Монголын тамирчид спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикт цахиур хагалж, тив, дэлхийн тэмцээнд болон олон улсын марафонд хурд сорьж, амжилт гаргах болсон. Олимп, ДАШТ-ий эрх өвөртөлсөн марафончид хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Mongolian elite runners сlub”-ийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл базаадаг. Тэд Японд есдүгээр сард эхлэх “Аичи Нагоя-2026” Азийн наадам, хоёр жилийн дараа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах “LA-2028” зуны олимпод оролцоно. Түүний эхнэр Азийн хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Мөнхзаяа дотооддоо 3000, 5000, 10 000, 21, 42 км-ын зайн гүйлтийн дээд амжилтыг эзэмшдэг. Тэдэнд “шандас” сорьж, шагналын тавцанд медаль зүүсэн олон тэмцээн буй. Тухайлбал, 2017 онд Тайванийн “New taipei” олон улсын марафонд түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин, мөн БНСУ-д зохион байгуулсан Гунсан, БНХАУын Донгяанг, мөн 2018 онд тус улсын Шиан, Япон-Монгол тал нутгийн, Улаанбаатар олон улсын марафон, УАШТ-ий 5000, 10 000 метрт тэргүүн байр эзэлж, хос алтан медаль хүртсэн гээд тоочвол барахгүй. Дасгалжуулагч Б.Доржпаламыг тамирчин байхад хэт холын марафон тэр дундаа 100 км-ийн зайд гүйх зоригтон ховор байсан гэдэг. Тэрбээр Багахангай дүүргээс 2010 онд зохион байгуулсан 100 км-т гүйсэн анхны аварга болсон юм.
ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ШИГШЭЭ БАГИЙНХНЫГ ХОЁР Ч ТОМ ТЭМЦЭЭН ХҮЛЭЭЖ БАЙНА
“Улаанбаатар марафон-2026” хаяанд ирж, “Аичи Нагоя-2026” Азийн наадмын товлосон хугацаа дөхөж байгаа тул үндэсний шигшээ багийнхан хэдийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Тэд одоогоор Төв цэнгэлдэхийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гол бэлтгэлээ базааж, өдөрт хоёр удаа сургуулилалт хийж байгаа. Ирэх сараас Азийн наадмын бэлтгэлээ шаргуу хийхээр хотоос зайдуу гарч, Монголдоо анхны стандартын шаардлага хангасан зам хэмээгддэг Налайх дүүргийн хөнгөн атлетикийн тартан зам, Тэрэлж дэх амралтын баазыг “ашиглах” гэнэ. Тус дүүргийн олон улсын стандартад нийцсэн тартан зам нь 400 метрийн тойрог бүхий, 22 төрлөөр олон улсын чанартай тэмцээн, уралдаан хүлээн авах боломжтой байгууламж юм. Хөнгөн атлетикийн тамирчид халз тулааныхан шиг оноолт таардаггүй. Гараанаас гарсан бол түрүүлэхийг зорьдог тул бүгд хүч тэй өрсөлдөгч. Тиймээс цагийн тактик боловсруулж уралддаг. Нэг км тутмыг минутаар бодвол гурван минут 10, эсвэл гурван минут 30 секунд гэсэн тооцоо гаргаж, тогтмол хурдаа удаан хадгалж гүйх байдлаар оролцдог байна. Тухайлбал, нэг улсын дөрвөн тамирчин тактикийн уралдаан гаргах тохиолдол бий. Нэг нь урагш зугтаж, нөгөө нь тамирчдыг хөшөөх, төлөвлөсөн тактикийг нь алдагдуулах маягаар гүйнэ. Манай тамирчид цагийн үзүүлэлтээ баривал олон улсын марафонд урагшаа байр ахина. Тэгэхээр өрсөлдөгчдөөсөө илүү өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй юм. Монголд хөнгөн атлетикийн спортод амьдралаа харамгүй зориулж яваа гэр бүл цөөнгүй бий. Харин тэднээс тамирчны амьдралаас дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн Б.Доржпаламын түүх сонирхолтой. Увс аймгийн Наранбулаг сумын сургуулийн IV ангийн сурагч хүүг Б.Батчулуун багш 2000 онд анх олж хараад “Энэ хүүхэд гүйх сонирхолтой юм. Өнөөдрөөс эхэлж бэлдье” хэмээн бодож, дээд ангийнх нь ах, эгч нартай нь хамт бэлтгэл хийлгэсэн аж. Түүнээс хойш өсвөр үеийнхний хөнгөн атлетикийн УАШТ-д оролцож, медаль хүртдэг болсноор багшийгаа баярлуулж, өөрөө ч урам аван амжилт гаргаж эхэлжээ. Улаанбаатар хотод оюутан болж ирснийхээ дараа 2011 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, “Лондон-2012” зуны олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцож, олон гараа хийсэн юм.
ТАМИРЧНААС ЗОДОГ ТАЙЛЖ, ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАСАН ЗАМНАЛ
Түүнээс “Дасгалжуулагч болоход тань спортын хүрээллийнхэн арай л эрт зодог тайлчихав уу даа гэж байсан. Та эхнэрээ амжилтад хүргэхийн тулд ийм шийдвэр гаргасан уу” гэхэд “Би 2014 онд зодог тайлсан. Гэр бүлээрээ нэг спортоор хичээллэж, амжилт гаргах хэцүү. Тус тусдаа бэлтгэл хийж, өөртөө анхаарал хандуулахад хүндрэл багагүй тулгарсан. Гадаадын тэмцээнд хамтдаа оролцоход өндөр зардал гардаг тул нэгийнхээ амжилтын төлөө хамтран ажиллаж, үр дүнд хүрэх хэрэгтэйг ойлгосон юм. Тиймээс би дасгалжуулагч болж, эхнэрээ тамирчнаар үлдээн бэлтгэл хийлгэж тэмцээнд оролцуулдаг болсон. Монголд хөнгөн атлетикийг ойлгож үздэг үзэгч, дэмждэг байгууллага ховор. Цэргийн байгууллагын авдаг цалингаар амьдардаг бидний хувьд хамтдаа хурд сорино гэдэг амаргүй санагддаг байлаа. Амжилт гаргаад ирээрэй гээд гар сарвайх байгууллагагүй үед бид аав ээж, ах, дүү, найз нөхдөөсөө тэмцээний ирэх, очих зардал олдог байв. Ямар ч үед үр хүүхдүүдээ ойлгож, байгаа бүхнээ өгдөг хүн бол аав, ээж л байдаг. Тэд минь бидэнд одоо ч санаа тавьдаг. Сайхан сэтгэл, хайр, халамжийнх нь дэмэнд бид амжилтын төлөө хамтдаа зүтгэж байна. Бид нэг хүүтэй. Тамирчин байх үед хүүг минь хадам аав, ээж харж асардаг байлаа.
Тэдний тус биднийг амжилт гаргахад багагүй нөлөөлсөн шүү. Найдвартай ар талд хүүгээ даатгасан болохоор сэтгэл тайван бэлтгэлээ хийдэг сэн. Одоо бол бэлтгэл шаргуу, ачаалалтай үед хүү минь ээжийнхээ хажууд байж, эрч хүч, энерги өгдөг. Энэ нь нэг талаар эхнэрийн бэлтгэлийг сайн хийлгэх бас нэгэн тактик л даа” гэв. Тэрбээр оюутан байх он жилүүдэд өдөр бүр бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байсан хэрнээ л хичээл, ангийнхаа нөхдөөс хөндийрөөгүй аж. Хүн завгүй байх тусмаа их ажил амжуулдгийг оюутан байхдаа илүү мэдэрсэн байна. Өөрийгөө олон зүйлд сорьж, завгүй гүйх түүнд нэг бодлын хамгийн аз жаргалтай санагддаг байж. Энэ тухайгаа тэрбээр “Хэрвээ тухайн үед би дасгалжуулагч байсан бол тамирчдаа өөрийнхөө үеийнх шиг явахыг харвал бие тань ядарна ингэж, тэгж болохгүй гэж зөвлөх байсан болов уу. Одоо тэр үеэ бодохоор яаж тийм их зүйлийн ард гарч амжуулдаг байсан юм бол гэж боддог. Хүн залуу насны хурд, хүчээр олон ажлыг төвөггүйхэн амжуулдаг. Тэгээд ч дуртай спортдоо сэтгэл гаргахад ямар ч саад бэрхшээл хорьж чадахгүй л дээ” хэмээсэн юм.
МОНГОЛ ХҮН МАРАФОНД АМЖИЛТ ГАРГАЖ ЭХЛЭВ
Түүнийг дасгалжуулагч болсноос хойш эхнэр Б.Мөнхзаяагийн амжилт тодорхой хэмжээгээр ахисан. Тэрбээр гэр бүлтэйгээ 2016 онд нэлээд ярилцаж байж, дасгалжуулагчаар ажиллах шийдвэр гаргасан аж. Хамгийн боломжтой хувилбар бол “Чи эмэгтэйчүүдийн марафонд хурд сорьж, харин би дасгалжуулагч болъё” гэхэд уриалгахан хүлээж авчээ. “Рио-2016” олимпын наадмын дараа төлөвлөгөө гаргаж, эхнэрээ бэлтгэл хийлгэж, 2017 онд Тайваньд зохион байгуулсан тэмцээнд оролцуулахад түрүүлсэн байна. Тус тэмцээний үеэр ширүүн бороо орж, тамирчид их хүйтэнд уралджээ. Дараа нь залгуулаад БНСУ-д болсон олон улсын марафонд оролцож, мөн тэргүүлсэн.
Түүнээс хойш Б.Мөнхзаяа олон тэмцээнд оролцож, 2018-2025 он хүртэл бүх амжилтаа шинэчилж, байраа урагшлуулжээ. Тиймээс тэрбээр зөв алхам хийж гэдгээ эхнэрийнхээ гаргасан амжилтуудыг хараад дүгнэсэн гэдэг. Тэд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах зуны олимпод оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Наана нь Азийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын марафонд оролцох аж. Япончууд эхнэрийнх нь амжилт, амьдралын талаар баримтат кино хийж, олны хүртээл болгосныг үзэгчид марталгүй санаж байгаа болов уу. Хэдэн жилийн өмнөөс ямар тамирчид олимпыг зорих вэ гэдгийг судалж, орон орноос медаль авах магадлалтай, өсөх ирээдүйтэй тамирчдыг сонгон цуврал баримтат кино хийсэн. “NHK World” телевизийн уран бүтээлчид “Монголд марафон хөгжөөгүй, ард түмнийх нь спорт биш байтал нэг охин Азийн ихэнх тэмцээнийг тэргүүлж байна. Японд хөнгөн атлетик үндэсний спорт болтлоо хөгжсөн байхад манай тамирчидтай эн зэрэгцэх амжилт гарган гүйж байгаа Б.Мөнхзаяагийн хэрхэн амжилтад хүрсэн нь бидний анхаарлыг татсан. Тиймээс баримтат кино хиймээр байна” хэмээн санал тавьж, Б.Мөнхзаяагийн тухай “Dreaming of a medal: Mongolia” нэртэй 28 минутын баримтат кино бүтээсэн билээ. Тэднийг 2018 онд өмнөд хөршид бэлтгэл хийж байхад хоёр сар дагаж, Монгол, Япон, Хятад, Хонконгод зураг авалт хийсэн байна. Тухайн баримтат кино, бас нэвтрүүлгээрээ хөгжөөн дэмжигчдийн клуб үүсгэх бас нэгэн зорилготой байв. Үүний дараахан Японд Б.Мөнхзаяагийн хөгжөөн дэмжигчдийн клуб бий болсон юм. Тэр жилийн гуравдугаар сарын 17-нд баримтат кино анх гарснаас хойш нэг бус удаа цацагджээ. Монгол хүн марафонд амжилт гаргаж эхэлснийг гэр бүл, найз нөхөд, шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч гээд олон талаас нь харуулж, сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэжээ. Монголчууд марафонд амжилт хэзээ ч гаргахгүй гэж боддог байсан япончуудын таамаглалыг Б.Мөнхзаяа эвдсэн нь сонирхлыг нь бүр ч их татсан. Тус улсын тамирчдыг бодвол монголчуудын гэр бүл төлөвлөлт нь нээлттэй. Ид амжилт гаргах насандаа гэрлэж, хүүхэдтэй болсон ч марафоноор үргэлжлүүлэн хи чээллэж, амжилтаа жилээс жилд ахиулсаар байгаа нь тэднийг гайхшируулсан гэдэг. Тэнд тамирчид нь карьераа өндөрлүүлсний дараа 35 наснаас хойш гэр бүл төлөвлөдөг аж. Тэдний хажууд манай марафончид ажил, амьдралын хамаг ачааг нуруун дээрээ үүрсэн хэрнээ зав гарган бэлтгэлээ хийх, ямар нэгэн компани, корпорацын дэмжлэггүй, санхүүгийн хүндхэн асуудлыг бор зүрхээрээ даван туулж, тэмцээнд амжилт гаргаж байгаа нь одоо ч анхаарлыг нь татсаар байна.
ЭХНЭРЭЭ ТАМИРЧНЫХ НЬ ХУВЬД УЙЛТАЛ НЬ ЗЭМЛЭХ ҮЕ ЦӨӨНГҮЙ
Манайхан хэт холын марафонд оролцох туршлагатай. ДАШТ-ий халуун, хүнд нөхцөлд уралдаж, хамаг хүчээ шавхан барианд орохыг хараад бахархаж байлаа. Тэр үед монгол хүний тэсвэр тэвчээрийг хөнгөн атлетикийн шигшээ багийнхан харуулсан. Катарт 2019 онд болсон ДАШТ-ий марафонд манлайлж явсан тамирчид цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж, зарим нь тэмцээнээ үргэлжлүүлсэн. Монголын тамирчид дайчин зан, бие, сэтгэл зүйн хатуужлаар гадаадынхнаас ялгардаг. Дасгалжуулагчийн хувьд тэрбээр халуун цэг дээр нь байсан тул тамирч даа хараад сэтгэл нь эмзэглэсэн гэдэг. Дэлхийн шилдгүүд ч замаа дуусгалгүй тэмцээнээ өндөрлүүлж байхад манайхан өөртөө баймгүй тэвчээр гарган уралдаж барианд орсон юм. Энэ тухай тэрбээр “Тамирчдынхаа ядарч, хөл нь гуйвчихсан, хамаг тамир тэнхээ, хүчээ шавхсаныг хараад өөрийн эрхгүй сэтгэл шимширч билээ. ДАШТ-д хэн дуртай нь оролцдоггүй. Ямар ч хүнд нөхцөлд уралдсан дундаас нь орхих тамирчны сэтгэл зүйд таагүй дурсамж үлдээх тул манайхан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшилсан.Тэгвэл Японы Токио хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-д 200 гаруй орны тамирчин 49 төрөл, зайд 147 медалийн төлөө өрсөлдөхөд Монголын марафончид мөн л тэсвэр хатуужлаа харуулсан даа” хэмээн дурссан.
Түүнээс дасгалжуулагчийн ухаан, ур чадвараас тамирчдын амжилт шалтгаалдаг. Танд ажил тань хааяа амаргүй санагддаг биз” хэмээн асуултаа үргэлжлүүлэхэд “Дасгалжуулагч тамирчин байхаас хэцүү. Тамирчин амжилт гаргахын тулд бэлтгэл хийж, зөвхөн зорилгынхоо төлөө зүтгэдэг. Тэгвэл дасгалжуулагч өөрийгөө бус, тамирчин бүрийг амжилтад хүргэхийн төлөө сургуулилалтад нь санаа тавьж, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг нь цаг тутамд анхааран, ар гэрийг нь судалж, байнга холбоотой хамтран ажилладаг. Товчхон хэлбэл, олон зүйлд сэтгэлээ чилээж, хямардаг. Энэ бүхний ард амжилттай гарахад ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг” гэв.
Хөнгөн атлетикийн дасгалжуулагчид гэр бүлээрээ спортын төлөө нэг зорилготой зүтгэх нь давуу талтай. Тэд хэдий гэр бүл ч гэлээ бэлтгэлийн үед дасгалжуулагч, тамирчны хариуцлагын хүрээнд ажилладаг. Харин гэртээ бол Б.Мөнхзаяа айлын эзэгтэй, хань, ээж. Тэрбээр эхнэрээ тамирчных нь хувьд загнаж, уйлтал нь зэмлэх үе цөөнгүй байсныг нуусангүй. Энэ нь улсдаа шилдэг тамирчин бэлтгэж, олимпод амжилттай оролцуулах ажлых нь үүрэг, хариуцлагатай нь ч холбоотой. Гэр бүлийн хувьд бүх зүйлд нь хамт байдаг болохоор амжилт гаргахад ч илүү үр дүнтэй. Тиймээс нойр хэр авч амарсан, ажил, амралт, хоолоо хэрхэн зохицуулсан, бие, сэтгэл зүйн байдал нь тогтвортой байгаа, эсэхийг мэдэх боломжтой тул дасгалжуулагчаас гадна сэтгэл зүйч нь ч болдог байна. Тэрбээр марафонд зөвхөн африкчууд тэргүүлэх бус, азийнхан ч гэсэн амжилт гаргах боломжтойг дасгалжуулагчийн хувьд харуулахыг хичээж байна.