Ийм ном та бүхний гар дээр очиж байна. “Дэлхий ертөнц, сансар огторгуй гэж чухам юу болох, хүний амьдрал, байгальтай тэр ямар холбоотой, энэ бүхэн өөр хоорондоо болон бусад биетэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөний тухай тус бүтээлийн эхний бүлэгт Буддын сургаалын үүднээс тайлбарласан болно. Хүний ердийн нүдэнд үл үзэгдэх, бидэнтэй зэрэгцэн орших манай “хөршүүд”, янз бүрийн хэмжээ, категорийн амьд биетийн тухай ойлголт өгөхийг хичээв. Монголчууд хийгээд тэртээх XIII зуунд олон үндэстэн ард түмний, Оросын төдийгүй Европ, Ази, Евразийг бараг бүхэлд нь өөртөө нэгтгэсэн аугаа их гүрнийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа байгуулсан их эзэн Чингис хааны тухай өгүүлнэ. Бурхнаас заяасан Түнхэн нутгийн гоо үзэмж, Буриадын Саяны өндөрлөг газар нутагт Буддын шашин үүсэж хөгжсөн түүхийг бас дүрсэлсэн...” хэмээн номын зохиогч өмнөх үгэнд нь бичсэн байх юм.
Буддын шашинт монголчууд дэлхий ертөнц, байгаль эх, ан амьтан, мал сүрэг, зон олонтойгоо байгалийн хуулийн дагуу амьдарч ирсэн онцлогийг нээн үзүүлжээ. Арвин баялаг судалгаанд тулгуурласан, сонирхолтой баримт, фото зураг, уран зураг бүхий энэ ном Монголын уншигчдын эрэлт сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна гэж академич Т.Дорж энэ номыг үнэлжээ. 1996 оноос ОХУ-ын Буриадын Түнхэн аймгийн Хойморын (Хандгайтай) Бодхидхарма хийдийн ширээт ламын албыг хашиж байгаа Владимир Шаглахаев-Даши ламын орос хэлээр туурвисан энэ ном саяхан монголоор хэвлэгдсэн юм. Номын дотор талд “Шашин, соёл гэгээрлийн бүтээл” гэж бичсэн байна билээ. Даши ламтан бээр “Төв Азийн бүс нутаг дахь Төвөд эмнэлгийн био атлас (2010 он), “Хойморын хийдийн өнгөрсөн хийгээд өнөөгийн байдал” (2003), “Саяын нурууны Буддын шашин: түүх, орчин үе” (2005), “Төвөд эмнэлгийн био атласын буриад хувийг аврах нь” зэрэг бүтээлийг дангаар болон бусадтай хамтарч бичсэн, “Алтан-Мондарга уулын хормойд буй хийд” хэмээх DVD киног 2010 онд орос, англи хэлээр бэлтгэжээ.
Р.Жаргалант