Монголын таеквондогийн шигшээ багийн тамирчин, “Таеквондо академи”-ийн дасгалжуулагч, “МонАлтиус” биеийн тамирын дээд сургуулийн III курсийн оюутан, улсын зургаан удаагийн аварга, “Дэгү-2024” дэлхийн оюутны таэквондогийн наадмын хүрэл медальт, спортын мастер Б.Золжаргал спортын хоёр төрөлд ур чадвараа сорьдог. Хүүхэд байхаасаа таеквондогоор хичээллэсэн тэрбээр хар бүст, II дантай. Монголын оюутны спортын VI наадам 2024 онд болоход мөнгөн медаль хүртсэн бол энэ удаагийнхад түрүүлсэн юм. Спортын гимнастикт хожуу хөл тавьсан ч ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотод болсон олон улсын тэмцээний (степ) төрөлд багийнхантайгаа оролцож алт, аэробикийнхэд мөнгөн медаль гардаж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “M bank arena”-д энэ сарын 19-26 хүртэл үргэлжлэх олимпын таеквондогийн Азийн АШТ-д өрсөлдөхөөр бэлтгэл базааж буй түүнийг зочноор урилаа.
-Та энэ онд зохион байгуулсан дотоодын хоёр ч томоохон тэмцээнд оролцож, амжилт гаргалаа. Монголын оюутны спортын наадам, таеквондогийн УАШТ-д их, дээд сургуулиудын шилдэг тамирчид оролцдог. Тэднийг ялж, тивийн тэмцээнд өрсөлдөх эрх авна гэдэг чанга шүү дээ.
-Би энэ удаа 57 кг-д оролцсон. Миний хувьд тус жингийн тамирчдад шинэ танил нь байв. Өндөр, биерхүү, чац урттай, хүч бяраар илүү тэднийг хожиж, түрүүлэх амаргүй санагдсан. Оюутны УАШТ, спортын наадам зэрэг дотоодын томоохон тэмцээнд орон нутгийн болон клубийн найзуудтайгаа нэг жинд таарах тохиолдол цөөнгүй. Энэ жил аваргын төлөө МУБИС-д сурдаг найзтайгаа өрсөлдсөн. Бид энгийн үед сайхан нөхөрлөдөг ч тэмцээнд бол ана мана тулалддаг. Таеквондогийн спортын 70 хувь нь хөл, 30 нь гарын ажиллагаа шаарддаг. Дүрэмд нь жил бүр том ч биш гэлээ өөрчлөлт ордог. Тулааны үед хийж болохгүй хориглох заалт хүртэл бий. Тухайлбал, дэвжээнээс нэг хөлөө гаргавал, мөн хөлөө өргөөд буулгавал торгуулна.
-Улаанбаатарт зохион байгуулах олимпын таеквондогийн Азийн АШТ ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх нь. Та жингийнхээ шилдгүүдтэй өрсөлдөх болохоор багагүй судалсан байх. Тайланд, Филиппин, Сингапурын баг тамирчдын түрүүч нь Монголд ирлээ.
-Миний хувьд таеквондогийн Азийн АШТ-д хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Эх орондоо зохион байгуулахад амжилттай оролцож, медаль хүртэх зорилго тавьсан. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сараас бэлтгэлдээ анхаарал хандуулж, өдөрт гурван удаа сургуулилалт хийж байна. Монголын таеквондогийн холбоо УАШТий жин тус бүрд эхний хоёр байрт шалгарсан тамирчдаа тивийн тэмцээнд оролцуулахаар бэлдсэн. III, IV курсийн оюутнуудад сурч, судлах зүйл их гарна. Хичээлдээ явах, бэлтгэлээ үргэлжлүүлж, тэмцээнд оролцоход нэг л мэдэхэд цаг хугацаа хурдан өнгөрдөг. Сурахын хажуугаар дасгалжуулагчаар ажиллах ачаалалтай санагддаг ч Азийн шилдэг тамирчидтай нутгийнхаа дэвжээнд тулалдана гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл догдолж байна. Завгүй байсан ч олон ажлыг амжуулж сургасан оюутан цагийн он жилүүд амьдралд минь сайхан дурсамж үлдээж буйд баярладаг. “МонАлтиус” биеийн тамирын дээд сургуульд 2023 оны намар элсэн орж, дараа жил нь оюутны спортын VI наадамд түрүүлж, Вьетнамд болсон Азийн АШТ-ий эрх авчхаад баярлаж зогссон мөч санаанд тод үлджээ.
-Таныг өмнө нь олон улсын тэмцээнд оролцсоныг санаж байна. Хөл тавьсан орнуудаас чинь Вьетнам сонирхлыг тань хэр татав?
-Тус улсад тивийн тэмцээнд оролцохоор ирсэн Азийн орнуудын тамирчдыг хараад би ч бас тэдний нэг шүү дээ гэж бодож, урам авч билээ. Тэнд хөл тавьсан эхний өдрөөс улсынх нь хөгжил, орчин нөхцөл, тэмцээн болох газрын уур амьсгал, иргэдийнх нь ахуй амьдрал, соёл, хоол хүнс, худалдаа арилжаа гээд бүх зүйл нь сонирхолтой санагдсан. Манайхыг бодвол дулаан цаг агаартай тул чийглэг уур амьсгалтай, ногоон байгууламж ихтэй нь таатай бодол төрүүлсэн. Таеквондогийн тэмцээний дүрэм, заалт, тулааны техникүүд адил байдаг ч тамирчдын бэлтгэл хийх арга барил нь өөр. Тэр дундаа БНСУ, Филиппин, Энэтхэг, Казахстаны тамирчид амжилт илүү гаргадаг. Тэднээс хурд, хүч, өндөр сэтгэл зүй, өөртөө итгэлтэй байдал тэмцээний үед анзаарагдаж байв. Тэр үед шилдгүүдийн ур чадвар, туршлага, техникийг хараад таеквондо манай улсад хөгжиж буй спорт болохыг ойлгосон юм.
-Тивийн тэмцээнд дахин оролцох гэж буй танд өмнөхөөсөө илүү амжилт гаргах үүрэг хариуцлага ирж байна.
-Тийм ээ. Үүнийг маш сайн ойлгож байгаа. Олимп, дэлхийн аварга, олон улс, тивийн медальтнуудтай эн тэнцүүхэн тулалдахын тулд өөрийн давуу тал, таеквондогоос сурсан бүхнээ харуулна. 2024 онд болсон тивийн тэмцээнд алдаагаа олж харсан болохоор бэлтгэл хийхдээ хурд, ойрын зайд ажиллах чадвартаа түлхүү анхаарсан. Азийн зарим орны тамирчид биерхүү, өндөр. Миний хувьд тэдэнтэй ойрын зайнаас тулалдаж, оноо авах нь чухал. Вьетнамаас тээж ирсэн бодлоо эх орныхоо дэвжээнд хэрэгжүүлэхийн тулд жиндээ таарах магадлалтай тамирчдын тулалдах арга барил, онцлогийг багагүй судалж, хоёр жил уйгагүй бэлтгэл хийлээ. Ингэх нь эхэндээ хэцүү санагдсан ч одоо бол надад ядрах эрх байхгүй шүү дээ.
-Дасгалжуулагчаар ажиллаад та хоёр жилийг үджээ. Тамирчин бэлтгэхээр ажлаа хүлээж авсан анхны өдөр ямар бодол төрүүлсэн бэ?
-“Мон-Алтиус” биеийн тамирын сургуулиас таеквондогийн дасгалжуулагчаар ажиллуулах санал анх тавьсан юм. “Таеквондо академи”-д 20 гаруй хүүхэд хичээллэдэг. Дасгалжуулагчаар ажиллах тамирчин байхаас хэцүүг эхний өдрөөс л мэдэрч билээ. Тэр үед ажлаа умартаж, алдаа гаргаж болохгүйг ойлгосон. Дасгалжуулагчаар ажилласан анхны өдөр хүүхдүүдийн өмнө зогсохдоо “Би юу хүлээгээд авчхав аа. Энэ ажлыг хийж чадах болов уу” гээд эргэлзэж байлаа. Шавь нараа бэлтгэл хийлгэсэн ч ур чадвар нь ахихгүй, тэмцээнд оролцуулсан ч амжилт дорвитой гаргахгүй үед нэг хэсэг шантарсан. Намайг халшрах үед сургуулийн маань багш нар, хамт олон, ангийн нөхөд, тамирчдын маань аав, ээж дэмжиж, урам өгч хурцалсан. Тийм үед “Би ажиллаж чадахгүй байна уу, миний заасан зүйл буруу байв уу, бэлтгэл хийлгэх арга барил дутав уу” гэж өөрөөсөө асууж, бүх алдааг хайдаг юм билээ. Тамирчин бэлтгэхээр анх удаа ажиллаж буй болохоор юунаас эхэлж заахаа мэдэхгүй балмагдсан удаа ч цөөнгүй. Тиймээс холбооныхоо дасгалжуулагч, сургуулийнхаа багш нараас, намайг энэ спортод хөл тавихад амжилтад хөтөлсөн Сэлэнгэ аймгийн таеквондогийн дасгалжуулагч Д.Алтантуяа багшаасаа нэг бус удаа зөвлөгөө авсан. Түүнээс хойш дасгалжуулагчийн сургалтад хэдэн удаа хамрагдаж, мэдлэг, заах арга барил, туршлага, ур чадвараа ахиулсан.
-Шавь нарынхаа ар гэрийнхэнтэй хэр холбоотой, хамтарч ажилладаг вэ. Эцэг, эхтэй нь ойлголцоно гэдэг бас нэг том ажил шиг санагддаг уу?
-Тамирчдынхаа ар гэрийнхэнтэй ойлголцож, хамтарч ажиллах нь амжилт гаргахад багагүй нөлөөлдөг. Эцэг, эхчүүд хүүхдээ эхлээд гаднын нөлөөнөөс биеэ хамгаалж сурах, мөн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, дэлгэцийн хамааралтай болгохгүйн тулд гар утаснаас холдуулах, бие бялдрыг нь спортоор хөгжүүлж, зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор хичээллүүлдэг. Бид шавь нартайгаа аль болох нээлттэй харилцаж, хүсэл, мөрөөдөл, сонирхлыг нь сонсдог. Надад ажлаа долоо хоног, сараар төлөвлөх амар санагддаг. Өмнө нь зөвхөн өөрийн амжилтад анхаардаг байсан бол одоо улсдаа тамирчид бэлтгэж байна. Хүүхэд бүртэй тулж ажиллахаас гадна зан чанар, бие, сэтгэл зүйн онцлогт нь тохируулан бэлтгэл хийлгэдэг. Шавь нар минь хамгийн сүүлд Улаанбаатарын нээлттэй тэмцээнд 10 медаль хүртлээ. Тэднийхээ амжилтаас урам авч, “Шавь нараа сайн тамирчин болгохын тулд үүнээс ч илүү хичээж ажиллах ёстой” гэсэн бодол төрсөн. Дасгалжуулагч, тамирчин хоёр спортын хөгжлөөс хоцрохгүйн тулд байнга эрэлхийлж, судалж, суралцах ёстой. Багшийн хувьд тамирчдаа тэмцээнд оролцуулахдаа алдааг нь олж хараад, өрсөлдөгчдийнх нь давуу болон сул талыг судлан ямар арга барилаар бэлтгэл хийлгэхээ сайтар боддог болсон.
-“Хараагийн хөх чоно” клубээс та спортынхоо гарааг эхлүүлсэн юм билээ.
-Сэлэнгэ аймгийн Мандал сумаас төрсөн тамирчдын нэг нь би. Дасгалжуулагчаар ажилласБ.ЗОЛЖАРГАЛ: Тивийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн тулалдахын тулд таеквондогоос сурсан бүхнээ харуулна наас хойш найз нөхөдтэйгөө уулзах зав ховор гардаг болсон. Нутагтаа ч очилгүй удаж байна. Сар шинийн баяраар шигшээ багийнхан нэгдсэн бэлтгэлд гарсан тул аав, ээжтэйгээ золгож амжаагүй явна. Намайг таеквондогоор анх хичээллэхэд манайхан дуртай хүлээж аваагүй ч тэмцээнд оролцох тусам дэмжиж, ойлгодог болсон. Тэд минь намайг дасгалжуулагчаар ажиллаж байгааг мэдээд “Чи чинь хэзээнээс багшлах болоо вэ” гэж их гайхсан. Харин одоо тамирчдын минь бэлтгэл сургуулилалтад анхаарал тавьж “Шавь нар тань бэлтгэлээ хэр хийж байна. Тэмцээнд хэрхэн оролцож, амжилт гаргав” гээд асуудаг. Спорт хөгжихийн хэрээр эцэг, эхчүүд тулааны спортыг ойлгож, хүлээж авах хандлага өөрчлөгдөж байна. Тэдний зарим нь хүүхдийнхээ тулалдахыг үзэхээс гадна тэмцээн зохион байгуулах ажилд тусалдаг. Миний хувьд тамирчин, дасгалжуулагч, гэр бүл хамтарч ажилласны үр дүнд амжилт ирдэг гэж боддог. Манай академийн дасгалжуулагчид ч ийм зарчим баримталж ажилладаг. Бидний гар, сэтгэл нийлдэг. Өөрсдөө ч тамирчин болохоор нэгийнхээ ажлыг маш сайн ойлгоно. Завгүй үед нэгийгээ нөхөж ажилладаг үе бишгүй.
-Ах нартайгаа ана мана ноцолдож өссөн охиныг аав, ээж нь жүдогоор хичээллүүлэх гээд дийлээгүй гэж сонссон. Үнэн үү?
-Тийм ээ. Манайхан намайг жүдогоор хичээллүүлэх сонирхолтой байсан. Нэг өдөр жүдогийн секцэнд бүртгүүлэхээр очихдоо таеквондогийн эмэгтэй дасгалжуулагчийг хараад нэрээ бичүүллээ. Тэгтэл хамаатны ах дүүс “Эмэгтэй хүүхэд хөвгүүд шиг зодолдох муухай. Чамд зохихгүй. Толгой руугаа өшиглүүлээд бэртвэл яана. Жүдогоор хичээллэ. Охид барилдаад амжилт гаргаж байна” гэж ятгав. Тэднийг “Энэ нөхөр таеквондогоор амжилт гаргах нь юу л бол. Хөвгүүдэд үсэртэл ганц өшиглүүлээд хаширах байлгүй” гэж ярих тусам шар хөдөлж, бэлтгэлээ нууцаар хийдэг сэн. Эгч намайг таеквондо, ээж жүдогоор хичээллүүлэх гэж багагүй зөрчилддөг байлаа. Манайхан 2017 онд болсон олон улсын тэмцээнд оролцож, алтан медаль хүртэхэд баярлаж “Чамайг ийм амжилт гаргана гэж төсөөлж байсангүй. Баяр хүргэе, хойшид улам хичээгээрэй” гэж урам хайрласан. Эгч одоо ч миний оролцсон тэмцээн бүрийг алгасалгүй үздэг. Ялж, ялагдахад минь хамт байж, сэтгэлийн дэм өгдөг юм.
-Гадаадын орнуудад хөл тавих боломж тамирчдад байдаг. Хаанаас хамгийн сайхан бодол тээж ирснээ сонирхуулвал хэн нэгэнд аялах хүсэл төрөх ч юм бил үү?
-Спорттой нөхөрлөсний ачаар нэг бус удаа хилийн дээс алхсан. Тамирчин хүн очсон улс бүрдээ эх орондоо байхгүй зүйлийг түрүүлж хардаг. Хонконгод анх хөл тавихад цэцэрлэгт хүрээлэн, гоё загвартай баригдсан спортын цогцолборуудыг хараад бахархаж байв. Тэнд хөгшин, залуу гэлтгүй бүх насныхан цэцэрлэгт хүрээлэнд өглөө эрт цуглаад, хөгжмийн аялгуунд дасгал хөдөлгөөн хийх нь сайхан санагдсан. Өмнөд хөршийнхний эрүүл чийрэг, урт насалдаг нууц нь энгийн зүйлд байдгийг тэр үед мэдсэн.
-Тамирчид дасгалжуулагч болоод амжилтад хүргэсэн багшийнхаа хэлснийг хэрэгжүүлж харагддаг. Д.Алтантуяа багшийн ямар зөвлөгөөг марталгүй санаж явдаг вэ?
-Багш минь хөдөлмөрч. Шавь нараа шаргуу бэлтгэл хийлгэж, амжилтад хүргэдэг. Тэрбээр өөрийнхөө юу хийж байгааг олонд харуулж, тайлагнахгүйгээр чимээгүй хөдөлмөрлөдөг зантай. Бидэнд “Чимээгүй хөдөлмөрлөж, зорилгоо биелүүл” гэж зөвлөдөг байсныг би бас одоо шавь нартаа хэлдэг юм.