Сонгинохайрхан дүүрэг дэх Олон улсын худалдаа, ложистикийн төв буюу хуучнаар 22-ын товчоон дахь автомашины худалдааны цогцолбор амралтын өдрүүдэд ажиллахаар боллоо. Тодруулбал, автомашины худалдан авалт амралтын өдрүүдэд идэвхждэг хэдий ч автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээнийхэн ажилладаггүй байв. Энэ нь 1000 гаруй бизнес эрхлэгчийн борлуулалт саатах гол шалтгаан болж байж. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд иргэд машин худалдан авахаар тохиролцсон ч бичиг баримт бүрдүүлэх, өмчлөгч шилжүүлэх, улсын дугаар авах боломжгүй болж, даваа гараг хүртэл хүлээх, эсвэл ажлын өдөр дахин ирэх шаардлагатай тулгардаг. Үүний улмаас олон тохиолдолд гэрээгээ цуцалж, бизнес эрхлэгчид орлогоо алддаг гэнэ. Иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн Авто худалдааны цогцолбор дахь салбарыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн амралтын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ажиллуулж, даваа, мягмар гарагт амраахаар шийдвэрлэсэн байна.
Ч.Туяа