Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэргийг тус аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйл чилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 саяар худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгсөн гэнэ. Ингэснээрээ иргэн С.Думаа, Ч.Содном нарт эдийн засгийн давуу байдал бий болгосон хэмээн буруутгагджээ. Нийслэлийн прокурорын газраас А.Ишдорж, Ц.Хоролсүрэн нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэмээн яллан дүгнэлт үйлдсэн байна.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүх тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 4-нд хэлэлцээд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, А.Ишдоржид нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 12 сая, Ц.Хоролсүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хязгаарлан 5.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Мөн иргэний хариуцагч Ч.Содномоос ус тээвэрлэн түгээх автомашины үнэ болох 72 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох, бусдаас хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан билээ. Мөн Засаг даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө явган зорчигч 57 настай И-г “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч амийг нь хохироосон хэрэгт нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх жолоо барих эрхийг нь гурван жил хасаж, нэг жил тэнсэн харгалзах ял шийтгэж байв.