“Сайхан мэдээгээр сонин зарж чадахгүй” гэх үг бий. Орчин цагт уншигч таны анхаарлын төлөөх өрсөлдөөн өглөө сэрэхээс л эхэлдэг болжээ. Дуулиант мэдээ, эхнэр, нөхрийн сошиал дахь хэрүүл, ажлаас ирсэн зурвас, цахим шуудан, товхимол, “TikTok”, “Youtube”-ийн богино бичлэгүүдээс авхуулаад тэр бүх мэдээллийн урсгалд хэн хүнгүй “хүлүүлсээр” буй. “Монголд өдөр бүр шинэ сенсац дэгдээдэг. Ёстой уйдахгүй” хэмээхийг хошигнол гээд өнгөрөөж болох ч үүний цаана эдийн засаг нуугддаг. Өөрөөр хэлбэл, мэдээлэл, сурталчилгаа, контентын сонголт хязгааргүй тэлж буй ч түүнд зориулах хүний анхаарал хэмжээтэй. Ийм нөхцөлд төвлөрөл, аливаад анхаарлаа бүрэн хандуулах гэдэг нь эдийн засгийн үнэ цэнтэй нөөц болж байна хэмээх санааг өнөөгөөс 50 гаруй жилийн өмнө улс төр судлаач Херберт А.Саймон анх дэвшүүлжээ. Үүнийг орчин үед анхаарлын эдийн засаг гэх албан нэршлээр тодорхойлж байна.
ХОМС “ТАВААР” ҮНЭ ЦЭНТЭЙ
Газрын тос, ашигт малтмал, эрдэс баялаг тэргүүтэй нөөц хязгаартай учраас тэдгээрийг эзэмших, ашиглахын төлөөх өрсөлдөөн түүхийн бүх цаг үед байв. Тэгвэл хүний анхаарал нь нөхөн үйлдвэрлэх боломжгүй онцгой нөөцөд хамаардаг аж. Хүн төрөлхтөн хэчнээн хөгжлөө ч хоногийн 24 цаг нэгээр нэмэгдэхгүй нь үнэн. Тиймээс томоохон компаниудын өрсөлдөөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах төдийхөнд бус, хэрэглэгчийн анхаарлыг хэрхэн удаан тогтоон барих вэ гэдэгт орших болсон хэмээвэл бодит байдалд нийцнэ.
Тухайлбал, айл бүрд “Утсаа болиоч ээ” гэж үглүүлдэг нэг хүн бий гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Гэтэл дэлгэцийн хамаарал гэдэг зөвхөн хүүхэд, залуучуудад хамаатай ойлголт байхаа больж. Технологийн “том”-чууд 25-аас доош насныхнаас илүүтэй 60-аас дээш настай, чөлөөт цаг ихтэй ахмадууд руу бүтээгдэхүүнээ нийлүүлж буй юм. Ингэснээр алсдаа зурагт, таблет, гар утасны гол хэрэглэгч нь настнууд болох магадлалтай аж. Хүмүүсийн анхаарлыг тогтоон барих уг бизнес өрсөлдөөнд нас, хүйс харгалзахгүй татагдаж буйн нэгээхэн жишээ энэ.
Өнгөрсөн жил л гэхэд АНУ-ын Дижитал зар сурталчилгааны товчоо (IAB), аудитын шалгалт, татвар, санхүү болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “PwC” компани хамтран интернэт рекламны орлогыг судалсан байна. Үүнд дурдсанчлан дижитал рекламны жилийн орлого 294.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оныхоосоо 13.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүн болсон аж. Ганцхан жилийн дотор тус улсын дижитал зар сурталчилгааны зах зээл ойролцоогоор 36 тэрбум ам.доллароор тэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, компаниуд хүмүүсийн дэлгэц “маажиж” буй хугацаа, ямар контент сонирхож байгаад үндэслэн орлого олж байна гэсэн үг. Тэгэхээр хүний анхаарал зах зээл дэх мөнгөний урсгалтай нэгэнт холбогджээ.
Уг харилцааны цаана энгийн нэг бизнесийн загвар бий. Платформ хэрэглэгчдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. Хариуд нь иргэд мөнгөөр бус, анхаарал болон мэдээллийн өгөгдлөөрөө төлбөр төлнө. Хүний анхаарлыг хэрэглэгчийн зан төлөвийн судалгаатай “уяснаар” компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зорилтот бүлэгт хүргэх боломж бүрддэг гэнэ. Дэлхийн дижитал орчны макро тоо баримтад үндэслэн тайлан боловсруулдаг “DataReportal”-ын “Digital 2025: Mongolia” судалгаанд бичсэнчлэн өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 2.9 сая интернэт идэвхтэй хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд цахимын нэвтрэлт 83 хувьд хүрснийг дурдсан байна. Мөн нийгмийн сүлжээ хэрэглэгчийн бүртгэл 2.6 сая гаруй байсан нь нийт хүн амын 74.4 хувьтай тэнцэнэ гэжээ. Түүнчлэн 2025 оны эхэнд Монголын фэйсбүүкийн сурталчилгааны боломжит хүрээ 2.6, “Инстаграм”-ынх нэг саяд хүрсэн аж. Тэгэхээр манайд анхаарлын эдийн засгийн эрэлт хэр их, мэдээллийн зах зээл дэх хүн амын олонх хэсэг цахимтай ямар хэмжээний хамааралтайг үүнээс харж болно. Монгол хүн өдөрт дунджаар 2.5-4 цагийг утсаа үзэхэд зарцуулдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өдгөө 792 000 буюу цагийн 4715 төгрөг. Тэгэхээр дэлгэцэнд зарцуулж буй хугацааг үүнтэй харьцуулбал нэг жилийн дотор 5.1 сая төгрөг зарлагадаж байна.
Олон улсад ч хүмүүсийн анхаарлын төлөөх өрсөлдөөн улам эрчимжиж буй. Дэлхий даяар 5.4 тэрбум цахим сүлжээ хэрэглэгчийн бүртгэл өдгөө бий нь нийт хүн амын 63.9 хувьтай тэнцэх үзүүлэлт. Интернэт хэрэглэгч өдөрт дунджаар хоёр цаг 21 минутыг дэлгэц ширтэхэд зарцуулдаг. Хэрэглэгчийн тэнд өнгөрөөх хугацаа нэмэгдэх тусам түүнд үзүүлэх контент, рекламны боломжит хэмжээ өсдөгийг хэрсүү уншигчид гадарлах биз. Тиймээс “Бүтэн үзэх бол энд дарна уу”, “Танд санал болгож буй нийтлэл”, “Таны таньж магадгүй хүмүүс” зэрэг алгоритмын санал нь тухайн сүлжээний эдийн засгийн загварын нэг хэсэг гэдгийг судлаачид хэлж байна. Түүнчлэн хүмүүсийн анхаарал татахын тулд контент бүтээгч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондоо эрээгүй өрсөлдөх ч хамгийн их анхаарал татсан зүйл хов жив, сураг ажгийн шинжтэй, нөлөөлөгчид нийгэмд ач холбогдолтой мэдээллийг бус, бусдыг айлгаж, бухимдуулах замаар багагүй хандалт цуглуулж магадгүй мэдээг л нэн тэргүүнд онцлох нь элбэг болсныг тодотголоо. Үүний цаана өнөөх л анхаарлын эдийн засаг, бизнесийн ухаан буй.
МЭДЭЭЛЛИЙН “ХОРДЛОГО”
Швейцарын зохиолч, сэтгэгч Ролф Добэллигийн 2020 онд хэвлүүлсэн “Мэдээ уншихаа боль” хэмээх бүтээл бий. Үүнд “Өөрчилж чадахгүй зүйлээ хэтэрхий их сонсох нь хүмүүсийг идэвхгүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, гутранги үзэлтнүүд болгодог. Мэдээж хүн бусдад туслахыг хүсэж дэлхий ертөнцийг сайхнаар өөрчлөхийн төлөө хичээлгүй яах билээ. Гэвч бидний цаг хугацаанд хязгаар бий. Дэлхийн нөгөө талд тохиолдож буй галт уулын тэсрэлт, террорист халдлага, өлсгөлөнгөөс бид яаж хүмүүсийг хамгаалах юм бэ. Бид тэдэнд тусалж огт чадахгүй нь гэдгээ мэдэж байгаа хэр нь л энэ бүх золгүй үйл явдлын тухай мэдээг үздэг. Нөлөөлөх боломжгүй учир явдлуудын талаар ийм их мэдээлэл авах үед тархи аяндаа золгүй хохирогчийн дүрд тоглож эхэлдэг. Шинжлэх ухаанд үүнийг “олдмол сулбагар байдал” гэж нэрлэнэ” гэж бичжээ. Өнгөрсөн онд анхаарлыг татаж, хүн бүрийн ярианы гол сэдэв болж байсан мэдээлэл танд ашиг, тусаа өгсөн үү. Үгүй бол зохиолчийнхоор үүнийг “хогон мэдээ” гэх аж. Анхаарлын эдийн засаг ба нийгэм гэх агуулгыг ХБНГУ-ын Маннхаймын их сургуулийг төгсөгч, социологич А.Хишигтөгсөөс тодруулснаа хүргэе.
-Мэдээлэл хязгааргүй ч хүний анхаарал тийм биш. Хүмүүсийн төвлөрлийн хугацаа илүү богино, амархан сарнидаг болсноор аливаа асуудлыг нухацтай хэлэлцэх, хамтран шийдвэрлэх чадвар буурч байна уу?
-Хэвлэл мэдээлэл болон платформууд бидний анхаарлыг “булаах”-ын тулд хүний сэтгэл хөдлөлүүдийг ашигладаг. Нийгмийн онолч Юрген Хабермасын тодорхойлсноор ардчилсан нийгмийн суурь нь хүмүүс аливаа асуудлыг тунгаан бодож, баримттайгаар хэлэлцэх явдал гэдэг. Гэтэл одоо алгоритмууд хүмүүсийн анхаарлыг удаан хугацаанд тогтоон барихын тулд “өгөөш” шиг контентуудыг угсруулан “үйлдвэрлэж” буй. Анхаарлын ядуурал гэсэн маш чухал ойлголт бий. Үндсэндээ монголчуудад мөнгө төгрөг нь амьдралд нь хүрэлцэхгүй, олигтой хоол унд идэж, аялж зугаалж, хүний дайтай амьдрах санхүүгийн боломж хомс буй нь анхаарлын ядууралд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ядуурал нь анхаарлын хомсдолыг дагуулдаг гэсэн үг. Өдөр тутмын ахуйн дарамтад байгаа хүнд нийгмийн шинэчлэл, 5-10 жилийн дараах төрийн бодлого, системтэй хөгжил ярих сэтгэлийн болон анхаарлын орон зай үлддэггүй. Тиймээс тэдний төвлөрлийг хямд, сөрөг контент хялбархан “эзэмддэг”.
-Анхаарал төвлөрөх чадвар буурч, богино бичлэгүүд цахим сүлжээнд жин дарж буй нь ирээдүйн нийгмийн капитал болон бүтээмжид нөлөөлөх эрсдэл бий юү?
-Богино бичлэг нь хүнд допамины охор цикл үүсгэдэг. Социологич Роберт Патнэмынхаар нийгмийн капитал гэдэг нь хүмүүс хоорондын итгэлцэл, хамтын ажиллагааны сүлжээ. Харин итгэлцэл бий болоход хугацаа, тэвчээр шаардлагатай. Нийтээрээ богино хугацааны, түргэн сэтгэл хөдлөлд дассанаар хүмүүс хоорондын харилцаа өнгөцхөн болж, зөрчил маргааныг ойлголцож шийдвэрлэх чадваргүй болдог. Түүнчлэн бүтээмжийн хувьд ийм хэмнэлд дассан тархи төвлөрөл шаардсан ажил, судалгаа хийх, системтэй бодлого боловсруулах, ном уншихыг уйтгартай, эсвэл хүндээр хүлээн авдаг. Харамсалтай нь, өнөөгийн хүмүүс 1000 хуудастай сонгодог зохиолуудыг уншихаа больжээ. Улс төрч, бодлого тодорхойлогчид фэйсбүүк дэх шуугиан, сэтгэгдэлд үндэслэн, шийдвэр гаргадаг болсон нь нууц биш. Тэд 20 жилийн дараах системтэй шинэчлэл ярихаас илүүтэй 20 секундийн “поп” мэдэгдлээрээ “оноо авах”-ыг урьтал болгож эхэлсэн байна.
-Анхаарал яагаад үнэ цэнтэй нөөц болов?
-Эдийн засагч Херберт Саймон “Мэдээллийн элбэг дэлбэг байдал нь өөр нэг зүйлийн хомсдолыг дагуулдаг. Энэ нь хүний анхаарал” хэмээсэн. Аж үйлдвэржилтийн зуунд газрын тос, алт, капитал ховор нөөц байсан бол технологийн эрин үед хоногт ногдох 24 цаг, ухамсарт анхаарал хамгийн хязгаарлагдмал нөөц болсон байна.
-Монголын нийгэмд энэ нь бодитоор хэрхэн илэрч байна вэ?
-Манай улс бол сошиал болон ухаалаг утасны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр жагсдаг, хүн амын бүтэц нь харьцангуй залуу. Тэр утгаараа анхаарлын эдийн засгийн сөрөг үр дагавар илүү хурдацтай илэрч байна. Нэгдүгээрт, туйлшрал. Цахим сүлжээний алгоритмууд нь хүмүүсийг “тийм, үгүй”, “бид, тэд”, “танай, манай тал” гэсэн хоёр туйлд хувааж, “поп” үзлийг дэвэргэдэг. Хоёрт, үзэн ядалт. Цахим сүлжээнд зөв, бүтээлч санаачилгаас илүү бусдыг сэвтүүлж, доромжилсон, үзэн ядсан контент хамгийн их хандалт авч байх жишээтэй. Гуравт, стресс тайлах хямд “талбар”. Нийгмийн олонх нь эдийн засгийн баталгаагүй, ядуурал, ирээдүйдээ итгэх итгэлгүй байдалд нэрвэгдсэн үед хүний тархи байнга стресстдэг. Соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл агаар гэх мэт чанартай үйлчилгээнүүд санхүүгийн хувьд үнэтэй. Харин цахим дахь хэрүүл нь хямд допамин өгдөг. Өөрөөр хэлбэл, сошиалын хэрүүл, сенсац нь хүмүүст ямар ч зардалгүйгээр “шүдний өвчин” шиг асуудлаасаа салж, түр ч гэсэн бухимдлаа гадагшлуулах, эсвэл би бусдаас илүү дээр гэж мэдрэх эх үүсвэр болж байна.
Юу ч юм хүлээж байгаа мэт, тогтмол давтамжтай утсаа “оролдож”, дээш доошоо бичлэг гүйлгэж, хоёр цагийн кино үзэх зуураа 20 удаа сошиалаа шалган, богино, өнгөц мэдээллээр тогтмол “тэжээгдэх” нь та анхаарал, төвлөрөл, бүтээмж хэмээх ам.доллартой адил үнэ цэнтэй, хязгаарлагдмал нөөцөө сошиалд арилжиж буй явдал. Тиймээс дижитал орчинд анхаарлаа хааш чиглүүлж, юунд зарцуулж байгаа нь бидний санхүүгийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нэн хамаатайг эцэст нь онцолъё.
Д.Хэрлэн