Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
УИХ-ын гишүүн Э.Одбаяр бол АН-ын жагсаалтын 11-т бичигдэн хууль тогтоох байгууллагын босгыг алхсан нэгэн. 2023 онд түүнийг АН-ын генсекээр томилоход л олон нийт юун залуу, хаанаас гараад ирэв гэж анхаарсан байх. Овгийн эхний үсэг, нэр нь ижил учраас түүнийг тус намын дарга асан С.Эрдэнийн хүүтэй андуурах нь бий. Үнэндээ тэд С.Эрдэнийн үүсгэн байгуулсан “Гурван тамир” сургуульд нэг ангийн сурагч, найзууд байжээ. Тиймээс ч найз нь аавтайгаа танилцуулж, улс төрд өгсөх замыг нь зассан гэдэг юм билээ. Улс төрчийн үүсгэн байгуулсан сургуульд суралцсан нь нөлөөлж, Э.Одбаяр 2007 онд 20 настайдаа АН-д элссэн юм байна.
С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон үеэс хүүгийнхээ найзад санаа тавьжээ. 20 гаруйхан настай залууг яамандаа албаны болон газрын даргаар томилон ажиллуулсан аж. Ер нь 2012-2016 онд тэр нэлээд “эрхэлж”, ХАХНХЯ, Хүүхдийн төлөө газар хооронд буурь сэлгэснийг намтраас нь харж болно. Хамгийн сүүлд Хүүхдийн төлөө газрын даргаар томилогдоод байтал нь сонгууль болж, АН-ын засаглах хугацаа дууссан байдаг. Тэгмэгц 2017-2019 онд намынхаа ХЭГ-ын дарга хийжээ. Энэ хүртэл тэрбээр С.Эрдэнэ даргын ивээлд амьдарсан юм. “Ах” нь сайд биш ч намынхаа дарга байсан тул түүнийг ийнхүү өөд татсаар ирсэн гэсэн үг. Харин сонгуульд нам нь дахин ялагдаж, даргын албаа тушаахад “дүү” нь түүнийг хаяж, өөр “нөмөр” хайсан байна.
АН-ын ХЭГ-ын дарга байхдаа төлөөллийн төв байгууллагынхаа гишүүдийн татварын мөнгөөр казино тоглосон, нарийн бичгийн даргаар томилуулж өгөөд орон сууц авсан гэх мэт асуудал байсан талаар тэр үеийн мэдээллийн сайтуудаар бичсэн байх юм. Мөн 2020 оны сонгуулийн өмнө өөрийг нь улс төрд өргөж оруулсан хүнийхээ нэрийг барьж, Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний экс эхнэр Т.Баясгалан нараас 600 орчим сая төгрөг залилсан асуудлаар түүнийг хуулийн байгууллага шалгаж байжээ.
Ингээд тэрбээр Ц.Туваан, Х.Баттулга нартай “нөхөрлөх” болсон аж. АН-ын их талцал дуусаж, Л.Гантөмөрийг дарга болоход зөвлөх нь, удалгүй фракцуудаа эвтэй байлгахын тулд 15 дэд дарга сонгоход ч нэг нь болов. Үүнээс ердөө гурван сарын дараа намынхаа генсек болж тушаал дэвших нь тэр. Түүний шинэ “нөмөр” болох Х.Баттулгын татаас, нөлөөллөөр ийнхүү өгссөн байна. УИХ-ын 2024 оны сонгуулиар жагсаалтын дээгүүр бичүүлсэн нь ч ийм учиртай байх нь. Сонгуулийн дараа МАН, АН-тай хамтарч Засгийн газар байгуулахад түүнийг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргаар томилсон юм. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү энэ талаар “Э.Одбаяр, Х.Баттулга, Л.Гантөмөр нар бол МАН-аас манай намд томилсон бүрэн эрхт төлөөлөгчид” хэмээн хэлж байжээ.
Э.Одбаяр Эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар дүүргэж, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Удирдлагын академид тус тус магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Өнөөдрийг хүртэл туулсан замыг нь харвал тэр улс төрд нөлөө бүхий хүмүүстэй ойртож, тэдний татаасаар л өгсөж ирсэн байх юм. Өөрийн хүч, мэдлэгээр явж чадахгүйгээ ойлгоод арай дөт, хялбар зам сонгосон бололтой. Гэхдээ шадарлаж дуусаад зам салахдаа С.Эрдэнэд тун онцгүй зан гаргасан нь түүний ямар хүн бэ гэдгийг харуулна. АН байтугай МАН-ыг “баздаг” Х.Баттулга гишүүн бол С.Эрдэнэ шиг гэнэдэхгүй биз ээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн болсноос хойших хоёр жилд тэр ямар ажил хийснийг сонирхлоо. Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүн юм байна. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ярьсаар байгаа ч өргөн барьсан төсөл алга. Ер нь чуулганы хуралдаанд ч тэр бүр үг хэлдэггүй, санаачилсан тоймтой хуулийн төсөл ч үгүй л гишүүн аж. Тэрбээр АН-ын арын албанд цөөнгүй жил сураг чимээгүй ажилласан тухайгаа “Ил гаралгүй явж ирсэн. Тэгсэн атлаа миний талаар элдэв “домог” их болсон, тэр нь үнэн гэхэд ч хэцүү” хэмээн ярьжээ. Тэгвэл одоо ч бас УИХ-д ил гардаггүй, тодорч ажилладаггүй ч албан тушаал, “бялуу”- наас хоцордоггүй гишүүдийн нэг болсон байна.