Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны номын фондыг арвижуулах, уншигчдыг эрэлттэй бүтээлээр хангах зорилготой “10 000 ном” хандивын аяныг энэ сарын 4-22-нд зохион байгуулж байна. Аймгийн Нийтийн номын сангийн захирлын мэдээлснээр орон нутгийн номын сангуудын төсөв хүрэлцээгүй байдаг нь сан хөмрөгөө шинэ бүтээлээр арвижуулахад томоохон бэрхшээл болдог аж. Тухайлбал, Говь-Алтайн Нийтийн номын санд улсын төсвөөс жилд гурван сая төгрөгийн санхүүжилт олгодог юм байна. Гэвч энэ нь уншигчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн, шинэ бүтээлийг тухай бүрд нь худалдан авахад хүрэлцдэггүй гэнэ. Харин сумын номын сангууд жилийн 250 мянган төгрөгийн төсөвтэй ч энэ онд ном худалдан авах зардлыг төсөвт тусгаагүй тул шинэ бүтээлээр фондоо баяжуулах боломжгүйд хүрчээ.
Өдгөө тус аймгийн Нийтийн номын сан 44 мянга орчим бүтээлтэй бол сумын соёлын төвийн дэргэдэх уншлагын танхимууд дунджаар 3-4 мянган номтой аж. Тиймээс хамгийн цөөн буюу 1200 ширхэг номтой Цээл сумаас эхлээд 17 мянга гаруй бүтээлтэй Бугат хүртэлх бүх сум, тосгонд хандиваар цуглуулсан номыг тэгш хүртээмжтэй хуваарилахаар төлөвлөжээ. Иймд Төв талбайд өнөөдрөөс эхлүүлж буй Үндэсний номын баяраар энэхүү санаачилгыг Говь-Алтай аймгийн асарт үргэлжлүүлэх тул иргэд, байгууллага, нутгийн зөвлөлийг идэвхтэй нэгдэхийг уриаллаа.
У.Сүрэн