Монголын банкны холбоо (МБХ)-ноос банкны салбарын энэ оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа. Тайлант хугацаанд системийн нөлөө бүхий банкнуудын эх үүсвэр 22 хувиар буюу 8.7 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн уул уурхайн гаралтай түүхий эдийн олон улсын зах зээлийн үнэ өсөлттэй байгаагаас уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл болон барилгын салбарт бизнесийн зориулалтаар шинээр олгосон зээлийн хэмжээ 15 орчим их наяд төгрөгт хүрч, жилд 30 хувиар ахисан байна. Түүнчлэн малчдын болон хэрэглээний зээл олголт ч нэмэгдэн 1-6 дугаар сард нийт 5.2 их наяд төгрөгөөс давсан байна. Системийн нөлөө бүхий таван банкны санхүүгийн үзүүлэлт сайн, төгрөгийн хадгаламжийн өгөөж тогтвортой, чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа гэнэ. Түүнчлэн нөлөө бүхий банкнуудын хагас жилийн цэвэр ашиг 714 тэрбум төгрөгт хүрсэн бол жигнэсэн дундаж хүү нь жилд 18 хувьтай байгаа аж. Нөгөөтээгүүр олон улсад газрын тосны нийлүүлэлт хумигдах, үнэ өсөх эрсдэл бий аж. Үүний улмаас болон бусад шалтгаанаар дотоодод шатахууны хязгаарлалт үргэлжлэх, ханш нь өсөх магадлалтай юм байна. Түүнчлэн мах, ногоо болон бусад хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт ахихгүй, үнэ нь “чангарах”, төсвийн зардал, алдагдал өндөр байх зэргээс үүдэн инфляц гаарах, эдийн засгийн өсөлт саарах төлөвтэйг МБХ-ны тайланд дурджээ.
С.Дулам