Хүүхэд, залуус сайн дураараа нэгдэж, өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын талбайг угааж, цэвэрлэв. “Цэмбэгэр Улаанбаатар” төслийг санаалчлагч А.Ням-Од энэхүү цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд тав дахь удаагийн эл арга хэмжээнд 500 орчим хүүхэд оролцсоныг онцолсон. Гэвч энэ сайрхах хэрэг мөн үү. Хотын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах, ажиллах, нийслэлийн өнгө төрхийг сайжруулж, цэвэр цэмцгэр байлгах нь Хот тохижилтын газрынхны үүрэг. Тэр дундаа Тусгаар тогтнолын талбайг цэвэрлэх нь Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийнхны гүйцэтгэх ажил. Тэдний өмнүүр орж ажлыг нь хийх нь социализмын үеийн сэтгэлгээ, хоцрогдсон арга хэмээн зарим хүн шүүмжлэв.
Цэвэрлэгээ хийхийг нийслэлийн Засаг дарга дэмжиж, усны машинаар хангаж өгсөн гэнэ. Угтаа бол нимгэн бээлий, цэвэрлэгээний сойтгоос өөр олигтой багаж хэрэгсэлгүй хүүхдүүдийг халтар талбай угаалгахаас ичмээр юм. Ханиад, томуу, халдварт өвчин ч тусаж мэдэхээр бохир зүйлсийг хүүхдүүдээр угаалгаж, “ажилсаг” гэж цаасан малгай өмсгөхийн оронд цалинг нь авдаг хүмүүстээ шаардлага тавьж, тэднийг орчин үеийн техник хэрэгслээр хангаж өгнө үү, хотын дарга аа. Хэдий болтол дэрсэн шүүрээр тоос манаргаж, гар нүцгэн шал угаах вэ. Хариуцсан албан тушаалтан, хийх үүрэгтэй хүмүүст нь шаардлага тавихаас биш, хүүхдүүд саван, алчуур бариад угааж цэвэрлээд байвал нийслэлд бохир гудамж, талбай дуусахгүй. Нэг удаагийн үйлдлээс илүү буруу зүйлд залуус нүд хурц байж , хүн бүр хариуцсан ажилдаа эзэн байхыг шаардах нь илүү “эрүүл” харагдах биз.
Ч.Цэлмэг