөгдөөгүй аж.
Тегерантай хийж буй хэлэлцээрийн явцад Иран цөмийн зэвсэгтэй болж чадахгүйг баталгаатай болгохыг АНУ хичээж байна гэж Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард Ираны цөмийн цогцолборуудад АНУ-ын өгсөн цохилт цөмийн зэвсэгтэй болох боломжийг нь есөн сараас нэг жилээр хойшлуулсан гэсэн мэдээлэл бий ч, 60 хувь хүртэл баяжуулсан 440 килограмм орчим ураныг нь гэмтээсэн гэсэн ч Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ) үүнийг шалгаж нягталж чадаагүй л байна. Гэхдээ Ираны баяжуулсан ураны хэмжээ 10 цөмийн бөмбөг бүтээхэд хүрэлцээтэй гэж үнэлдэг юм. Америкийн цохилт эхлэхээс өмнө Ираныг 3-6 сарын дараа цөмийн зэвсэгтэй болно гэж үзэж байв. Тэмдэглэхэд, 60 хувь баяжуулсан уран гэдэг нь техникийн хувьд зэвсэг болох түвшинд ойртсон хэмжээ биш, гэлээ ч 90 хувь болгож ахиулах нь 60 хувь болгохоос хавьгүй хялбар ажил гэнэ.
Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох нь Америкийн гол зорилго. Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс нь өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр “Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй нь энэ ажиллагааны (дайны) гол зорилго” гэж цахим сүлжээндээ бичиж байсан юм. Гэтэл Америкийн тагнуулын байгууллагын ажилтан байсан Эрик Брюэр “Иранд цөмийн зэвсэг хийхэд шаардагдах бүх материал бий, түүнийг газрын хөрсний гүнд Америкийн зэвсэг хүрч устгаж чадахааргүй нөхцөлд хадгалж буй” гэж хэлсэн байдаг.
Дайныг зогсоох талаарх шинэ саналаа Тегеран олны сонорт хүргэлээ. Арван заалт бүхий төлөвлөгөөнийхөө алинаас нь ч татгалзахгүй гэдгээ үүндээ илэрхийлжээ. “Tasnin” агентлагийн мэдээлснээр яриа хэлэлцээг шинэчлэхээр 14 заалт бүхий саналаа бас саяхан Вашингтонд уламжлав. Түүнд дайныг зогсоох баталгаа бий болгох, Америкийн бүх цэргийг бүс нутгаас гаргах, тэнгисийн бүслэлтээ зогсоох, дайны төлбөр төлөхийг шаарджээ. Мөн хоригоо цуцлах, дайны ажиллагааг бүх фронтод, түүний дотор Ливанд зогсоох, Ормузын хоолойд хяналт тавих шинэ механизм бий болгох шаардлага тавьжээ. Тэгвэл Трамп асуудлыг шийдэх хувилбарыг “Бид тэднийг дуусгах, эсвэл хэлэлцээ хийх” хэмээн тодорхойлов. Израилын тал үйл явдлын өрнөлийг ажиглаж, хэлэлцээ тасарсан тохиолдолд байлдааныг даруй эхлүүлэх гэх мэт бүх боломжит үйл ажиллагаанд бэлтгэж байна. Америк чууд довтолгооноо эхэлбэл Израил хүч хавсарна.
Тагнуулын төв газрын (ТТГ) шинжээч асан Ларри Жонсоны мэдээлснээс үзвэл Ираны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхийг санаархаад байгаа Трампад АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Дэн Кейн зөвшөөрөөгүй аж.
АНУ-ын боловсруулсан энхийн төлөвлөгөөнд Ираны өгсөн хариу Трампын дургүйг ихээхэн хүргэжээ. Иран энэ хариугаа Пакистанаар дамжуулж өгсөн байна. Иран өөрөө Америкийн тэнгисийн бүслэлт сулрах аястай уялдуулан Ормузын хоолойг үе шаттай нээх, яриа хөөрөө бүтэлгүйтсэн нөхцөлд буцааж авах болзолтойгоор баяжуулсан ураныхаа нөөцөөс гурав дахь улсад өгөх зэрэг буулт хийхийг санал болгож. АНУ, Израил хоёр ч цөмийн зэвсэг бий болгохын тулд Иран баяжуулсан уранаа ашиглаж болзошгүй гэж үзэж, түүнийг гадагш гаргахыг шаардаад байгаа юм. Цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой гэж Тегеран хэлдэг ч иргэний эрчим хүчний зорилгод шаардагдах хэмжээнээс баяжуулсан түвшин нь даваад байгаа. Орос, Хятад улс баяжуулсан уранаа “хадгалуулахыг” Иранд санал болгоод буй. Ер нь бол 2015 оны тохиролцоогоор оросууд Ираны ураны нөөцөөс нэлээдийг нь аваад явчихсан. Түүнээс гадна Иранд цор ганц байдаг атомын цахилгаан станц нь Оросын мэдэлд байдаг юм.
Дүгнээд хэлэхэд, Америк, Ираны хэлэлцээ мухардалд ороод байна. Энхийн гэрээ байгуулах тухайд Вашингтон хийгээд Тегераны байр суурь их зөрүүтэй байгаа нь үүний гол шалтгаан. Үүний зэрэгцээ дарамт шахалт үзүүлж байж Тегераны дэглэмийг буулгаж авахыг Трамп яаравчлан хичээж байгаа бол Иран өөрийн хүчинд итгэж буй. Тиймээс Ираны эрх баригчид ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа төдийгүй хатуу чанга шаардлага тавиад байна. Талууд түүгээр ч барахгүй хийх алхмынхаа дарааллыг тохирохгүй байгаа аж. Вашингтон болохоор юуны урьд Ираны цөмийн заналхийллийг саармагжуулахын тулд “түргэн, зөөлөн” тохиролцоо хийхийг оролдож байна. Цөмийн хөтөлбөрөө ядаж 10 жилээр албан ёсоор түр зогсоож, өндөр баяжуулсан уранаа АНУ-ын хяналтад өгөхийг Трамп шаардах болсон. Тегеран болохоор сунжруулах тактик хэрэглэж байна.
Яриа хэлэлцээ урагшлахгүй болсныг Ираны удирдагчид Трампад итгэхгүй байгаатай холбон шинжээчид тайлбарлаж байна. Ийм нөхцөлд Иран дундыг баримталсан хамгаалагч хайж буй. Гадаад харилцааны сайд нь Бээжинд очиж зөвшилцсөний дараа Хятадыг ирээдүйн аливаа яриа хэлэлцээний баталгаа болгохыг хүсэв. Түүнчлэн аливаа тохиролцоог НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн түвшинд баталгаажуулах нь зүйтэй гэж Иран үзэж байна.
Цаг хугацаа өөрийнх нь талд гэдэгт Трамп эргэлзэхгүй байхад Америкийн засаг захиргаа эцсийн эцэст “залхаж”, гал зогсоохын тулд санхүү, улс төрийн дорвитойхон буулт хийнэ хэмээн Иран найдаж, зөрчил тэмцлийг сунжруулахад бэлэн байгаа юм. Ираны алагдсан удирдагчийн хүү Можтаба Хаменей шархадсанаасаа хойш хэдэн сар хүмүүсийн өмнө гарч ирээгүй. Гэхдээ Америкийн тагнуулын байгууллагынхны үзэж буйгаар Ираны байлдааны стратегийг боловсруулахад гол үүрэгтэй байсаар байгаа.
Ормузын хоолойг нээхийг олон улс, хүн шаардаж байгаа нь зүй ёсных. Хятадын удирдагч Си Зиньпин ийм мэдэгдэл хийж, гал зогсоохыг уриаллаа. Европын Холбооны гадаад бодлогын удирдагч Кая Каллас Ормузын хоолой мэт усан замын гарц олон улсын эрхийн дагуу нээлттэй, чөлөөтэй байх ёстой хэмээн бичжээ. Үүний хариуд Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багам “Америк-Израилын түрэмгий дайныг ам нээлгүй дэмжиж, иранчуудын эсрэг үйлдэж буй зэрлэг явдалд нь хараагүй мэт хандаж байж Европын Холбоо бас олон улсын эрх ярина гэнэ ээ” хэмээн хэлсэн байх юм.
АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Тодд Бланшад Трамп хэсэг мэдээлэл, нийтлэл өгч, мөрдөн шалгахыг шаардсан гэж “Wall street journal” мэдээлэв. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр дайн эхлүүлэх талаар шийдвэр гаргасан үйл явц, тэр үед зөвлөхүүдийнх нь өгсөн саналын тухай нарийн ширийнийг өгүүлсэн материал тэдгээрийн дотор байсан нь Трампын хилэнг үлэмж бадраасан, чухал нууц мэдээлэл алдагдсан нь урвагчтай холбоотой, үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулж болохуйц гэж тэрбээр үзжээ. Нэгэн өгүүлэлд бичсэнээр генерал Дэн Кейн болон Пентагоны бусад ажилтнууд сунжирсан дайн хийх нь эрсдэлтэй гэж Ерөнхийлөгчид анхааруулсаар байхад тав хоногийн дараа хоёрдугаар сарын 28-нд Дональд Трамп дайныг эхлүүлжээ.
Р.Жаргалант