Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим хүнийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн нь хүмүүсийн дунд бухимдал үүсгэж, төрд итгэх иргэдийн итгэлийг ч хөсөрдүүлэн, шүүх, шүүгчийн нэр хүндэд ч сөрөг нөлөө үзүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, АН-ынхан эрх барьж байх жилүүддээ боловсруулан 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-аар батлуулж, МАН-ынхны үед буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуульд тухайн үеийн эрх баригчид өөрчлөлт оруулахдаа авлигын төдийгүй зарим онц хүнд гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг хэт хөнгөрүүлсэн байдаг. Үүний үр нөлөөгөөр ЖДҮХС-гийн, “Хөгжлийн банк”ны, “Нүүрсний” гэх зэрэг олны анхаарал татсан хэрэгт холбогдсон нэр бүхий улс төрчид торгуулах нь торгуулаад, ганц нэг жил цахим гав зүүж, оршин суух газраасаа гаралгүйгээр өнгөрөөсөн нь ч бий. Авлигатай ард нийтээрээ тэмцэхээ зарлан, сонгууль болгоны амлалтдаа энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгана хэмээж ирсэн эрх баригчид ийнхүү хэлсэн амандаа хүрэхгүй байснаас олон нийт эсэргүүцэж, хууль тогтоогчид 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан, хахууль авсан гэмт хэрэгт 12-оос дээш 20 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасахаар хуульчилсан. Шүүх сүүлийн нэг жилийн дотор улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэг бус хүний хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгээд буй. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн, Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нарт ийм ял шийтгэсэн. Л.Бямбасүрэнгийн хахууль авсан үйлдэл нь 2024 оны тавдугаар сарын сүүлчээр болсныг мөрдөх байгууллага прокурорын хяналт дор явуулсан ажилгааныхаа явцад тогтоосон. А.Ишдоржийг “Бако констракшн” компанийн захирал Т.Баатарсүрэнгээр 2023 оны хоёрдугаар сарын 17-нд 10 сая төгрөгийн хахууль авсан гэж шүүх дүгнэсэн. Үүнээс үзэхэд гэмт хэрэг хийсэн үйлдэлд нь Эрүүгийн хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд оруулсан өөрчлөлтөөс хойш болсон нь харагдана. Тиймээс шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг үндэслээд ял шийтгэтэл олон нийтийн сүлжээнд зарим нэгэн өмгөөлж, хамгаалагч, нутаг нугынхан нь “уянгалсан” зүйл бичиж, гэмгүй хүнд өндөр ял оноолоо гэцгээх болсон. АТГ, прокурорын байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоогоод, шүүх Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлээс харин ч хамгийн бага буюу 12 жилийг л оноосон нь энэрэнгүй байх зарчмаа барьж буйн илрэл биз.
Тэгвэл улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтан буюу Эрчим хүчний, Зам, тээврийн гэсэн хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. Улмаар хуульд зааснаас бага буюу таван жил хорих ял оноов. Энэ нь магадгүй дээр дурдсан хоёр хэргийн холбогдогчид 12 жилийн хорих ял оноосон уч раас нэгдүгээрт, түүнээс эмээсэн болов уу. Хоёрдугаарт, өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг ч харгалзан үзсэнийх биз. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт прокурортоо гарган, “ял наймаалцан”, Эрүүгийн хуулийн 22.4-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээс бага шийтгэл хүлээхээр тохиролцсоных гэхэд хилсдэхгүй болов уу.
“ЭРДЭНЭ МОНГОЛ”, М-СИ-ЭС-Д ДАВУУ БАЙДАЛ ОЛГОВ
ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудын албан тушаалаа урвуулан хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн нэгдүгээр сард мөрдөн байцааж эхэлсэн билээ. Мөрдөн шалгалтын хүрээнд хэсэг хугацаанд цагдан хорьсон. 1998 оноос хойш төрийн байгууллагад 29 жил ажилласан тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард эрүүгийн хэрэгт холбогдсоноор чөлөөлөгдсөн гэсэн үг.
2020 оноос ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын, 2022 оноос Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байгаад өнгөрсөн есдүгээр сард Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд очсон тэрбээр эрүүгийн хэд хэдэн хэрэг өдүүлсэн хэмээн АТГ-ын мөрдөгчид шалгаж эхэлсэн билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн эхэлж шалгасан юм. Тодруулбал, Б.Насантогтох нь ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайн баяжуулах үйлдвэрийнхэн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 16-нд хүлээн авсан. Уг нь хууль журмаараа бол тодорхой хугацаанд хянаж, шалгаад тусгай зөвшөөрөл олгох ёстой. Гэтэл Б.Насантогтох нь Техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны арваннэгдүгээр сарын 16-нд эрх мэдлээ ашиглан М-Си-Эс болон “Эрдэнэ монгол” ХХК-иас хүсэлт ирүүлсэн өдөр нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь дээрх компанийн эзэмшлийн уурхайн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан. Хууль, журамд зааснаар зураг төсөл, эх үүсвэр авах байгууллагын зөвшөөрөл байхгүй зэрэг тодорхой шалгуур хангаагүй байхад уг техникийн нөхцөлийг гаргаад өгчихсөн аж.
Үүнээс хойш хагас жил гаруйн дараа буюу 2024 оны зургаадугаар сарын 20-нд Б.Насантогтох эхнэрийнхээ үүсгэн байгуулсан “Эн Ар Жи хөгжил” ХХК, М-Си-Эс-ийн хооронд Нарийнсухайт-Баянхөндий чиглэлийн 220 км, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын аянгын болон ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулахад нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон.
БАЗЫНХАА НЭРЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙ АВЧЭЭ
АТГ-ынхан мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийгээд гэрээс нь бэлнээр 10 600 ам.доллар, 11 600 юань, 300 000 вон, 3440 евро, 70 гаруй сая төгрөгтэй тэнцэх шатахууны талон, мөн түүний хамаарал бүхий этгээд болох эхнэрийнх нь дүү Ч.Амгалантөгсийн 13 дугаар хороолол дахь гэрээс 70 000 ам.доллар гээд нийт 340 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураан авсан юм. Ч.Амгалантөгсийн нэр дээр Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг, Түргэний аманд барьж буй “Терра касса” цогцолбороос нэг тэрбум шахам төгрөгөөр 500 гаруй ам метр эдэлбэр газар, 100 гаруй ам метр талбайтай хаус захиалжээ. Үүнийхээ төлбөрт цахилгааны кабель утас нийлүүлэхээр болсон гэнэ.
Ийнхүү мөрдөн шалгалт явуулахад Б.Насантогтох нь 2019 оны тавдугаар сарын 9-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд хөрөнгө орлого нь нийт гурван тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тодорхой болжээ.
Түүнчлэн “Номинконстракшн” ХХК-ийн ХанУул дүүргийн нутаг, “Ривер плаза” барилгын нэгдүгээр давхрын худалдаа, үйлчилгээний талбайг баз хүргэн, “Эрдэнэс Монгол” компани буюу “Чингис хаан баялгийн сан”-гийн эрх бүхий албан тушаалтан Г.Баатарын нэрээр 400 гаруй сая төгрөгөөр худалдан авсныг ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. Бас “Тоёота тундра”, “Ауди Q7” загварын нийт 650 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авсан, хадам дүү Ч.Амгалантөгсийн хүүхдийн нэрээр “Лексус RZ 450е” загварын тээврийн хэрэгсэл АНУ руу захиалсан нь батлагджээ. Түүгээр ч зогсохгүй Ч.Амгалантөгсөөр дамжуулан “Грандфин” банк бус санхүүгийн байгууллагад 593 сая төгрөгтэй тэнцэн ам.доллар, евро зарсан нь илэрсэн гэнэ.
Мөрдөн шалгалтын явцад Б.Насантогтох нь эхнэр Ч.Ариунтунгалагийнхаа нэрээр “Мөнгөн капитал” ХХК-ийн захирал Ц.Жигжиддорж, санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр нартай 2022 онд 94.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий үйлчилгээний талбай худалдан авах гэрээ байгуулсныг ч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хууль хяналтын байгууллагынхан дүгнэсэн байдаг.
Гадаадад сурдаг хүү Н.Нарангэрэлийнхээ нэрээр “Номинконстракшн” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, ХААН, “Голомт”, Худалдаа, хөгжлийн банкны дансуудаар дамжуулан 535 сая гаруй төгрөг шилжүүлэн өгсөн, хүү Н.Хангэрэл нь “Таванбогд” ХХК-тай “Лексус RX-350” загварын автомашин худалдан авах гэрээ байгуулж, 181 сая төгрөг шилжүүлснийг ч мөрдөгчид тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, орлого нь нийт гурван тэрбум 69 сая төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тодорхой болсон байна. Баз хүргэн Г.Баатар, хадам дүү Ч.Амгалантөгс нарынхаа нэр дээр авсан үл хөдлөх хөрөнгүүдээ худалдаж, мөнгө угаасныг ч шалгалтаар тогтоосон юм билээ.
“БУМБОД”-ЫН ЗАХИРАЛ Ц.ОТГОНБААТАР ЮУНЫ УЧИР ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ХАХУУЛЬД ӨГӨВ
Барилга, инженерийн шугам сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бумбод” ХХКийн захирал Ц.Отгонбаатар ЭХЯ-ны газрын даргаар ажиллаж байх үед нь Б.Насантогтоход хахууль өгсөн хэрэгт холбогдсон аж. Тус компанийнхан Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 2024 онд хэрэгжсэн, “ДЦС-3”-аас ТК-1699 цэг хүртэлх 5А магистралын 800 мм-ийн дулааны шугамыг 1000 мм болгон өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын тендерт шалгарсан аж. 6.2 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулахад Б.Насантогтох нөлөөлснийхөө “шагнал”-д “Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатараас 2024 оны гуравдугаар сарын 31-нд тус компанийн барьж ашиглалтад оруулсан Яармаг дахь хотхоноос 257.8 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 80.57 ам метр талбайтай гурван өрөө орон сууцыг хадам дүү Ч.Амгалантөгсийн нэр дээр шилжүүлэн авчээ. Энэ нь Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хахууль өгсөн, авсан үйлдэл аж. Хахуульд авсан уг орон сууцыг Ч.Амгалантөгс улсын орлогод хураалгахаар прокурортойгоо тохиролцсон байна.
Д.ГАНТӨМӨРИЙН АНГИЙН АНДДАА ӨГСӨН МӨНГӨ ХОЁР ЗОГСООЛ БОЛЖЭЭ
Б.Насантогтох нь хүү Н.Хангэрэлийнхээ нэр дээр Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, “Стадион оргил” хотхонд хоёр ч авто зогсоол худалдан авсан байдаг. Уг мөнгөний эх үүсвэр нь их сургуулийн ангийн найз, “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөрийн хахуульд өгсөн, “Уран уургач” ББСБ-аас худалдан авсан 30 000 ам.доллар болох нь тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөр Б.Насантогтоход Г.Баатарын дансаар дамжуулан 100 сая төгрөг бэлнээр, нийт 202 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хахууль өгсөн нь тодорхой болсон байна. Үүнийхээ хариуд ЭХЯнаас зарласан тендерүүдэд шалгарсан бололтой.
“Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөр нь дээрх албан тушаалтнаар тогтохгүй, өөр албан тушаалтнуудад ч хахууль өгсөн нь тодорхой болсон юм. Тухайлбал, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах” төслийг ЭХЯ-наас хэрэгжүүлсэн. Энэ төслийг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХКийг түшиглэж хийсэн юм. Тэгэхэд уг төслийг хэрэгжүүлэх албаны дарга Х.Азжаргалд танилынхаа дансаар 25 сая, ажлаа дутуу хийж Улсын комисс ажиллах боломжгүй гэж дүгнээд байхад эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэр гаргуулж, 20 сая төгрөгийн хахууль өгснийг тогтоосон. Мөн “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн түгээх үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт жолоочийнхоо дансаар дамжуулан “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөрөөс таван саяыг авсан үйлдэл нь ч илэрсэн. Түүнч лэн “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа хадам дүүгийнхээ дансаар дамжуулж, мөнөөх Д.Гантөмөрөөс 50 сая төгрөгийн хахууль авсан нь батлагдсан байдаг.
ҮНДЭСЛЭЛГҮЙ ОЛСОН ХӨРӨНГҮҮДИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЛОО
ЭХЯ, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтохыг Эрүү гийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.4-2-ын их хэмжээний хахууль авсан, 22.10-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-2-ын мөнгө угаасан гэх заалтын дагуу Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн наймдугаар сард шилжүүлсэн билээ. Түүний хадам дүү Ч.Амгалантөгсийг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн буруутгасан юм. Мөн баз хүргэн, “Чингис хаан баялгийн сан”-гийн эрх бүхий албан тушаалтан Г.Баатарыг мөнгө угаасан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар тооцсон.
“Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар, “Ричвелл инженеринг” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Гантөмөр нарыг Эрүүгийн хуулийн 22.51 дэх хэсгийн бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж.
Дээрх шүүх хэргийг хэлэлцээд Б.Насантогтохыг прокуророос зүйлчилсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, мөн хугацаагаар хорих ял шийтгэв. Улмаар өнгөрсөн баасан гарагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүллээ. Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдлүүдэд ногдуулсан эрүүгийн хариуцлага болох дөрвөн жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэлийг хорих ял эдэлж дууссаны дараа хэрэгжүүлэхээр тогтоолд тусгалаа. Түүнээс хураасан нэг тэрбум 933 сая гаруй төгрөг, валют, “Бумбод”-ын захирал Ц.Отгонбаатараас хахуульд авсан 80.57 ам метр орон сууц, “Лексус NZ450e” автомашиныг улсын орлогод оруулахаар болсон юм.
Ч.Амгалантөгсийг хоёр жил зургаан сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасах шийтгэл оноосон бол Г.Баатарын зорчих эрхийг оршин суудаг ХанУул, ажлын байр нь байрладаг Чингэлтэй дүүргийн нутгаар хязгаарласан байна.
Хахууль өгсөн Д.Гантөмөр, Ц.Отгонбаатар нарын нийтийн албанд ажиллах эрхийг 3-4 жил хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэн, зургаан сарын дотор төлөх үүрэг хүлээлгэлээ.