Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.БАТСАЙХАН
Энэхүү өгүүлэл нь Монгол Улсын архивын эх сурвалж болон Дилав хутагтын бичсэн Ар Монголын улс төрийн дурдатгал зэрэг баримт бичгүүдэд тулгуурлан, Монголын сүүл чийн Эзэн хаан наймдугаар Богд Жавзандамба хутагт болон ХХ зууны эхэн үеийн улс төрийн нөлөө бүхий хувилгаан лам нарын нэг тавдугаар Дилав хутагт (Жамсранжав, 1884-1965) нарын харилцааг судалж, зарим нэгэн шинэлэг санаа дэвшүүлэхийг зорьсон болно. Монгол бичгээр бичсэн 1901-1949 оны адармаатай үеийг хамарсан Дилав хутагтын улс төрийн дурдатгал, Латтиморын бичиж авсан аман намтар хийгээд Монгол Улсын архивт хадгалагдаж буй Дилав хутагтын шашин, улс төрийн үйл ажиллагаанд шууд холбогдох баримт бичгүүдийг харьцуулан үзэж бичсэн энэхүү өгүүлэл нь Богд хаант Монгол Улс (1911-1924)ын үеийн бүхий л хутагт хувилгаад, лам нарыг нэгтгэсэн бурхны шашны ёс тогтолцоо, инститүц болон Засгийн газрын хоорондох холбоо, харилцааны зарим шижмийг тодруулсан болно.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо зарласны дараа Богд хаан шашны эрх мэдэл болон улс төрийн засаглал бүтцийн хувьд нэгдсэн улсын төр шашныг хослон баригч, теократ Эзэн хаан болон суусан билээ. Энэхүү тогтолцооны хүрээнд Дилав хутагт нэг талаас шашны нэр хүнд нөлөө бүхий чухал хувилгаан лам, нөгөө талаас Богд хааны ордны улс төрд оролцогч төрийн түшмэл гэсэн хоёр талын дүрийг бодитой илэрхийлсэн шашны томоохон зүтгэлтэн байв. Дилав хутагтын дуртгалыг архивын эх сурвалжтай харгалзуулан үзсэнээр нь бурхны шашин монголчуудын зөвхөн оюун санааны үндэс тулгуур төдийгүй, Монголын түүхийн хамгийн чухал эргэлтийн үед улс төр, шашны зохион байгуулалт, төрийн инститүц, ёс тогтолцооны үндсэн хөдөлгүүр, монголчуудын нэгтгэсэн гол хүчин зүйл болж байсныг зөвөөр ойлгоход зохих хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.
Богд хааны зарлигаар тогтоосон Олон аймгийн тамга бүхий, үгүй хутагт хувилгаан нарын шастирт өгүүлэхдээ: “Тавин зургаадугаар. Сайн ноён хан аймгийн Нар ван чин хутагт Жүгдэрнамжилын шавь Дилавын хувилгаан Эрх цорж Жамсранжавын уг эхийг байцааваас Энэтхэгийн оронд Дамбадорж хэмээн нэгэн үе хувилгаан гаржээ. Тавдугаар үеийн хувилгаан Жамсранжав Засагт хан аймгийн гүн Загдсамбарын хошууны ард Дашлуугийн гэрт хувилгаан гарчээ” хэмээн тэмдэглэжээ. Эх сурвалжид ямар нэгэн мадаггүйгээр Дашлуугийн Жамсранжав хэмээн тод тэмдэглэсэн байх боловч Монголын нийтэд тархсан мэдээлэлд гол төлөв Башлуугийн хэмээн бичиж иржээ.
О.Латтиморын англи тайлбартай хэвлүүлсэн Дилав хутагтын бичсэн “Ар Монголын улс төрийн дурдатгал”-д эл талаар бичихдээ: “Миний эцэг миний өвөөгийн 86 настай байхад гарсан” тул түүнийг хятадаар “86” буюу Chinese (Mandarin) is 八十六 (pinyin: bā shн liщ).
八 (bā): Eight, 十 (shн): Ten, 六 (liщ): Six хэмээн дуудсаар ирсэн юм гэжээ. Өнөө хэр Дилав хутагт Жамсранжавыг овоглон дуудаж ирсэн Башлуу хэмээх үг нь дээрхээс улбаатай болох нь тодорхой байна. Тавдугаар үеийн Дилав хутагт Жамсранжав бээр “Би өвөг эцгийнхээ нэрийг мэдэхгүй боловч Онхот овгийн хүмүүн гэдгийг мэдэх бөлгөө” хэмээснээс үзвэл тэрбээр Онход овгийн хүн болох нь тодорхой байна. Тиймээс Онход овогтой Дилав хутагт Жамсранжав хэмээн нэрлэж түүхэнд тэмдэглэвэл зохино гэж үзэж буй саналаа илэрхийлж байна. Харин Дилав хутагтын ээжийн нэрийг Гэмбил хэмээдэг байжээ.
Дилав хутагт Жамсранжав бээр монгол тооллоор арвантавдугаар жарны модон бичин жил буюу аргын тооллын1884 оны намрын сүүл сар болох аравдугаар сарын шинийн 8-ны билигт сайн өдөр Халхын Засагт хан аймгийн Түшээ гүний хошуу буюу өнөөгийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Баян аймаг уулын өмнө тал, Ойгон нуурын орчим Ойгон баг хэмээх газар наран мандах луу цагт мэндэлсэн хэмээн өөрийн дурдатгалдаа өгүүлжээ.
Түүнийг таван настайд Наробанчин хийдэд залж, Дилав хутагтын ширээнээ өргөмжлөн суулгажээ.
Эл тухай Монгол Улсын шастирт “Бадаргуулт төрийн 14 дүгээр (1888) онд харьяат шавь нар нийлүүлэн суулгажээ” хэмээсэн бол өөрийн дурдатгалдаа “Богд гэгээнээс Диловын хувилгаан хэмээн зааснаар таван наснаас Сайн ноён аймгийн Наробанчин хутагтын шавиас миний бие ба эцэг, эхийг бүл хөрөнгийн хамтаар нүүлгэн аваачиж, намайг эх цоржийн хувилгаан хэмээн ширээнээ суулгасан” хэмээсэнтэй яв цав таарч буй.
Дилав хутагтын ширээнээ суулгах ёслол хэрхэн болсон талаар тэрбээр: “Намайг таван настай байхад хийдэд аваачлаа. Хаврын адаг сар (дөрөвдүгээр сар) газар бас л цастай үе байж билээ. Хийдийн элч нар морилон ирж, манай гэрийн гадна буудаллаж, ээж маань тэднийг угтахаар хөл болж байсныг би санадаг юм. Өдөр нь би элч нарын буудлын орчмоор наадаж, үдэш нь болохоор уйлж, ээжийнхээ гэрт очъё хэмээн гуйж, заримдаа тэд нартай явна гэж, заримдаа үгүй гэдэг байлаа. Намайг гэрээс явахын өмнө залах ёслолын үеэр хүзүүнд сахиус зүүж өгсөн, нутгийн нэгэн түшмэл согтуу байсан хоёроос өөр юм би санадаггүй. Намайг явахаар гэрийнхэн маань бүх л мал, хөрөнгөө тэр ч байтугай нохдоо аван дагаж нүүсэн бөгөөд хожим нь хийдийн ойролцоо бууж билээ. Би тэмээн тэргээр аялж оч сон юм.
Зуны тэргүүн сард хийдэд хүрч очлоо. Том лам нар хийдийн горооны гадна угтах ёслолд цугларан, миний залрах өдрийг төлөг тавьж тогтоожээ. Энэхүү ёслол ямаршуу байсныг мэдэх боловч нарийн ширийн явдлыг нь санадаггүй юм” хэмээн бүхний мэдэх Ар Монголын улс төрийн дурдатгалдаа хутагт бээр тэмдэглэсэн буй.
Дилав хутагт Жамсранжав бээр таван настайдаа банди сахил, долоон настай равжин сахил, хорин нэгэн насандаа гэцэл сахил хүртсэн болохоо мөн дуртгалдаа бичсэн буй.
Эх цорж хэмээх цолын тухайд Манжийн ЭнхАмгалан хаанаас дөрвөн үеийн өмнөх дүрийн хувилгаанд үе улиран шагнагдсан цол ажээ.
Дилав хутагт дурдатгалдаа “Чингийн эцсийн үед гурван удаа жасаанаа дуудсан тухай бүр өвчнөөр шалтгаалан чөлөөлж явсангүй байтал манай Монгол тусгаар улс болсон” хэмээн бичсэн нь түүнд үндэсний үзэл, Монголын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлын төлөө хэмээсэн сэтгэл бүр тэр үеэс суусан байсныг илтгэнэ.
Бадруулт төрийн хорин нэгдүгээр он буюу 1895 онд Очирдара Богд Эзэн гэгээнтнийг Эрдэнэ зуугийн газраа залрахад Наробанчин хутагтын хамтаар Дилав хутагт угтаж, бараалхан мөргөсөн тухайд түүнд Богд гэгээний зарлигаар “хувилгаан ямба” шагнажээ.
Эл тухай тэрбээр дурдатгалдаа: “Арван хоёр настай байхад минь (1895 он) Халх дөрвөн аймгийн, их наадам болдог Эрдэнэзуугийн том хийдэд Ар богд (Хүрээний, амьд бурхан) залран ирлээ. Төвдөөр Даншиг буюу монголоор Бат-Оршил хэмээх наадам энэ удаа болсон юм. Энэхүү Бат-Оршил нь миний таван настай байхад Нарван чин хийдэд болсон мандал өргөх ёслолтой төстэй байсан бөгөөд ялгаатай нь илүү сүрлэг том байлаа.
Богдын даншигт дөрвөн аймгаас жил бүр 10 000 лан өргөх ёстой бөгөөд аймаг өөрсдөө хэмжээг хувааж тогтоох ёстой байдаг байв. Морь, бөх, сурын тэмцээн, асар майхан, айраг цагаа, идээ шүүс зэрэг асар их хөрөнгө гаргах тул орон нутагт сүрхий дарамтгай байдаг бөлгөө. Нарванчингийн хүрээнд болдог манай Даншигийн хэрэгцээнд 500 хонь гаргах тооцоотой авч үүнээс их хөрөнгө зардаг байж билээ. Таван насны морь уралдахын зэрэгцээ азарга, жороо морь мөн уралддаг байв. Нас бүхний түрүү морь залуу атны шантай, үзүүр түрүү бөхийн шан хэмээн аймаг бүрээс тэмээ ирнэ” гээд “Нарванчин гэгээн бид хоёр энэхүү чуулганд очлоо. Би хурдан морь үзэж, бусад үеэр тэндхийн нэгэн эрдэмтэн ламаас ном хүртэж, бөх, бусад наадам тоглоомд очдоггүй байв. Эрдэнэзуу руу би урд замаар очиж, хойд замаар эргэж ирж билээ. Замдаа дөрвөн хошуугаар орсон бөгөөд хошуу бүр найр наадам хийж, бэлэг сэлт харилцан барьж билээ” хэмээн Богдын Бат-Оршил өргөх ёслолын тухай гайхалтай сайхнаар дурссан буй. Энэ бол Монголын бурхны шашны тэргүүн, наймдугаар Богд Жавзандамба хутагт лугаа Дилав гэгээнтэн анх нүүр учирсан тохиолдол байлаа. Дилав хутагт Наробанчин гэгээнтэй шавийн хувиар төдийгүй бүхий л шашин, амьтны тусыг бүтээх үйлсэд ихэд хамтран зүтгэж байсныг тэмдэглэх нь зөв буй за.
Тэрбээр шашин ном хэрхэн сурч эхэлсэн тухайд өгүүлэхдээ: “Удалгүй би төвөд хэл сурч, таван настайдаа төвөд үсэг таньдаг. Зургаатайдаа 3000 шологтой номыг түвэггүй тогтоодог болов. (Нэг шолог нь 36 үгтэй гэвэл 108000 үг гэсэн үг) Долоон настайдаа, үүний ихэнхийг монгол руу орчуулж сурав. Зургаан настайгаасаа хуралд хурж эхэлсэн бөгөөд уншлага тогтоож, шашны ном заалгаж, 12 нас хүрэхэд төвөдөөс монгол хэл рүү, монгол хэлнээс төвөд рүү судар орчуулж чаддаг болсон юм. Гэхдээ би төвөд ярианы хэл мэддэггүй, гагцхүү бичгийн хэлийг нь сурсан байлаа.
Шашны утга учрыг аажим аажмаар мэддэг болж байсан агаад заримыг нь багшаараа заалгадаг байсан” хэмээн өгүүлжээ. Зургаа, долоо настай хүүхэд төвөд хэлийг гарамгай сурч, монгол хэл рүү хөрвүүлж эхэлж, улмаар 12 настайдаа төвөд хэлээр бичигдсэн судрыг хөрвүүлж чадах эрдэмд сурсан нь түүний төрөлхийн ой ухаан, билигийн оюуны чадварыг илэрхийлж байсан хэрэг буй за.
Дилав лам “түшмэлийн бодлоготой хүн” хэмээх хоосон нэр цуу тархсан хэмээн маш даруухан тэмдэглэсэн нь тэрбээр Улиастайн манж амбантай биечлэн уулзаж, нутгийн шавь монгол ноёдын өрийн хүүг хүчингүй болгож байсантай холбоотой байжээ.
Бас Ховдын Буянт голын хойд хөвөөнд байсан Түгээмэл амаржуулах хийдэд 19 насандаа (1902 он) өвөл, зун хоёр удаа очиж, ном тавьсан тухайгаа тэмдэглэсэн буй. Эл хийдэд Наробанчин, Жалханз гэгээн нар гурав гурван жилээр ээлжлэн суудаг байсан ажээ.
Дилав хутагт бээр Жалханз хутагт Дамдинбазар лугаа төрлийн холбоотой төдийгүй шашин номын хувиар ч ихэд ойрхон байсан гэдэг. “Надаас арван нэгэн насаар ах Жалханз гэгээний хийдэд байж байгаад хийддээ намар ирчхээд Засагт Хан аймагт очиж, мөргөл ном айлдлаа” хэмээн бичсэн буй.
1911 онд монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ.
“Монголын цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн бөгөөд Европын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний билигт сайн өдөр бурхны шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Эзэн хааны ширээнд өргөмжлөөд, улсын цол Монгол, оны нэр Олнаа өргөгдсөн, Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол Улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ. Энэ нь Өвөр Монгол Манжид дагаар орсноос хойш 275 жил, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жил, Ойрад Монгол Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш 150 жилийн дараа монголчуудын хувьд түүхэн онцгой үйл явдал болсон байна. Үүнд олон учир шалтгаан байсан боловч бурхан шашин монголчуудыг нэгтгэсэн нэг том хүчин зүйл болсон нь эргэлзээгүй байв. Хар, шар олон монголчуудын нүднээс баярын нулимс унагаж, магнай тэнийтэл баярлуулсан Очирдара Богд гэгээнтнийг хаан өргөмжилж эрдэнийн сууринаа залж, тулгар төр нээх их баярыг бүхий л сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан Дилав хутагт биеэр оролцоогүй бололтой.
Тиймээс 1912 оны арванхоёр сарын 28-нд Богд хааны зарлигаар түүнд “цорж ямба” хүртээж, Богд Эзэн хаанд мөргөснөөр тэдний харьцаа илүү дотно болов.
Монгол тусгаар тогтнолоо зарласан тэрхүү цагаагчин гахай жил буюу 1911 оны зун Монголд юу болсон талаар Дилав хутагтын тэмдэглэл гойд сонирхол татна. Тэрбээр: “Тэр жил халх нутагт гойд их бороотой байлаа. Ийм их бороотой зуныг би санадаггүй юм. Настайчуул ч тийм их бороотой зун үзээгүй хэмээн ярьж байсан юм. Намар нь Чойнхор вангийн урилга заллагаар би түүнд бараалхлаа.
Учир нь тэрбээр Гадаад Монголын өөртөө засан тохинох асуудлаар яриа хэлэлцээнд оролцох төлөөний түшмэлээр томилогдох асуудлыг надтай зөвшихийг хүссэн байжээ.
Хүрээ орж бусад түшмэл нартай зөвлөлдөхийн өмнө Далай Чойнхор ван надтай уулзаж, тийш очих уу, болих уу гэдгээ ярилцах гэсэн хэрэг байлаа. Хүрээнээс буцаж ирээд тэрбээр намайг дахин дуудуулж, Хятадаас тусгаар Монгол Улсыг зарлан тунхаглаж хүрээний Богдыг хаанаар ширээнд өргөмжлөн залсан тухай надад хүүрнэв” хэмээн дурсан өгүүлжээ. Энд нэр гарч буй Далай Чойнхор ван бол Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны засаг ноён Далай Чойнхор ван Цэдэнсоном бөгөөд Богд гэгээнтийн зарлигаар байгуулсан түр Засгийн газрын гишүүн бөгөөд Манжаас анх түрүүн засгийн эрх 1911 оны арванхоёрдугаар сарын 1-нд авсан зургаан хүний нэг болой. Далай Чойнхор ван Цэдэнсоном бээр Богд хааны зарлигаар Монгол Улсыг байгуулах их үйлсэд идэвхийлэн оролцсон тул “үе улиран чин вангийн хэргэм, засаг төрийн жюн вангийн хэргэм, Далай чойнхор цол, харавтар улаан жолоо шагнагдаж”, Дотоод яамны дэд сайд, Гадаад яамны дэд сайд зэрэг алба хашиж байсан билээ. Эл бүхнийг тунгаах аваас, Монгол Улсыг сэргээн байгуулах үйлсэд Дилав хутагт Жамсранжав бээр хичээнгүйлэн зүтгэсэн болохыг илтгэнэ.
Үүнээс бүр өмнө 1900 онд Богд Жавзандамба хутагт Оросын Эзэн хаанд өөрийн элчээ нууцаар илгээн, мөнгө зээлэх нэрийн дор Монголын талаарх Оросын байр суурийг тандаж байсан нууц мэдээллийг тухайн үед мэдэж байсан цөөхөн хүний нэг нь Дилов хутагт Жамсранжав байжээ. Тэрбээр эл тухай хожим өөрийн дурдатгалдаа тодорхой өгүүлсэн байдаг. Дилов хутагтын дурдатгалд өгүүлэхдээ: Чин улсын бадруулт төрийн хорьдугаар он бөгөөд 1895 онд Ар Монголын наймдугаар үеийн Богд Жавзандамба хутагт гэгээнээс Оросын цагаан хаанд бичиг бэлэг сэлтийг хүргэн бариулж, дашрамд Монголыг Манжийн захиргаанаас гарч тусгайдаа улс болох явдалд Орос улсаас туслахыг гуйхаар тус шавийн Да лам Бадамдоржийг нууцаар явуулсан хэмээжээ. Уг дурдатгалд өгүүлэхдээ: “Бадамдорж тушаалын ёсоор явж, Цагаан хаанд бараалхан бичиг бэлгээ барьсанд тусгайлан нэгэн ихээхэн сайдыг томилж, аливаа хэргээ түүн лүгээ хэлэлц” гэсэн байна.
Тухайн үед энэ хэрэг бол маш нууц байдалд байсан бөгөөд энэ тухай Богд гэгээн, Богдын багш Ёнзон хамба лам, Жалханз хутагт, Дилов хутагт, Сайн ноён нарын хүрээнд л мэдэж байжээ. Хожим АНУ-д цагаачлан гарсан Дилов хутагт эл түүхэн үйл явдлын талаар өөрийн дурдатгалдаа бичиж үлдээсэн нь хожмын судлаач, түүхэнд чухал хувь нэмэр болж буйг тэмдэглэж байна.
Оросын архивын эх сурвалжид тэмдэглэгдсэнээс үзвээс, “Өргөө хотноо оршин суугаа Ламын сургаалын тэргүүн, гэгээн Буддын хутагт Жавзандамба өөрийн элч төлөөлөгч болох Шанзодбагийн яамны тэргүүн түшмэл, да лам Бадамдорж, хутагтын сойвон Цэрэн-Осор лам нарыг Петербург хотруу сэм илгээн, ОросХятадын банкнаас гурван жилийн хугацаатай 100 мянган рубль хөнгөлөлттэй зээлэхийг” 1900 онд хүссэн байна. Хутагт Жавзандамбын төлөөлөгчид Оросын нийслэл Петербург хотноо очихдоо тус улсын Сангийн яамны сайд лугаа уулзаж, энэхүү зээл нь хятадуудын өрийг дарахад хэрэгтэй байгаа тухай уламжилсан байна. Чингэхдээ Хутагтын ирүүлсэн бичигт Өргөөнд сууж байсан Оросын ерөнхий консул болон Шанзодвагийн яамны том тамга бүхий баталгаа байсан тухай тэмдэглэгдсэн байна. Сангийн яамнаас оруулсан Өргөөгийн хутагтад олгох 100 мянгыг 30 мянгаар хязгаарласан зээлийн баримтан дээр 1900 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Санкт Петербург хотноо Оросын Цагаан хаан өөрийн гараар “исполнить” (хэрэгжүүлэх) хэмээн цохолт хийж, Монголын шашны тэргүүнд зээл олгохыг зөвшөөрсөн байна.
Учрыг сайтар тунгааваас, Манжийн харьяанд байсан Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагт эр зориг гарган нууцаар өөрийн элч төлөөлөгчдийг Хүрээн дэх Оросын Консулын газрын тусламжтайгаар Оросын Эзэнт улсад илгээсэн бөгөөд тэдний очсон шалтаг нь Хятадын өр төлөөсийг барагдуулах нэрийн дор зээл хүссэн хэрэг боловч үнэн хэрэг дээрээ Монголын талаарх Оросын байр суурийг тандах зорилготой байсан хэмээн үзэж болох мэт. Учир юун хэмээвээс, хүссэн зээлийн тодорхой хувийг өгөхөөр Оросын Цагаан хаан зөвшөөрчхөөд байхад түүнийгээ авахгүй байна гэдэг бол элч төлөөлөгчөө илгээсэн Жавзандамба хутагт тэргүүтнүүд зээл нэрийн дор далд бодол, зорилго агуулж байсныг гэрчилнэ. Үнэхээр Монгол Манжийн харьяалалд байсан тэр үед Монголынхоо тулгар төрийг сэргээх бодол дотроо агуулан, хэрхэн гүйцэлдүүлэх талаар ухаанаа уралдуулж, эр зориг гарган нууцаар Орос орон, түүний хааныг зорино гэдэг бол асар их самбаа, тэвчээр, эрсдэл шаардсан хэрэг байсан нь ойлгомжтой юм. Үүний ч үр дүнд монголчууд Манж-хятадад дургүй юм байна гэдгийг Оросын хаан болон бусад хүмүүст ойлголт өгөхөд дэмжлэг өгсөн хэрэг болсон ба хожим 1910 аад онд Манжийн байдал доройтсон тэр мөчид Монголчууд дахин Орос улсад хандахад бүр тус нэмэр болсон билээ. Нөгөө талаар оросуудын Монголын талаарх ашиг сонирхлыг танин мэдэж, улмаар Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжих юм байна гэсэн ойлголтыг Богд Жавзандамба хутагт олж авсан хэмээн үзэж болох юм. Бас Оросын Эзэн хаан Хүрээнд бүхий Монголын бурхны шашны тэргүүнд туслахаа ийнхүү илэрхийлж, цаад утгаараа цаг нь болохоор Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжих болно гэдгээ мэдэгдсэн хэрэг байлаа. Дилав хутагт өөрийн дурдатгалдаа Богдын элч нар Орос улсад явсан тухай, тэдний ярианы тэмдэглэл маягтай зүйлийг оруулсан нь Орост одсон Бадамдорж, Цэрэн Осор нар Хүрээнд эгж ирээд нууц тайлан бичиж үлдээснийг олж авсан болов уу, түүнээс бус энэхүү уулзалтын тухай ийм дэлгэрэнгүй мэдээлэл Оросын архиваас одоо хэр олж эс чадав.
Харин Богдын элч төлөөлөгчид Оросын албаны хүмүүс лугаа 1900 онд уулзаад мөнгө зээлэх тухай асуудал тавьсан нь Оросын архивын баримтаар нотлогдож байна. 1912 оны өвөл Богд Эзэн хааны зарлигаар хишиг хүртэхээр Дилав хутагтыг бараалхахад нь түүнд “ногоон бүрээстэй сүйх тэрэг” хайрласан байна. Дилав хутагт 1912 онд Нийслэл хүрээнд хоёр сар болжээ. Эл үед түүнд Богд хааны Засгийн газарт орж ажиллах санал тавьсан байна. Тэрбээр эл талаар “ерөнхий сайд Сайн ноён хан намайг Засгийн газрын бүрэлдэхүүнд орохыг хүссэн. Би хүлцэл өчиж, чөлөө гуйсан билээ” хэмээн дурдатгалдаа тэмдэглэжээ. Энэ бол Дилав хутагтын монгол үндэсний тусгаар тогтнолыг тогтоох, бэхжүүлэхэд зохих нөлөө үзүүлэх, төрийн аливаа асуудлыг шийдвэрлэх ном эрдэмтэй, чадалтай нэгэн байсаныг гэрчилнэ. Харин тэрбээр эл үед яагаад албан тушаалаас татгалзсан нь сонин юм. Магадгүй номын мөр хөөсөн тууштай нэгэн лам байхыг илүүд үзсэн байж болно. Хожмын түүний мөр ч ийм зам сонгосон хэмээн үзүүштэй санагдана.
ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ОНГОН ШҮТЭЭНИЙ ТАХИЛГЫН ТУХАЙ
Монгол тусгаар тогтнолоо тунхагласны дараахан буюу 1914 онд Дилав хутагт Эзэн Чингис хааны онгоны тахилгад оролцсон талаар өөрийн дурдатгалдаа маш тодорхой өгүүлсэн нь үнэхээр сонирхол татна. Тэрбээр бичихдээ: “Ачит вангийн хошуунд овооны наадам болж, Чингис хааны онгоныг тахив. Энэ онгон одоо Улаанбаатарын төвөд музейд бий. Энэхүү онгон жинхэнэ онгон байж магадгүй” гэсэн байгааг цаашид нарийвчлан судлууштай.
Дилав хутагт цааш өгүүлэхдээ: “Энэхүү ёслолыг “Сүлд цэнгэх” гэдэг бөгөөд онгон шү тээнээ тахин баясах энэ ёслолын үед хэрэглэгддэг үг хэллэг нь нэлээд эртний гаралтай байдаг. Сүлд тахилга жил бүр болдог. Гурван жил тутам илүү сүрлэг ёслол болно. Тахилгын ёслолыг удирдагч нь үе дамжин ирсэн бөгөөд онгоныг нэг айлд 13 үе дамжуулан хадгалж иржээ. Арван гурван үеэс өмнөх өвөг элэнцийн алдар нэр нь тодорхойгүй.
Энэ ёслолд хоёр зүйлийн ном уншина. Нэгдэхийг Очиг (онгоныг дуудах) гэж нэрлэх бөгөөд цэрэг эрс дайлаар мордох буюу байлдаанаас буцаж ирэх үеэр уншиж дуудна. Хоёр дахийг нь хонжин (ялалт) гэх бөгөөд цэргүүдийг тулалдаанаас эргэж ирэхэд нь уншина. Энэ ёслолд хоёр хошуу нийлж орно. Нэг хошуу нь онгод хадгалдаг хошуу бөгөөд нөгөөдөх нь сартуул нэртэй түүнээс өмнө зүгт орших хошуу бөлгөө. Чингис хааны үед сартуул гэдэг омог байжээ.
Үргэлжлэл бий.