Ерөнхийлөгчийн сонгуульугтсан улс төр хэдийн өрнөж, альнамаас хэнийг нэр дэвшүүлэх сунгаа, таамаглал эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор парламентад суудалтай жижиг намуудад ч өрсөлдөөн өрнөж буй юм. Тэгвэл үүнээс өмнө хууль, эрх зүйн орчноо тодорхой болгох нэг чухал ажил бий. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зарим өөрчлөлт оруулах саналаа өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан. Мөн уг хуулийн 81.1-т “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульбатлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” хэмээн заасан. Тэгэхээр парламент эл хуульд “засвар” хийхэд сарын хугацаа л үлдээд буй.
Түүнчлэн УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Төрийн тэргүүнийг зургаан жилээр нэг л удаа сонгодог болгосон. Гэвч Ерөнхийлөгчийн тухай хуулийг үүнд нийцүүлэхээ “мартсан” байв. Тэгвэл Цэц иргэн Д.Отгонбатын гомдлоор энэ сарын 8-нд уг асуудлыг хэлэлцээд, дээрх хуулийн холбогдох заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн түдгэлзүүлсэн. Тэгэхээр УИХ Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх учиртай. Үүнтэй хамтатгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулна гэсэн хүлээлт байна. Мөн үүсээд буй тогтолцооны гажуудлыг үүгээр засах эхлэлийг тавина гэж найдна.
САНАЛ АВАХ ХУВИЛБАРЫГ УЯН ХАТАН БОЛГОНО
СЕХ-ны тухайд санал авах үйл явцтай холбоотой зарим өөрчлөлт оруулахаар хандсан аж. Тэд өнгөрсөн сонгуулиудын зохион байгуулалт, сонгогчдын оролцоонд судалгаа хийж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар УИХ-д санал хүргүүлэх чиг үүрэгтэй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох иргэдийн ирц тасралтгүй буурсаар ирсэн тул санал өгөхтэй холбоотой уян хатан зохицуулалтыг хуульд нэмэх хэрэгтэй гэж тэд үзсэн юм. Сонгогчдын ирц 1993 онд 92.7 хувь байсан бол 2021 онд 59.29 болжээ. Үүний шалтгааныг тодруулахаар СЕХ-ныхон 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11 700 сонгогчийг хамруулсан судалгаа хийсэн байна. Оролцогчдын 33.9 хувь нь “Санал авах өдөр байнгын оршин суугаа хаягаасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай, 0.5 хувь нь гадаад улсад байсан гэжээ. Мөн 2024 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл”- ийг УИХ-аар хэлэлцээд бүртгэгдсэн хаягаасаа өөр газарт байгаа оюутан, төрийн албан хаагчид, ээлжийн ажилтнуудын сонгох эрхийг эдлүүлэх боломжит хувилбарыг боловсруулах үүргийг СЕХ-нд өгсөн аж.
Хилийн чанадад манай улсын 120 гаруй мянган хүнажиллаж, амьдардаг гэсэн албан ёсны тоо бий. Тэдний ердөө 5-6 хувь нь л сонгуульд оролцохоор бүртгүүлдэг байна. Бүртгүүлсэн хүмүүсийн 65 хувь нь л саналаа өгчээ. Иргэд тухайн улс, хотод байгаа дипломат төлөөлөгчийн газарт заавал биеэр очиж санал өгөх ёстой. Гэтэл амьдардаг хотод нь ЭСЯ, Консулын газар байхгүй бол иргэд өөр хот, муж руу хэдэн цагаар явж очих болдог тул бүтэн өдрийн ажлаа алдана. Тиймээс гадаадад амьдардаг иргэдийн сонгуулийн оролцоо ийм бага байдаг. Мөн саналыг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө авдаг учраас ямар хүмүүс өрсөлдөж буй тухай мэдээлэл хомс, энэ талаар судлах боломжгүй. Санал авах өдөр нь цөөн тул холоос ирж оролцоход хэцүү гэх мэт шалтгаантай байдаг гэнэ. Түүнчлэн улирлын чанартай ажил эрхэлдэг 56 000, оюутан 20 000, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож буй 46 000 төрийн албан хаагч, нийт 250 000 орчим иргэнсонгох эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн тооцоог СЕХ гаргажээ.
Тиймээс гадаадад амьдардаг иргэдийн хувьд санал авах өдрийн тоог сунгах, заавал урьдчилан бүртгүүлэхгүй, мөн сурталчилгаа эхэлснээс хойш саналыг нь авах зохицуулалт хийхээр санал өгчээ. Ингэхдээ заавал биеэр биш, цахимаар сонгох эрхээ эдлэх боломжийг нээе гэсэн байна. Энэ тухай олон жил ярьж буй ч ажил хэрэг болгохгүй явсаар өдийг хүрсэн билээ. Дээрх 250 мянган иргэний тухайд саналыг урьдчилан авах болон харьяалал харгалзахгүйгээр сонгох эрхээ эдлэх боломжийг нээж өгөх нь зөв гэжээ.
Монгол Улсын иргэн бүр сонгох эрхээ эдлэх эрхтэй. Тэдэнд ийм боломжийг нь бүрдүүлэх талаар УИХ анхаарах үүрэгтэй юм.
“ЗОЛИОС” БОЛСОН ХҮМҮҮС
Монгол Улсад ардчилсан тогтолцоо бий болсноос хойш зургаан хүн Төрийн тэргүүнээр сонгогдон ажиллажээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат бүрэн эрх нь дууссанаас хойш улс төрөөс хол амьдарсан. Ц.Элбэгдорж ч мөн адил улс төрөөс холдсон ч зарим улс төрч түүнээс “салах” дургүй, байнга үйл явдалд татан оролцуулсаар, буруутгасаар яваа билээ. Төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдсон Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д 10 гаруй жил суусан. Харин 2009, 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Х.Баттулга нарт тийм “зангараг” байсангүй. Улс төрийн албан тушаалын хамгийн өндөр карьерт хүрсэн хэдий ч тэд ханасангүй. Тиймээс буцан ирэхээр, дахин “хаан” болохоор оролдсоор.
Н.Энхбаяр дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа бараг л “хаан” болсон байв. Урт шар дээлээр гоёж, айл бүрийн хойморт зургаа залахыг “шаардах” шахсан. 2009 оны сонгуулиар дахин өрсөлдсөн ч ялагдсан юм. Гэвч үүнээс хойш тэрбээр МАН-аас МАХН-ыг “таслан авч”, тусгаар тогтнох ажиллагаагаа эхлүүлсэн. Хувьсгалт хэмээх үгийг шүүхээс авах тэмцэл одоогийн МАН-д тухайн үед өрнөсөн. Улмаар 2012 оны дөрөвдүгээр сард тэрбээр авлига, албан тушаалын хэргээр дуулиантайгаар баривчлагдсан билээ. Жил гаруй ял эдэлсэн түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөлд хамруулсан байдаг. Үүнээс хойш хоёр ч сонгуульд тэрбээр нэрээ дэвшүүлэхээр оролдоод бүтсэнгүй. Оронд нь хүүгээ улс төрд “шургуулсан”. Гэвч араас нь “удирдсан” хэвээр, МАХН-аа МАН-д буцаан нэгтгэж, өөрийн бүлэглэлийг хадгалсаар явна.
Х.Баттулгын тухайд улс төрөөс явах биш, дахин “хаан” болох бодлоо хэрэгжүүлсээр яваа юм. Тэрбээр 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнийг Ерөнхийлөгч байсан он жилүүдэд АН-ынхан хэрхэн талцаж, хуваагдсан нь “Төрийн тэргүүнтэй намын зовлон” байсныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ярьжээ. Одоо Х.Баттулга гишүүн АН доторх гол фракц болох МоАХ-гоо удирддаг, энэ нь тус намын нөлөө бүхий бүлэглэл. Бүр эрх баригч МАН доторх 1980-аад оны бүлэглэлтэй халаас нэг хүн. Тэрбээр АН-ыг ч, МАН-ыг ч тайван байлгадаггүй “мангас” болж хувираад байна. Жирийн нэг улс төрч байсан хүнийг гажуудсан тогтолцоо, “долоогчдын” хүрээлэл нь ийнхүү “мангас” болгон хувиргасанаж. Тэгэхээр нөгөө талаар тэд эл тогтолцооны “золиос” болсон хүмүүс гэсэн үг.
АЛДААГ ЗАСАХ ЗОРИГ ЭНЭ УИХ-Д БИЙ ЮҮ
Үндсэн хуулийн 30.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн заасан байдаг. Гэвч өнөөдрийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх МАН-ыг, тэдний улс төрөөр дамжуулан улс орноо талцуулагч болж хувираад байгаа. Хэдийгээр нам бус ажиллах ёстой ч Ерөнхийлөгч болсон хүн намаасаа холддоггүйг өмнөх жишээнүүд харуулдаг. Бодит боломж ч тогтолцоонд нь алга. Тиймээс эдүгээ У.Хүрэлсүх МАН доторх нөлөө бүхий хүн болоод буй. Засгийн газрыг огцруулах, намыг талцуулах зэргийг тэр чиглүүлдэг гэхэд буруудахгүй. Төрийн тэргүүнтэй ойлголцож чадаагүйн улмаас Засгийн газар нь огцорсон тухай Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ярьсан нь бий. Тэр таван жилийн турш Ерөнхий сайд байхдаа олигтой ажиллаж чадаагүй, оронд нь өөрийгөө “хаан” болгох замыг зассан учраас иргэдээс муу үнэлгээ авсан. Мөн авлигын асуудалд холбогдоод огцорсон нь ч үнэн. Хэдий тийм ч цаана нь институц хоорондын эрх мэдлийн хуваарилалт алдагдсан асуудал байжээ. Тиймээс ч МАН-ын даргын төлөөх талцал төр, улсын хэмжээнд нөлөөлөв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ба экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл хэмээн МАН дотроо хуваагдсан. Одоо ч энэ зөрчил үргэлжилж буй.
“Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж байдаг, АН-ынхан ч Төрийн тэргүүнээсээ болж дотроо хоёр талцсан, одоо МАН үүнийг давтаж байна” хэмээн хуульч гишүүн Х.Тэмүүжин хэлжээ. Нам бус байж ард түмний эв нэгдлийг илэрхийлэх учиртай Ерөнхийлөгч яагаад намын дотоод асуудалд оролцдог, талцуулдаг, улс орноо бужигнуулдаг болчхов. Тэгвэл гишүүн Х.Тэмүүжин энэ талаар “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой Ерөнхийлөгчийн албан тушаал өнөөдөр “чөтгөрийн суудал” болж хувирсан. Үндсэн хуулиар Төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийн бэлгэдэл. Гэтэл өөр олон хуулиар Ерөнхийлөгчид байх шаардлагагүй эрх мэдлүүдийг өгчихсөн байна. Эл “овоорсон” их эрх мэдэл нь Төрийн тэргүүнийг эв нэгдлийг хангагч бус, энэ улсын “эзэн”, дайны баатар болгочхоод байгаа юм. Уг нь Ерөнхийлөгчийн суудал бол тэхийн зогсоол. Ерөнхийлөгч улс төр, төрийн албан тушаалын хувьд хамгийн өндөр карьерт очсон хүн. Гэтэл угөндөр суудлаас доошоо бууж, УИХ-ын гишүүн, нэг намын дарга, ТӨК-ийн Удирдах зөвлөлд ороод байж болохгүй. Төрийн тэргүүн байсан хүн шанага, тогооны хэрүүлд оролцох учиргүй юм. Ийм болгодог гаж тогтолцоог засах ёстой” гэжээ.
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн, тангаргаасаа няцсан гишүүдийг эгүүлэн татах санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргаад буй. Хэлэлцэхийг нь УИХ-аас дэмжсэн ч энэхүү төсөл одоо болтол гацаанд байна. Уг асуудлыг хэлэлцэх үед МАН доторх 1980-аад оны бүлэглэлийнхэн, бусад нам дахь Л.Оюун-Эрдэнийн “улаан хамгаалагчид” “Ерөнхийлөгч парламентын бүрэн эрхэд халдлаа, түүнд ийм хууль санаачлах эрх байхгүй” гэх мэтээр шүүмжилсэн. Хэдийгээр тэд “арьсаа хамгаалан” ингэж хэлж буй ч бодох л асуудал мэт. Мөн манай улс төрд үе үе нэг хүний засаглалын тухай яриа “сэргээд” байдаг ч гэмтэй. Үүнтэй зэрэгцээд У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох замаа засах нь гэсэн хардлага гардаг, нөгөөх нь үгүйсгэдэг. Одоогийн Үндсэн хуулиар түүнд дахин нэр дэвших боломж үгүй.
Энэ мэтээр Ерөнхийлөгчийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “засвар” хийх бодит шаардлага, хэрэгцээ бий. Тэгвэл ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь улс орноо талцуулагч болж хувирсан энэ системийг хэрхэн нураах вэ. Ерөнхийлөгчид шаардлагагүй эрх мэдэл олгож, тогтолцоог гажуудуулсан олон хуулийг өөрчлөх үү. Сөрөг хүчний зүгээс одоогоор энэ талаар ямар нэг хуулийн төсөл санаачилсан зүйл алга. МАН доторх Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл У.Хүрэлсүхийн эсрэг ийм ажиллагаа өрнүүлэх үү. Түүнийг Ерөнхий сайд байх үеэс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх тухай яриа эхэлсэн. Ямартай ч Төрийн тэргүүний эрх мэдлийг хэмжээнд нь барьж, талцуулагч биш, эвлүүлэгч байхзүй ёсны тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ эл гажуудал зөвхөн Ерөнхийлөгчийн түвшинд илрээгүй. Аль ч засаглалыг тэргүүлэхэд “хаан” болох хүсэл ундардаг, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг үзэгдэл бий. Л.Оюун-Эрдэнэ ч энэ замаар явсан, олон нийт сар орчим эсэргүүцэн жагсаж, огцрохыг шаардахад ч албан тушаалтайгаа зууралдсаар байсан нь үүний бас нэг жишээ. Түүнийг огцруулахад Төрийн тэргүүн чуулганд үг хэлж, нөлөөлсөн нь нэг талаар хяналт, тэнцлийг хангасан гэж үздэг. Эдгээр асуудлыг намын, бүлэглэлийн эрх ашгийн бус, зөв өнцгөөс харж хуульд өөрчлөлт хийж, гажуудлыг засах зоригтон энэ парламентаас олдох болов уу.