Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнгөрсөн долоо хоногт Зөвшөөрлийн шинэчлэл, хялбар зохицуулалт, бизнесийн таатай орчин сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагынхныг чадавхжуулах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулсныг ЭЗХЯ-наас мэдээллээ.
Энэ үеэр Зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, оролцогч талууд, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, нэгдсэн сангийн журмын шинэчлэлт, Зөвшөөрлийн цахим системийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр илтгэл таницуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Сургалтад ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Монголбанк, Мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт төрийн 26 байгууллагын 80 гаруй алба хаагч, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцов.
С.Цэрэн