Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2013 оны БАЛДОРЖ шагналд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Жамъян-Очирын Тэгшжаргал тэргүүлж, “Салхи биднийг хөтөлнө” цуврал нийтлэл, “Луугийн атган дахь цаасан шувуу” сурвалжилгаараа гранпри хүртсэн юм.
Ж.Тэгшжаргал
Аз жаргалаас арван цагийн зайд
Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг энэ хувьсал сайныг саартай ньсүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол. Олз, гарзын альньтүлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг ньхийх бүрэн эрхийг мэргэн уншигч танд өөрт чиньүлдээв.
Тэр мөрөөдлийн амьдралаасаа яг арван цагийн зайд буйгаа мэддэг байв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Хүн амынх нь тоо сая хол давсан, дэндүү олон машинтай учраас замын түгжрэл хотынхны хувьд асуудал болж буй тухай мэдээ зурагтаар байнга л гарна. Хөдөөгийн иргэд хотыг зорих болсноор нийслэлийн гэр хорооллын айлуудын тоо хэрээс хэтэрч, нүүрсний утаа хотын агаарыг бохирдуулж байгаа талаар 17 настай Б.Хишигжаргал залхтал сонссон ажээ. Гэхдээ нийслэлчүүд энэ бүхэнд бухимдаж байгаа нь л түүнд хачин санагддаг байж. Дорнод аймгийн Матад сумын төвийн засмал замын урт нь таван км ч хүрэхгүй. Энэ зам дээр машин түгжрэх нь байтугай гурван машин зэрэг явахыг тэр харж байсангүй. Тийм болохоор замын түгжрэл гээч нь харин ч жигтэй сонин санагдаж, хот руу явах хүслийг нь бүр өдөөнө. Сүүлийн хоёр жил сумын төвд шинэ айл нүүж ирэхийг тэр хараагүй хэрнээ эзэнгүй болсон хашаа, хоосон гэрийн буурь хаана хаана шинээр нэмэгдсэнийг андахгүй. Тэр “зугтагсад” хааш одсоныг ч мэднэ. Дорнод аймгийн Матад сумаас машинаар яг 10 цаг яваад хүрэх Улаанбаатар хот руу тэд явцгаасан. Цахилгааны шугам татсан хэдий ч сум эрчим хүчинд холбогдох хүртэл хоёр жил хүлээх шаардлага гарсан тэр үед сумынхан бүр ч олноороо дайжжээ.
Оюутолгой, Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орж, Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид “Minegolia” хэмээн цоллож, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Нүүрсний Саудын Араб”, “Азийн шинэ бар” хэмээн бахдаж байх үед нийслэлээс 720 км-ийн зайтай байрлах Матад сум эрчим хүчний шугамд холбогдоогүй байлаа. Одоогоос гурван жилийн өмнө сумыг байнгын гэрэл цахилгаантай болгох яриа ажил хэрэг болж, гэрлийн шонгууд зоосон бөгөөд иргэд жигтэйхэн баярлаж, нэн түрүүнд зурагт, хөргөгч зэрэг цахилгаан бараа худалдан авч, зэхэцгээсэн байна. Гэвч нэг жил, ахиад нэг жил өнгөрөхөд мөнөөх шонгууд байрандаа байсаар атал эрчим хүч дамжуулж эхлээгүй. Энэ зуур дизелиэр ажилладаг жижиг оврын цахилгаан станц ажиллаж байв. Энэ жижиг станц 18.00-21.00 цагийн хооронд буюу сумыг ердөө гуравхан цаг цахилгаанаар хангана. Өдөржин налайсан сумын төвийн амьдрал энэ зуур буцлах бөгөөд хоолоо хийж, хувцсаа угааж, мөнөөх шинээр авсан цахилгаан бараануудынхаа шидийг үзнэ. Бас аймгийн төв, Улаанбаатарт байгаа найз нөхөд, хамаатан садан, танилуудтайгаа холбогдохыг чармайх нь тухайн үед сумд зөвхөн “Unitel’’-ийн сүлжээ барьдаг байсантай холбоотой бөгөөд дизель станц ассан үед л мөнөөх нь идэвхжидэг байж. Матад сум 22.2 мянган хавтгай дөрвөлжин км буюу бүхэл бүтэн Бельги улсынхтай дүйцэх том газар нутагтай хэдий ч энд ердөө 2494 хүн амьдардаг. Зүүн өмнөд болон хойд хэсгээрээ БНХАУ-тай, бусад талаараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнодын Булган, Баянтүмэн, Халхгол сумтай хиллэнэ. Зэргэл дээх сум уудыг бодвол Тамсагийн газрын тосны, Хөөтийн нүүрсний хоёр ч том ордтой бөгөөд хоёул эдийн засгийн эргэлтэд орсон хэдий ч сумынхны амьдралд арван жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл бараг үгүй.
18-35 насны залуучуудыг нь “Петро Чайна дачин Тамсаг”-т ажилладаг, малчин, ажилгүй гэж ердөө гурван бүлэгт хувааж болно. Учир нь сумын төвд захиргаа тойрсон нийт 20 орчим ажлын байр байдаг, гэрээрээ талх хийж зардаг ганцхан айлыг эс тооцвол жижиг, дунд үйлдвэр гэхээр зүйл байхгүй. Талхны үйлдвэртэй болсондоо сумынхан ихэд олзуурхдаг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 20-нд байнгын эрчим хүчинд холбогдох хүртлээ гэрийн боорцогоос өөр гурилан бүтээгдэхүүн иддэггүй байсантай холбоотой байх. Эл өдөр матадынхан улсын наадам болсноос ч илүү баяр хөөртэй байсан тухайгаа Б.Хишигжаргал надад ярьсан. Байнгын цахилгаантай болсон эхний хэдэн өдөр Матадын төвийн хөл хөдөлгөөн саарч, хүмүүс бүгд л гэр гэртээ бүгцгээн, эрчим хүчтэй байхын эрх чөлөөг эдэлцгээсэн бөгөөд түүний найзууд нь бүтэн 24 цаг тасралтгүй зурагт үзсэн тухайгаа нэгэндээ сайрхсан гэнэ. Мөн тэр оройдоо сумынхан бөөнөөрөө шахуу захиргааны үүдэнд шавж, Засаг дарга Ц.Наранцэцэгт баярласан сэтгэлээ илэрхийлжээ. Учир нь өмнөх Засаг дарга нар болон дөрвөн жилд нэг удаа үзэгддэг ИХ, Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн байнга ам гардаг ч ажил хэрэг болгоогүйг тэр л гүйцэлдүүлсэн аж.
Өнгөрсөн наймдугаар сард уг сумд анх удаа очихоос өмнө Матад өнөө хэр цахилгаангүй байгаа гэж цөөнгүй хүнээс сонссон байлаа. Нар дөнгөж жаргаж байх үед сумын бараа үзэгдэв. Матад сумын гүн рүү ороход гэрэлтэй айл нэг ч харагдаагүй учраас өнөө хэр гэрэлгүй байгаа гэдэгт эхэндээ итгэв. Амралтын өдөр таарсан болохоор захиргааны байр хаалттай. Хамгийн түрүүнд таарсан хүний мэндийг мэдээд “Утсаа цэнэглэх гэсэн юм, танай сумд мотортой айл бий юү” гэж асуухад “Юу гэж байгаа юм, манай сумын бүх айл цахилгаантай. Манайд очоод утсаа цэнэглэчих” хэмээгээд гэр лүүгээ дагуулаад явлаа. Эрчим хүчний шугамд эрт холбогдсон бусад сумын иргэдийг бодвол матадынхан цахилгаангүй байхын зовлонг сайн мэднэ. Тиймдээ ч бүрэнхий нөмрөөгүй л бол гэрлээ мөд асаахгүй. Түүнийг Ч.Батсайхан гэдэг бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаагаа банзаар нямбай гэгч нь тойруулж хатгасан боловч хаалга байх ёстой хэсгээ онгорхой орхижээ. Ер нь энэ сумд битүү хашаатай айл цөөн харагдсан нь мөнгөгүйдээ биш хот газрын аминчхан суртахуун суугаагүй, энэ хэрээр бие биедээ итгэдгийг нь харуулж буй хэрэг. Гэрт нь явж орвол том хүү нь зурагтын өмнө суугаад “Cartoon network” сувгаар англи хэлний хичээл заадаг хүүхдийн нэвтрүүлэг үзэж байлаа. Сумын төвийн ихэнх айл DDish-ийн тавган антентай болсон, үүгээр Монголын болоод дэлхийн 56 төрлийн суваг гардаг. Жаалхүү англи хэл мэдэх нь бүү хэл, ердөө энэ жил сургуульд орж, “А” үсэг заалгах гэж буй. Гэвч Матад сумын монгол хүү үе тэнгийн бусад ази хүүхдийн адил дэлхийг хэрсэн англи хэл, америк соёлын “түрэмгийлэл”-д өртөж эхэлсэн нь энэ. Хэдийгээр зурагтаар чухам юу ярьж буйг ойлгохгүй ч тэдний хэлээр ярьж, эдэлж, хэрэглэж буйтай ньзэргэцэх хүсэл тархинд нь гүн бат шингэж буйг тэр яахин анзаарах билээ.
Монгол Улс Хойд Солонгос шиг хаалттай орон биш учраас мэдээллийг бүхий л сувгаар чөлөөтэй авдаг. Харин энэхүү чөлөөт мэдээллийн тэнүүлч салхи монголчуудын дээлийн хормойг сэвэлзүүлж, суугаа газраа тогтож ядах, шуудхан хэлбэл тоонотоосоо зугтах хүсэлд хөтөлж байна. Хөдөө, сум, аймаг, хот гэж ялгахгүй эрчим хүчинд холбогдож, телевизийн суваг барьдаг газар бүрээр энэхүү салхи сэвэлзэнэ. Хаашаа ч юм явчихмаар, сууж үлдсэнд орвол нүүсэн нь хожоотой ч юм шиг...
Цусанд нь буй нүүдэлчин араншин ингэж л сэрдэг бололтой. Нүүдэлчид богино хугацаанд мэдээлэлжиж, байгаа орчин нь “диваажин” биш гэдгийг гадарлаж эхэлснийг хөгжлийн хурд гүйцсэнгүй. Хөдөөгийн ихэнх сумд цаг хугацаа яг л 1970 он хүрээд зогссон мэт уйтай дүр зураг харагдана. Байнгын эрчим хүчтэй болсноос хойш Б.Хишигжаргал телевизээр солонгос савангийн дуурь шимтэн үздэг болжээ. Гол баатрын өмссөн хувцас, хэрэглэж буй эд зүйлс, гэрийнх нь тавилга, өндөр шилэн барилгууд, дүүрэн модтой гудамж, замаар сүлжилдэх гоёмсог машин нь киноны үйл явдлаас ч илүү сонирхлыг нь татна. Энэ бүхэн эхэндээ охины сэтгэлийг соронзон мэт татдаг байснаа сүүлдээ уур цухлыг нь төрүүлдэг болов. Учир нь солонгос кинонд гарч буй эдгээр дүрслэлээс Матадын амьдрал эрс ялгаатай байлаа. Сумын Соёлын төв хоёр жилийн өмнө үүдээ хаасан нь төсөв мөнгөгүй, дээр нь боловсон хүчингүй болсонтой холбоотой. ATM, интернэт кафе, баар, тоглоомын талбай, кофе шоп зэрэг орчин үеийн суурин газрын хөгжлийг илтгэх байгууламжуудаас нэг нь ч үгүй. Матадад байхгүй зүйлсийг дурдсанаас байгааг нь тоолоход амар.
Айлуудын гэрээс гадна хүнс, барааны 10 орчим дэлгүүр, талхны цех, халуун усны газар, шатахуун түгээгүүр, хоёр өрөөтэй зочид буудал, дунд сургууль, цэцэрлэг, банк, холбоо, Соёлын төв тус бүр нэг бий. Эндээ хамгийн өндөр барилга болох гурван давхар цэцэрлэгийн байшингаас сумын төв бүхэлдээ харагдана. Ердөө энэ хэдэн баримт л 17 настай охиныг бачууруулах хангалттай шалтгаан байжээ. “Телевиз тогтмол үздэг болсноос хойш би өдөр бүр Улаанбаатар луу явах тухай мөрөөддөг байлаа. Гэрэлгүй байх үед манай сумын хөгжил яагаад ийм буурай, ядруу байгаа тухай эргэцүүлдэггүй, бусдын амьдрал ер нь иймэрхүү л байдаг болов уу гэж боддог байсан” хэмээн тэрбээр хожим Улаанбаатар хотод ирсэн хойноо надад ярьсан юм.
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит есөн жилийн дунд сургууль 174 сурагчтай. Энэ жил ахлах ангийг 18 сурагч төгсөж, аравдугаар ангид дэвшихээр аймгийг зорьцгоожээ. Сумын сурагчид 16 насандаа аймгийг зорьж, хоёр жилийн дараа ихэнх нь хотод уулзацгаадаг байна. Б.Хишигжаргал ч мөн тэдний нэгэн адилаар аймгийн сургуульд дэвшихээр хүлээж байв. Хоёрхон жилийн дараа тэр оюутан болж, мөрөөдлийн Улаанбаатартаа дээд сургуульд суралцахаар очиж, машин түгжирч, дараалалд зогсдог завгүй хотын нэг эд, эс нь болно гэхээс сэтгэл нь хөөрч буй нь илт. Гэтэл аймаг руу сургуульд явахаас ес хоногийн өмнө ээж нь гартаа МСҮТ-ийн танилцуулга барьсаар орж иржээ. Тэгснээ түүнд сайн, муу хоёр мэдээ дуулгав. Сайн нь түүнийг Улаанбаатар луу МСҮТ-д илгээх тухай, муу мэдээ нь маргааш өглөө тэр замд гарах ёстой боллоо.
Улаанбаатарын магтуу
“Reuters” агентлаг саяхан цахим хуудсандаа“Капиталист Монгол большевик Лениний хөшөөнөөс саллаа” гэсэн гарчигтай материал нийтэлжээ. Коммунист Оросын удирдагч асан Лениний хөшөө ардчилсан нийгмийг цогцлоож, хөгжил дэвшил өөд тэмүүлж буй шинэ цагийн хэмнэлд огтоос нийцэхгүй хэмээн Улаанбаатар хотын мээр Э.Бат-Үүл үзэж, социалист үнэр ханхлуулсан дөрвөн метр өндөр эл саарал хөшөөг буулган, улмаар дуудлага худалдаанд оруулах тухай тэнд өгүүлж л дээ. Гэвч Монголын хөдөөд, тэр дундаа бидний очсон Матад сумд цаг хугацаа яг л 1970 он хүрээд зогссон мэт буурай дорой байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Харин ч социализмын үед монголчуудыг төвлөрлийн эсрэг нүүлгэн суурьшуулж байсны нэгэн жишээ нь тус сумын хүн амынх нь тоо одоогийнхоос хоёр дахин их байснаар нотлогдоно. Матадад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг “Энхтайван” нэгдэл ажиллаж байх үед хөгжил нь одоогийнхоос арай дээр байсан байх даа гэж бодов.
Т
Шинэ сорилт
Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж буй Ази тивийн төвд орших, уулуурхайн салбараа түшиж Австрали шиг хөлжих зорилго тээсэн Монгол Улсын зүүн хязгаарт бараг Бельгийнхтэй тэнцэх хэмжээний газар нутагтай энэ сум гэрэл цахилгаан юу ч үгүйгээр шинэ зууны босгыг давж, бүр саяхныгхүртэл таг харанхуй байсан гэхэд үнэмших хүн цөөн. Зөвхөн Матад гэлтгүй Монголын бараг бүх сум, төвөөс алслагдсан зарим аймагт социализмын үеийн байгууламж өнөө хэр хадгалагдан үлдсэн төдийгүй тэр цагаас хойш өндөр байшин бараг нэгийг ч бариагүй болохыг та олж харж болно. Хөдөөнөөс хотод нүүж ирээд удаагүй байгаа залуустай уулзахад машин замаар гарах, супермаркетаар үйлчлүүлэх, кино театрт орох, и-мэйл хаяг шинээр нээх гэхчлэн олон сорилттой тулгарснаа ярьж байсан юм. Энэ бүхэнд дасталаа тэд эвэртэй туулай мэт бусдын анхаарлыг татаж, элэг доог болдгоо ч нуусангүй. Учир нь хотынхон хөдөөнийхүмүүст хужаа иргэдийн нэгэн адилаар таагүй ханддаг. Сурвалжлагын маань гол баатар 17 настай Б.Хишигжаргал ч үүнийг тойрсонгүй. “Бушуухан сумаасаа гарч, хотын охин болчихвол бүх юм сайхан болно л гэж боддог байсан. Харин энд ирээд юунд нь тэгтлээ дурласан юм бол доо гэдгийг эргэцүүлж эхэлсэн” хэмээн тэр ярьж байлаа.
Цэнхэр тэрлэгтэй хамт орхигдсон үнэт зүйлс
Матад сумд очоод анх түүнтэй уулзахад үсээ нямбай гэгч нь сүлжиж, биеийн тамирын хослол жимбийтэл өмсөөд өсгийтэй гутал жийсэн, бас ногоон өнгийн оймс углачихсан нь надад содон харагдаж байсан юм. Харин түүнтэй хотод ирснээс нь хойш cap гаруйн дараа уулзахад бариу жийнсэн өмд өмсөж, богино цамцныхаа гадуур савхин хүрэмтэй ирсэн. Үнэнийг хэлэхэд, эхэндээ таньсангүй. Хацрын улаан, өөртөө итгэлгүйг нь илтгэх байрагшуу алхаа нь л түүнийг хөдөөнөөс ирсэн гэдгийг илтгэхээс биш, хотын охидоос нэг их ялгарах зүйлгүй байлаа. Хотын амьдрал хөдөөнийхөөс хэр ялгаатай байгааг болон энд ирээд ямар санагдаж буй талаар ньбид удтал ярилцсан юм. Б.Хишигжаргал нутгаасаа гарах яг тэр мөчид сэтгэл нь огтоос хоргодохгүй байсныг одоо гайхширсан янзтайгаар эргэн дурссан. Болох юм болдгоороо л болж буй адил, харин ч айсуй ирээдүй нь, аравхан цагийн дараа хүрэх мөрөөдлийн хот нь охины сэтгэлийг соронзон мэт татаж, бүр хурдхан л очих юмсан гэж адгах хүсэлд хөтөлжээ. Бидний олонхын ойлголтоор сайхан амьдрал гэдэг нь хөдөөнөөс хэр хол, хотожсон бүстэй хэр ойр буйгаар хэмжигддэг. Үүний нэгэн адилаар Матадаас хол явах тусам охиныг сайхан амьдрал руу тэр хэрээр ойртуулах учраас ийн адгах нь байж болох хувилбар юм. Хишигээ хот руу гарахдаа эмээгийнхээ оёж өгсөн цэнхэр дээлийг орхиж, харин хотын хүнд хэрэгцээтэй бүхнийг бэлтгэжээ. Гэртээ бол энэ цэнхэр тэрлэгээсээ салах дургүй, заримдаа хичээлдээ явахдаа ч өмсөөд туучихдаг байж. Гэвч хотод дээлтэй явна гэдэг байж боломгүй хэрэг гэдгийг тэр мэдэж байв. Наанадаж л хөдөөнийх гэдгээ мэдэгдэж шоолуулна. Ийн бодож сэтгэсний хэрээр хувцас хунар зэхэх хэрэг явдал амархан шийдэгдсэн ч томруулан харвал тэр монгол соёл, үнэт зүйлсээ дээлтэйгээ хамт орхисноо яахин мэдэх билээ. Хотын соёл хүнээс илүү аминчхан байдлыг нэхдэг юм шүү дээ.
Тооцоолоогүй хөгжил, төлөвлөөгүй эрсдэл
Монголын ихэнх аймаг, сум авто замын их, бага сүлжээнд холбогдсон атлаа төвүүдэд нь гэрлэн дохио байдаггүй. Гэсэн хэрнээ зам, тээврийн осол бага гардгийн учир нь тэндхийн хүмүүс хоорондоо эвлэгхэн зохицдог, хотынхноос илүү хүлээцтэй хандлагыг эрхэм лэдэгтэй холбоотой байх. Хүмүүс хотод бөөгнөрөх тусмаа биенээсээ холддог, тээршаадаг бол цөөн хүн амтай аймаг, сумын амьдрал илүү дотносог, бас “халуун”. Сумынхан нэгнийхээ амьдралыг өөрөөс нь асуухгүйгээр мэддэг бөгөөд тэр хэрээр халамж, анхаарал хандуулдаг. Хэрэг зоригоо үнэнээр хэлж учирлавал танихгүй байлаа ч хөдөөнийямар ч айл халуун хоол, цайгаар дайлж, гэртээ хонуулахаас татгалзахгүй. Харин хотод бүх зүйл хахир, хүмүүс нь үргэлж “байлдааны бэлэн байдал”-тай явдаг. Алхам тутамдаа хүн биш, автомат машинтай харьцах болсон хэтэрхий амьд бус амьдралын эл хэмнэлээ бид эмх цэгцтэй соёлтой гэх үгээр эвтэйхэн тайлбарлачихна. Харин энэ бүхэн нь хөдөө сумд төрж, өссөн Б.Хишигжаргалын хувьд цоо шинэ орчин, мэдрэмж байв.
Хөдөөд хөгжил буурайн улмаас иргэд түүний нэгэн адилаар зуггах хүслээр өвчилсөн хэвээр. Монголын аймаг, сумуудын хөгжил хэвэнд цутгасан мэт ижилхэн учраас зугтахдаа тэд нийслэлийг л зорьдог. Сүүлийн таван жилийн дотор орон нутгаас 140 мянган хүн нийслэлд ирж суурьшсаныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тайланд дурджээ. Харин надад ганц л асуулт байна. Улаанбаатар тэгээд зугтан ирэгсдийн диваажин мөн гэж үү? Улаанбаатар хотыг анх Зөвлөлтийн мэргэжилтнүүд төлөвлөсөн гэдэг. 1911-1990-ээд он хүртэлх Монголын нийгэм, улс төрийн өнгөрсөн үйл явцыг аваад үзвэл хожим тусгаар тогтнох, өөртөө эзэн болж бие даах, улмаар дэлхийн бусад улсын адил хөгжих тухай төсөөлөөгүй мэт. Зарим түүхийн номд бичсэнээр Улаанбаатарыг ажилчдын суурингийн зохион байгуулалтаар төлөвлөж, хойд хэсэг нь одоогийн Бага тойруу, урд хэсэг нь Зайсан толгой хүрч байхаар зураг төсөл гаргаж байжээ.
“Оросууд Улаанбаатарыг, бүр Монголыг өөрийн нэг хэсэг болно гэдэгт тухайн үед тун итгэлтэй байсан. Тиймдээ ч Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг гаргахдаа “Энэ чинь улсын нийслэл шүү” гэж огт санаа тавиагүй санагддаг” хэмээн манай нэгэн нэрт ахмад улс төрийн зүтгэлтэн ярьсан юм. 1911 онд зурсан нийслэлийн план зургийг ажвал томоохон сүм, хийдүүдийг тойруулан монгол гэр жирийтэл өрсөн байх бөгөөд үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд сүндэрлэж, хожим засмал зам сүлжилдэх тухайд огт тооцоолоогүй нь илт. Улмаар 1948 онд Монголын анхны архитектор Б.Чимид хот төлөвлөлтийг шинээр хийснээс хойш өнөөдрийг хүртэл гурав, дөрвөн ч удаа хар ноорог үйлдсэн хэдий ч ямар ч өөдрөг төлөвлөгөө гаргалаа гээд энэ хотод 500 мянга хүртэл хүн л аж төрөх боломжтой гэсэн дүгнэлт гардаг байж. Харин өдгөө Улаанбаатар хотын хүн амын тоо 1.2 саяд хүрчээ. Эдгээрийн бараг тал нь шинээр нүүдэллэн ирэгсэд. Дээр хэлсэнчлэн хөдөөнийбусад аймаг, сумын хөгжил ижилхэн буурай тул зугтахыг хүсвэл нэгмөсөн хотыг зорих нь тэдний хувьд хувилбаргүй сонголт юм. Харин эл сонголт эцэстээ нийслэлийг нүүлгэх үү, үлдээх үү гэсэн нэн эгзэгтэй хувилбарт хөтөлж байна. Өдгөө хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч буй. Сүүлийн арван жилийн дотор өнгөрсөн 100 жилийн түүхэнд барьсан бүх барилгаас ч илүү гарч мэдэх олон орон сууц сүндэрлэн босож, бүгд богино хугацаанд эзэнтэй болохтой зэрэгцэн хөдөөнийхнийурсгал идэвхжиж, гэр хорооллыг улам л тэлж байна. Гэр хорооллын гэх нэршил “хөдөөний” хэмээн хэн нэгнээ шоолдогтой ижилхэн “бүдүүлэг” сонсогддог болсныг бидний хэчнээн нь анзаарч буй бол. Хотод ирээд сар ч болоогүй хэрнээ Хишигээ хэдийн уйдаж эхэлсэн байлаа.
Учир нь тэр хотод амьдарч буй ч жинхэнэ ёсоор хотын иргэн болоогүй. Гэлээ гээд хөдөө сумдаа байгаа мэт аяглаж болохгүй ацан шалаанд орсон нь ийн бодоход хүргэжээ. “Централтауэр’’-ийн усан оргилуурын өмнө зургаа татуулж, үе тэнгийн хотын залуусын нэгэн адилаар кино үзэн, бургер идэж, “Кока кола” ууж, нөхөрлөлийнхөө хүрээг өөрийнх нь хувьд цоо шинэ үзэл бодолтой хүмүүсээртэлсэн хэдий ч түүний мөрөөдөхдөө төсөөлсөн аз жаргал энэ биш байжээ. Гэхдээ буцаад сум руугаа явах бодол огт байхгүй. Сум нь түүний хувьд орхигдсон цэнхэр тэрлэгтэй нь адил болсон. Сумаас хот хүртэлх арван цагийн зайд байсан аз жаргал нь дулимаг, ийш ирэхийг учиргүй хүсэж байсан тэмүүлэл нь ердөө л ойворгон явдал болохыг тэр мэдэрч буйгаа ярьсан. Зугтах хүсэл нь урьд урьдынхаас ихээр оргилох болжээ. Хотод ирсэн болгонд хотын хүмүүсийн эдэлдэг аз жаргал өөриймсдөггүй аж. Мөнгөгүй, орон сууцгүй, зуслангийн хаусгүй, орлого багатай, ажилгүй хүнд хот бол там. Хотод баян, ядуугийн зааг асар их бөгөөд дунд нь хавчуулагдан амьдрахын төлөөх тэмцэлд бүх насаа үрж ч мэднэ.
Орон зайг эвхэн, нүүж хүрэх алсын алс газар түүнийг соронздон даллах мэт. “Тэнд л очвол цаг хугацаа хожиж, үтэр түргэн мөнгөтэй болно”. Зугтаж хүрэх дараачийн сонголт нь гадаадад гарч амьдрах гэдгийг тэр олж мэдсэн байлаа. Гадаадад гарч, их хэмжээний мөнгө олоод эх орондоо буцаж ирсэн өч төчнөөн түүхийг тэр сонсохоороо нэг болжээ. Ийм түүх болгон түүнд бахдалтай санагдах болсны хажуугаар тийшявах зардал, мөнгөгүйдээ өөрийгөө дорд үзэх болсноо ч нуусангүй. Тэр гадаадад очиж ажиллаж, мөнгө олохын тулд хүмүүс ямар их зовлонг тэсэж гарах хэрэгтэй болдгийг огтоос гадарлахгүй байгаа нь илт. Эрүүл мэндээ золин байж авчирсан хэдэн төгрөг нь Монголдоо ирээд юу ч биш болсон түүхийг тэр яагаад ч юм сонссонгүй. Сонссон ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн байхнь. Сурвалжлагамаань явсаар гадаадад амьдарч буйиргэдтэй очиж уулзах замд хөтлөв. Энэ зуур Б.Хишигжаргал Улаанбаатар хотын амьдралд хэрхэн дасажбуй тухайг ч дараа дараачийн нийтлэлүүддээ хүргэх болно.
Турк орон. Хараар ажилладаг монголчуудын тоогоор БНСУ-ындараа орох энэ улсад 1500 орчим монгол хүн бий. Визгүй, дээр нь шууд нислэгтэй учраас Турк руу явахад зовлон байсангүй. “Turkish airlines’’-ийн ээлжит нислэг нэг ч сул суудалгүйгээр Улаанбаатараас хөдөлсөн бөгөөд зорчигчдын дийлэнх ньмонголчууд байлаа. Аялах, эсвэл сурах зорилготой хэдхэн хүний дотор “харх” болохоор шийдсэн цөөнгүй хүн байх аж.