Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпорац (China national petroleum corporation CNPC)-ын удирдлагатай уулзаж, хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал тавьж, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Уулзалтаар шатахууныг БНХАУ-аас урт хугацаанд тогтвортой нийлүүлэх, Монгол дахь газрын тосны хайгуул, олборлолтыг өсгөх, улмаар нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдээр хангахад анхаарч ажиллахаар тохиролцсон байна. CNPC-ийн зүгээс Монголд энэ сард 10 000 тонн автобензин, онгоцны болон дизелийн түлш 7000 тонныг нийлүүлэх юм байна. Түүнчлэн АҮЭБЯ-ны зүгээс есдүгээр сард нэмж 5000 тонн АИ-92, 20 000-30 000 тонн дизелийн түлш, ирэх сард АИ-92 бензин 10 000, дизелийн түлш 30 000-40 000 тонныг нийлүүлэхийг хүсжээ. Уг хүсэлтийг урд хөршийн тал судалж нааштай хариу өгөхөө илэрхийлсэн аж. Цаашид шатахууны нийлүүлэлтийг урт хугацаанд тогтвортой хангах гэрээ байгуулахаар талууд ярилцсан байна.
С.Цэрэн