Монгол Улс 2025 онд авлигын үзүүлэлтээр 182 орноос 124 дүгээрт жагсаж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 10 байраар ухарсан. Мөн Хүний эрхийн индексээр 2024 онд дөрвөн байраар хойшилж, 142 орноос 69-д бичигдэж байв. Энэ нь манай улсын хууль тогтоомжид гажуудал үүссэний илрэл хэмээн хуульчид үздэг. Өөрөөр хэлбэл, манай улс хууль, эрх зүйн тогтолцооны сууриа босгон, эрх, үүргээ хуваарилж чадсан ч хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг орхиг дуулсаар ирсний гэрч гэнэ. Хууль хэрэгжүүлэх явцад хүний эрх зөрчигдөх, авлига, хээл хахууль цэцэглэдэг явдал газар авсан. Шүүх нь хараат бус, авлига багатай улс орныг хууль, эрх зүйн орчин сайн бүрдсэн гэж тодорхойлдог байна.
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legalinfo.mn-д Монгол Улсад одоогоор 938 хууль үйлчилж буйг тэмдэглэжээ. Эдгээрээс 400 орчим нь нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулж байгаа бол 200 гаруй нь нэг удаагийнх аж. Ширэнгэд аль хүчтэй нь амьд үлддэг, харин хүний нийгэмд тэгш эрх, шударга хуваарилалт, хууль дээдлэх, хэрэгжүүлэх явдал нийтийн харилцааг зохицуулж байдаг. Гэтэл манай улсын хууль тогтоомж үхрийн бөөр шиг алаг цоог байхын дээр цаасан дээр л “үйлчлэх” нь бий. Хуулийг ийн нэр төдий хэрэгжүүлдэг, эсвэл огт дагаж мөрдөхгүй байгаа нь чанар, эсвэл хэрэглээтэй нь холбоотой юу.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ НИЙСЛЭЛИЙН ТАТВАР БҮРДҮҮЛЭГЧ БОЛСОН УУ
Манай улсад хамгийн сайн хэрэгжүүлдэг нь Зөрчлийн тухай хууль. Уг хууль нь нийслэлийн төсвийг бүрдүүлдэг татвар болж хувирсан хэмээн хуульчид шүүмжилдэг. Эл хуульд бүх салбарын хуулийн торгох хэсгийг “таслаад” нэгтгэчихсэн учир нийслэлчүүдийн халаасыг сэгсрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж буй. Энэ оны эхний дөрвөн сард гэхэд л нийт 840 мянга гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Эдгээрийн дийлэнх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөнтэй холбоотой аж. Тухайлбал, дээрх хугацаанд 2.6 сая хүн замын хөдөлгөөнд оролцохдоо ямар нэгэн асуудал үүсгэж, торгууль төлжээ. Үүний тухайд хуульч, судлаач Г.Оюунболд “Манай улсад хууль зөрчих явдал жилд дөрвөн сая орчим бүртгэгддэг. Үүний 90 орчим хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөнтэй холбоотой торгууль эзэлдэг. Энэ нь Азийн орнуудад байдаг л дундаж үзүүлэлт. Гэхдээ бусад хуулийн хувьд хэрэгжүүлэлт хангалтгүй байгаа шалтгаан нь харилцан уялдаа, процесс тодорхойгүйтэй холбоотой. Эрх, үүргийг нь заагаад, ийм харилцааг зохицуул гээд орхичихсоноос цаашид хэн ямар үүрэг хүлээх, шийдвэрийг нь хэн хянах вэ гэдэг процесс бичигддэггүй. Нарийн заалт байхгүй учраас хэт ерөнхий, мөлгөр. Үүний уршгаар хуулийг үзэмжээр хэрэгжүүлж, өөр өөрөөр ойлгож хэрэглэх, эсвэл огт хэрэгжүүлэхгүй байх тохиолдол элбэг.
Өөрөөр хэлбэл, социализмын үеийн хуульд эрх, үүргийг л хуульчилсан байдаг. Тухайн хуулийг хэрхэн хэрэгжүүлэхийг ямар нэгэн албан тушаалтан мэддэг гэсэн үг. Харин өнөө үед хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. Үндэсний хууль зүйн бичиглэлийн онцлог тогтоогүй, бусад орны хууль тогтоомжийг дуурайн, хуулж бичсэн байдаг нь иргэд ойлгоход төвөг учруулдаг. Иргэд хууль уншдаггүй, зөрчсөнийхөө дараа л мэддэг. Тиймээс хуулийг батлахаас урьтаж, мэдээллээ ил тод өгснөөр хэрэгждэг юм. Жишээ нь, хуулийн этгээдийг бүртгэлээ гэхэд ямар маягтыг хэрхэн явуулбал хурдан үйлчилгээ авч болохыг тодорхой мэдээлснээр тухайн иргэн өгөөжийг нь хүртэнэ. Хуульд заасан үйл ажиллагаагаа ил тод, хүртээмжтэй хүргэснээр хэрэгжилтийг хангаж чадах юм. Нөгөө талаас хууль хэрэгжүүлдэг механизм хангалттгүй байна. Манай хуулиуд зүйл, заалт цөөн, хэмжээний хувьд жижигтээ ордог. Бусад улсын хууль дэлгэрэнгүй буюу гарц гаргалгааг нь тодорхой бичсэн байдаг. Хэдийгээр цөөн зүйл, заалттай хуулиар зохицуулдаг улс орон бий ч тэдгээр нь хоорондоо сайн уялдаа холбоотой. Нийгмийн харилцааг зохицуулахад 1000-аас доошгүй хууль байж бүрэн зохицуулдаг гэж үздэг” гэв.
Тэгвэл хүний хувь заяаг дэнсэлдэг шүүгчид хуулийн дагуу шийдвэр гаргадаг уу гэх асуудал үргэлж маргаан дагуулж ирсэн. Энэ талаар хуульч П.Баттулга “Шүүх хэрэг, маргааныг шийдвэр лэхдээ парламентаас буюу УИХ-аас баталсан хуулийг хэрэглэдэг. Тэр хууль нь чанаргүй, олон салаа утгатай, түргэвчилсэн байдлаар яаралтай баталсан, шинжлэх ухааны үндэслэлгүй байвал тэрийг хэрэглэж, шударга шийдвэр гаргана гэдэг хэцүү. Ижил хэрэгт ялгаатай шийдвэр гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл, УИХ ойлгомжгүй, салаа утгатай, чанаргүй “бүтээгдэхүүн” гаргаад байвал үр дүн нь ч тийм л байна. Шүүх шударга шийдвэр гаргахад хэрэглэж буй хуулийн чанарын асуудал зайлшгүй яригдана” хэмээсэн юм.
Манайд эрх мэдэлтнүүд хуулийг “хулгай”-гаар батлах явдал жирийн үзэгдэл шиг даамжирсан. Олон нийтийг хамарсан баяр, наадмын өмнөхөн УИХ-ын гишүүд эрх ашиг, таалалдаа нийцсэн хуулиа бушуу, түргэн баталж, өөрт ашигтай нэмэлт, өөрчлөлт оруулсныг иргэд хожим мэдэх тохиолдол бишгүй. Гэсэн атал иргэдийн эрх ашгийг хамгаалсан, олон нийтэд хүлээлт үүсгэсэн хуулийг “гацааж” орхидог. Энэ мэт жишээ нүдэнд илэрхий байгааг хэн хүнгүй мэддэг ч загас шиг чимээгүй өнгөрдөг нь авлигыг улам өөгшүүлж, иргэдийг улам туйлдуулж байна.
“ХЭРЭГЖҮҮЛДЭГ СОЁЛ ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЛДАГДСАН”
Хууль хүн бүрд тэгш үйлчлэх, төрийн байгууллагынхан ил тод, шүүхийн байгууллагын хараат бус байдал, авлигын түвшин бага, иргэний болон өмчлөх эрх хамгаалагдсан зэрэг нь тухайн орны эрх зүйн байдлыг тодорхойлдог. Дэлхийд авлига хамгийн бага орны нэг бол Финланд. Тухайн улсад төрийн байгууллагууддаа иргэд нь итгэдэг, шүүх, цагдаа, төрийн алба нь улс төрөөс харьцангуй хараат бус, боловсрол, нийгмийн хамгаалалтай уялдсан хууль, эрх зүйн тогтолцоотой гэнэ. Мөн Сингапур маш хатуу хуультай, үүнийгээ ч “чанга гараар” хэрэгжүүлж чаддаг байна. Бизнесийн орчин сайтай нь хууль нь иргэддээ ээлтэйг харуулдаг.
Харин манай улсад хуулийг яагаад үнэгүйлдүүлдэг талаар хууль зүйн ухааны доктор, судлаач Б.Батзоригоос тодруулсан юм. Тэрбээр “Хуулийг бүхэлд нь гинжин хэлхээ гэж үзвэл нэг хэсгийг нь ган төмрөөр, нөгөөг нь ширэм, зэс, алт гээд адилгүй металлаар хийвэл тасарна л гэсэн үг. Угтаа ган төмрөөр л хийх ёстой бол бүх гогцоо нь тийм байх хэрэгтэй. Ингэж хуулийн тогтолцоог бүрдүүлэх байтал АНУ, Канад, ХБНГУ гээд өөр өөр улсын хамгийн сайн гэсэн зохицуулалтуудыг аваад хууль болгон бичээд байхаар систем өөр хоорондоо таарч өгөхгүй байгаа юм. Гэхдээ Олон улсын гэрээ, конвенц, зарим улсын тодорхой системд ингэж оруулах шахалт үзүүлдэг. Үүний тод жишээ нь, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах байв. Энэ нь авлигыг хязгаарлахад чиглэгддэг. Жишээ нь, “Монголд шинэ төрлийн автомашин оруулаад ирчихлээ, замаа засаарай” гэхээр засахгүй явсаар өнөөх нь эвдэрчихдэгтэй адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууль сахиулагч, хэрэгжүүлэгчдийн сэтгэлгээ нь болж өгөхгүй байна. Уг нь хуульд асуудлыг шийддэг гарц маш олон. Гэтэл манайхан “болохгүй, бүтэхгүй” гэж шалтагладаг. Тэгээд өөртөө хялбараар, эсвэл тодорхой зорилгоор хуулийг буруугаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 буюу “худал мэдээлэл тараах” гэдэг зүйлээр сэтгүүлчид бараг шийтгэгдээгүй. Хамгийн гол нь энэ заалтаар түрээ барьж, цагдаа нар сэтгүүлчдийг дуудаж авчраад дарамтлах тохиолдол цөөнгүй. Хуульд 22.00 цагаас хойш дуудаж болохгүй гэхээр 21.59 цагт утас цохих жишээний. Түүнчлэн ажил, гэр бүл, найз нөхдийг нь хүртэл айлгаж, ичээх зэргээр хуулийг буруугаар ашигладаг.
Өөр хэт туйлширсан нэг жишээ хэлье. Нэг цэрэг хоёр өөр даргын тушаал биелүүллээ гэж бодъё. Даргадаа саймширдаг нөхөр бол нөгөө хүнийг эвтэйхэн аргалаад аваад очно, харин дургүй нэгэн бол янз бүрийн байдалд оруулж байгаад үсдэж чирээд, хүч хэрэглээд аваад ирэх жишээтэй. Ингэж хуулийг хоёр өөрөөр хэрэгжүүлж болж байна. Хуульд бүх зүйлийг гарын авлага шиг заах боломжгүй. Түүнийг сургалтаар, байгууллагын соёл, удирдлага зохион байгуулалт гэх мэт зүйлээр сургадаг. Манайд нэг ёсондоо хууль хэрэгжүүлдэг соёл төрийн бүх шатанд байхгүй болчихсон. Иргэнээ хамгаалдаг, урамшуулдаг, дэмждэг, хориглодог системээр буюу сануулдаг сэргийлдэг, нөгөө талаас шийтгэдэг, албаддаг хуулийн тогтолцоо ажиллах ёстой. Гэтэл урамшуулдаг, дэмждэг систем нь байхгүй “зодож хүмүүжүүлдэг” хуультай. Хүмүүс түүнд нь дасчихсан, торгодог системээ өөрчлөөч гэхийн оронд “Арай бага торгооч” гэдэг. Урамшуулдаг, дэмждэг тогтолцоо сул учраас энэ нь авлигыг хөөргөдөөд буй юм. Хууль системээрээ бүхэлдээ ажиллах ёстой. Иргэдээ л болохгүй гээд буруутгаад байдаг. Тэднийг хууль унш гэсэн ч тэгэх нь юу л бол, төрийн байгууллагаас үйлчилгээ авахын тулд заавал бичиг үсэг тайлагдсан байх ч албагүй юм. Харин хууль сахиулж буй 10 мянга гаруй хүний сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Хууль бол дур зоргоороо байхыг хүсдэг зан үйлийг нийтийн эрх ашигт нийцүүлдэг систем. Гэхдээ дан ганц хүч хэрэглэж биш” гэв.