Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав 1884 онд Засагт хан аймгийн нутаг, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумд мэндэлжээ. Тэрбээр таван настайдаа Дилав хутагтын хувилгаанаар тодорсон бөгөөд долоотойдоо равжун, 21-тэйдээ гэцэл сахил хүртэж, улмаар 25 насандаа цорж, 29-тэйдөө самади багш цол хүртсэн байна. Ердөө 12 насандаа төвөд, монгол хэлнээс судар, ном орчуулах эрдмийг бүрэн эзэмшсэн нь түүнийг бурхны шашны гүн ухаан, төгс гэгээрлийн амьд биелэл байсныг илтгэх аж.
Тэрбээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеэр баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Түүний байгуулсан гавьяаг төрөөс өндрөөр үнэлж, 1923 онд Улиастайн сайдаар томилж байв. Гэвч 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, “Эрэгдэндагвын 38-ын хэрэг”-т хилсээр холбогдон баривчлагдаж, тэнсэн харгалзах ял сонсжээ. Ингээд 1931 оны хоёрдугаар сарын 26-нд эх орноосоо дүрвэн гарч, Өвөр Монгол болон Төвөдөөр нутаглаж байгаад 1932 онд Бээжин хотноо нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимортой танилцсан нь түүний амьдралд нэгэн шинэ хуудас нээсэн юм.
Хэдийгээр Дилав хутагт эх орноосоо алс хол амьдарсан ч Монголын тусгаар тогтнол, төрийн болон шашны үйл хэрэгт насан эцэслэтлээ тууштай зүтгэсэн билээ. Түүний АНУ дахь амьдрал, итгэлт анд Оуэн Латтимортой тогтоосон нандин нөхөрлөл нь Монгол-Америкийн дипломат харилцааны гүүр болсон гэж үздэг. Энэхүү түүхийн нандин хэлхээ болон тэдний хамтын үйл хэргийг нийтэд таниулах зорилгоор “Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үзэгчдийн хүртээл болгож байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс Дилав хутагтын хэрэглэж байсан хөөргийг эх оронд нь албан ёсоор буцаан авчирч, музейн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Уг үзэсгэлэнд дэлгэсэн түүхэн ховор баримтууд болон нээлтийн үйл ажиллагааг манай гэрэл зурагчин Э.Харцагын дуранд буулгаснаар хүргэж байна.
Энэхүү үзэсгэлэнд дотоод, гадаадын архив, музей, номын сан болон хувь цуглуулагчдын хадгалж байсан, урьд өмнө олны хүртээл болгоогүй ховор нандин эд өлгийн зүйлсийг дэлгэснээрээ онцлогтой. Тухайлбал, АНУ-ын Харвардын их сургуулийн Пийбоди археологи, угсаатны зүйн музей, Жонс Хопкинсын их сургуулийн архив, Конгрессын болон Шведийн Уппсала их сургуулийн номын санд хадгалж байсан түүнтэй холбоотой баримт сэлтийг анх удаа нийтэд толилуулж буй. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Завхан аймгийн музей, Үндэсний номын сангийн ховор баримтуудаас гадна Оуэн Латтиморын үр ач нараас 2024, 2026 онд Америкийн Монгол судлалын төвд хандивласан түүхэн зургийн цомгийг дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.