Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд Үндсэн хуулийн цэцэд онцгой бүрэн эрх олгохоор тусгасан билээ. Тухайн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн бол парламентаар хэлэлцэхгүйгээр шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ хэмээсэн юм. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүдийн ёс зүйг шүүх Цэцийн гишүүд нь өөрсдөө эл шалгуураа хангах уу гэсэн маргаан гарсан. Хэдийгээр УИХ-ын тухай хууль одоо “тоосонд дарагдаад” байгаа ч энэ бол яах аргагүй хөндөх ёстой сэдэв билээ. Үндсэн хуулийн манаач, Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэх мэт үгс эдүгээ итгэл үнэмшил төрүүлэхээ хэдийн больжээ. Учир нь тус байгууллагынхан улс төрчдийн, эрх баригчдын захиалгаар ажилладаг, бүлэглэлд үйлчилдэг гэсэн хардлага төрүүлээд удаж байна. Мөн дарга нар нь ёс зүйгүй хэрэгт орооцолдоод Цэцийн нэр хүнд бүр л унаад буй.
ДАРГЫН НЬ БҮРЭН ЭРХ ДУУССАН, НЭГ СУУДАЛ ХООСОН ЦЭЦ
Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүнтэй. Тэднийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр гурваар нь санал болгож, парламентаар зургаан жилийн хугацаагаар томилдог. Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Ц.Цолмон нарыг УИХаас, Э.Энхтуяа, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбүрэн, О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарыг Дээд шүүхээс томилсон юм. Гэхдээ Л.Өлзийсайхан 2025 оны арваннэгдүгээр сард УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Түүний орны хүнийг одоо болтол санал болгоогүй байна. Уг нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.4- т “Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд нь санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” хэмээн заасан. Гэтэл хагас жил өнгөрчихжээ. Мөн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрх дуусаад жил болох нь. Түүнийг 2019 оны зургаадугаар сард томилсон юм. Гэтэл УИХ-аас өнөөг хүртэл дараагийн хүнийг томилсонгүй, энэ талаар сураг ажиг ч гарсангүй. Зүгээр л түүнийг суудалд нь “мартчихсан” байна. Тэднийг УИХ-аас санал болгосон, тэгэхээр одоо орны хүнийг ч парламент шийднэ. Харин УИХ нь спикерээ хэдэнтээ сольж, халаа сэлгээ ярьсаар Цэц рүү анхаарах завгүй байгаа бололтой юм. Эсвэл солих хүсэлгүй байна уу.
Хамгийн сүүлд тэд 2025 оны аравдугаар сард Их суудлын хуралдаанаа дуулиантайгаар хийсэн юм. Үүгээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан чуулганы тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг тогтоож, хурал удирдсан Х.Булгантуяа гишүүний алдааг шүүсэн билээ. Тэр үед бүрэн эрх нь дууссан даргатай хуралдааны шийдвэр хүчинтэй биш хэмээн МАН-ын зарим бүлэглэлийнхэн маргаж байв. Их суудлын хуралдаан эцсийнх байдаг учраас Г.Занданшатарын Засгийн газрын бүрэн эрх сэргэж, хууль зөрчсөн гишүүн Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь огцруулсан. Ямартай ч одоо Цэцийн ирц дутуу болсон. Тэгэхээр тэд Их суудлын хуралдаанаа хийж чадах уу гэсэн асуулт гарна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.2-т зааснаар Их суудлын хуралдааныг 7-9 гишүүнтэй хийдэг аж. Мөн уг хуулийн 13.3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүнийг огцруулах, эгүүлэн татах, өргөсөн тангаргаасаа няцсан гэх үндэслэл байгаа, эсэхийг тогтоохдоо заавал Их суудлын хуралдаанаар шийдэх юм байна. Тэгэхээр хэдийгээр бүрэн бүрэлдэхүүнтэй биш ч долуулаа сууж байгаад л УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шийдэж болно гэсэн үг. УИХ-ын тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг яг байгаагаар нь буюу Цэцэд бүрэн эрх өгснөөр нь баталбал шүү дээ.
ЧОНОНД БҮҮ ХОНЬ ХАДГАЛУУЛ
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдөө ёс зүйн шалгуурт тэнцэх үү. Хууль тогтоогчдын ёс зүйг шүүх гэж буй хүмүүс өөрсдөө ямар ч өөгүй байх ёстой. Хамгийн чадварлаг, мэдлэгтэй гэсэн шилдэг хуульчдыг уг байгууллагад томилдог гэдэг ойлголт бүдгэрээгүй байна. Нэг хэсэг тэтгэвэртээ гарсан улс төрчдийг “амраадаг” газар болж хувираад байсан ч одоогийн бүрэлдэхүүн нь харьцангуй залуужсан. Мөн харьцангуй чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн хуульчид багтаад буй. Эдүгээ Цэцийг даргалж буй Г.Баясгалангаас асуултын хариуг хайя. 2024 оны хоёрдугаар сарын 27-нд олон нийтийн сүлжээгээр түүний ажлын байрандаа архидан согтуурсан бичлэг цацагдсан юм. Олон нийт хэдий дургүйцэн шүүмжилсэн ч цагдаагийн байгууллагаас түүнийг шалгаагүй, хариуцлага тооцоогүй байна. Учир нь Цэцийн гишүүн халдашгүй бүрэн эрхтэй тул прокурорын зөвшөөрөлгүй шалгах боломжгүй гэнэ.
УИХ-ын гишүүдийг халдашгүй, бүрэн эрхийнхээ ард хууль бус асуудал, ёс зүйгүй үйлдлээ нууж байна гэж бид шүүмжилдэг. Бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа үл тоож, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн учраас МАН доторх 1980-аад оныхон эгүүлэн татагдах эрсдэлтэй болоод буй. Мөн ёс зүйгүй гишүүд ч үүнд багтана. Тэгвэл Цэцийн дарга Г.Баясгаланд УИХ-ын ёс зүйгүй гишүүдээс дээрдэх юм алга. Ийм байж тэр яаж “өөртэйгөө адил” хандлагатай хүмүүсийг шүүж, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах билээ. Өмнө нь Цэцийн дарга байсан Д.Одбаяр БНСУ-ын онгоцонд үйлчлэгч бүсгүйн биед халдаж, олон улс даяар шившгээ дэлгэж байв. Цэцийн гишүүд дотроосоо даргаа сонгодог хуультай. Гэтэл тэд хамгийн ёс зүйгүй нэгнээ л дарга болгодог “уламжлал” тогтсон мэт харагдана. Бусдын ёс зүйг шүүх гэж буй хүмүүс өөрсдөө нэр цэвэр, өндөр шалгуурыг хангасан байх учиртай.
Үндсэн хуулийн цэц бол бие даасан, хараат бус ажиллах үүрэгтэй, статустай байгууллага. Гэвч энэ үүрэг, статусаа хэрэгжүүлж чадахгүй байгаа нь нууц биш. Даргаас нь бусад одоогийн бүрэлдэхүүнд нэр холбогдсон ноцтой зөрчил байхгүй ч нэр дэвшүүлсэн, санал болгосон байгууллагынхаа эрх ашгийн төлөө “захиалгаар” ажилладаг гэсэн хардлага байнга дагасаар л байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ талаар “Монголын төрийн тогтолцооны гол гажуудлын эх үүсвэр нь хууль тогтоох болон хянан шалгах институцуудын хараат бус байдал алдагдаж, улс төрийн зорилго, фракцын сонирхолд үйлчилдэг болсон явдал. Үндсэн хуулийн цэцийн бие даасан байдал алдагдаж, “халаасны байгууллага” болчхоод байна” хэмээсэн нь бий. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үед ч ийм хардлага эрчимжсэн. Учир нь тэр УИХ-ын дарга байхдаа Цэцийн одоогийн даргыг томилж байсан юм. Уг нь Д.Амарбаясгалангийн үед түүний бүрэн эрх дууссан. Гэвч намынхаа дотоод дахь эрх мэдлийн төлөөх тэмцэлд улайраад, Цэц рүү анхаарах чөлөө гараагүй бололтой. Харин явуулсан “улс төрийн акц” нь бүтэлгүйтэж, Цэцээр шүүгдэх үед тэрбээр толгойгоо барьсан биз ээ. Г.Баясгаланг сольж, өөрийн хүнээ зүтгүүлсэн бол гэсэн харамсал байсан ч байж мэдэх.
1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцийн даргаар Б.Пүрэвбямба, Ж.Амарсанаа, Б.Чимид, Ж.Бямбаа, О.Амгаланбаатар, Д.Одбаяр, Н.Чинбат, Г.Баясгалан нарын 10 хүн ажилласан юм билээ. Манай нэртэй, ёс зүйтэй хуульчдын нэрийг Д.Одбаяр анх эвдэж, эдүгээ Г.Баясгалан “шийрийг нь хатаасан” байх нь. Гэхдээ ёс зүйгүй дарга нарын балгийг үргэлжлүүлэх ёсгүй юм. Цэцийн бүрэлдэхүүн өмнөх алдаанаасаа суралцаж, зөв хүнээ сонгох хэрэгтэй. Дахин алдах эрх тэдэнд үгүй.
Нөгөө талаар УИХ-ын тухай хуулийн төсөл гацаанд орсон нь завшаан болж байна. Учир нь УИХ-ын даргаа сольж, “хор найруулга” нь дууссан тул парламент одоо Цэц рүү анхаарлаа хандуулна биз ээ. Бүрэн эрх нь дууссан, ёс зүйн асуудалтай гишүүн-даргыг нь сольж, түүний оронд нэр цэвэр хүн гарга. УИХ-ын дарга С.Бямбацогт энэ талаар санаа тавьж, нам, бүлэглэлийн захиалгаар биш, чадварлаг, нэр цэвэр, бие дааж, бусдын нөлөөнд автахгүй ажиллахуйц хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй байна. Сул орон тоонд ч шалгуур ижил. Үүний дараа Цэцийн гишүүд бүрэлдэхүүн дотроосоо зөв хүнээ даргаар сонгох хэрэгтэй. Цэцийн даргыг гурван жилийн хугацаатай сонгож, нэг удаа сунгаж болохоор хуульд заасан юм билээ. Мөн дарга нь тухайн байгууллагын нүүр царай болж, буруу, зөв үйлдлийнх нь үр дүнг хамт олноороо үүрдэг. Харин тэр болтол чононд хонь хадгалуулахгүй байсан нь дээр. Ёс зүйгүй дарга бусдын ёс зүйг шүүх эрхгүй.