Хуучнаар “Монголросцветмет”-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөрт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд эрүүгийн хариуцлага ногдууллаа. Уг нь тус шүүх өмнө нь эл хэргийг хэлэлцээд шүүгдэгчийг цагаатгаад байсан юм. Эл шийдвэрийг нь үндэслэлгүй гэж үзэн прокурор З.Хүслэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр дахин хэлэлцсэн байна.
О.Баттөмөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2019 оноос хойш шалгасан бөгөөд өмнө нь шүүх бас цагаатгаж байсан юм. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31-ний хооронд “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашжээ. Энэ хугацаандаа 2019 оны гуравдугаар сарын 7-нд 800 сая төгрөгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Зайсангийн амны Тэнгэр рашааны гудамж дахь “Сөүл рояал каунти” хотхоны 312 дугаар байранд 200 ам метр талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 23, 24 тоот автозогсоолыг ээжийнхээ нэр дээр худалдан авчээ. Улмаар төлбөрийг нь ам.доллар болон төгрөгөөр шилжүүлж, хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэмээн буруутгагдсан юм. Нийслэлийн прокурорын газраас О.Баттөмөрт Эрүүгийн хуулийн 22.10- 1 дэх хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалан өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн юм. Улмаар О.Баттөмөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгох ял оноож, 200 ам метр талбай бүхий орон сууц, зоорийн давхрын автозогсоолуудыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.