Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл,харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж буй билээ. Тэгвэл үүний хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар иж бүрэн үнэлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулснаа хүрээлэнгээс өчигдөр мэдээллээ.
“Сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл ба жендерийн тэгш байдал” судалгааг энэ онд нийслэл, орон нутгийн 300 сэтгүүлчийг хамруулан хийсэн байна. Үүгээр тэдэнд тулгамдаж буй хамгийн том асуудал нь бага цалин, санхүүгийн баталгаагүй, эдийн засгийн тогтворгүй байдал гэсэн дүгнэлтэд хүр чээ. Улмаар ажлын өндөр ачаалал, мэдээлэл авах эрхээ эдэлж чадахгүй байх зэрэг асуудал тулгамдсан хэвээр гэнэ. Мөн судалгаанд оролцогчдын 62 хувь нь редакцын нөхцөл буюу тоног төхөөрөмж, оффис, ажлын орчноо дундаж болон түүнээс доогуур үнэлсэн аж.
Аюулгүй байдлын үзүүлэлтүүд ч судалгааны үр дүнгийн онцлох хэсэг байсан бөгөөд сэтгүүлчдийн 60 орчим хувь нь ямар нэгэн байдлаар дарамтад өртсөн гэж хариулжээ. Түүнчлэн иргэдийн мэдээлэл авах гол эх сурвалж нийгмийн сүлжээ болсонтой холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд цахим платформд зориулж контент бүтээх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдсээр буйг судалгааны үр дүн харуулав.
О.Ундрах