Филиппиний хууль тогтоох дээд байгууллага болох Сенатын ордонд өчигдөр буун дуу гарсны улмаас тухайн бүсэд хөл хорио тогтоож, хамгаалалтаа чангатгав. Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)- ээс саатуулах шийдвэр гаргасан Сенатын гишүүн Рональд Дела Росаг албадан баривчлах ажиллагаа ийнхүү зэвсэгт мөргөлдөөн болон даамжирчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өчигдөр 10.00 цагийн орчимд ордны хонгилд буун дуу сонсогдож эхэлсэн бөгөөд энэ нь хууль сахиулах тусгай тасгийнхан болон сенаторын хувийн хамгаалагчдын хоорондох мөргөлдөөн байж болзошгүй гэнэ. Ерөнхийлөгч асан Родриго Дутертэгийн ойрын холбоотон, “цуст дайн” хэмээх хар тамхины эсрэг ажиллагааг удирдаж байсан Рональд Дела Роса баривчлагдахаас зайлсхийж, Сенатын ордон дахь албан өрөөндөө өнгөрсөн даваа гарагаас орогнож эхэлжээ. Тэрбээр ОУЭШ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг эсэргүүцэхийн зэрэгцээ дэмжигчдээ хууль сахиулагчдын эсрэг тэмцэхийг уриалсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан Сенатын ордны ажилтнууд болон бусад гишүүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, ордны эргэн тойронд цэргийн хамгаалалт гаргаад байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү үйл явдал нь Филиппиний үе үеийн засаг захиргаа болон олон улсын хүний эрхийн байгууллагуудын хооронд олон жил үргэлжилсэн зөрчилдөөн эцсийн цэгтээ тулсныг илтгэж буй аж.
Э.Сүйлэн