Монголбанк дээд боловсролтой, 26-55 насны,1790 хүнээс өнгөрсөн улиралд түүвэр судалгаа авсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн хариултад үндэслэн хүлээгдэж буй инфляцын түвшнийг медиан утгаар нь тооцоход энэ улирлын эцэст инфляц 0.4 хувиар өсөх, харин 2026 оны эцэст 12.1 орчим хувьтай байх магадлалтайг мэдээлжээ. Ингэснээр инфляцын хүлээлт ирэх жилд ч зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй аж. Энэ улиралд өрхийн орлогын хүлээлт өмнөх улирлынхаас саарч, орлого буурах бөгөөд иргэдийн дунд ажил эрхлэлт багасах тооцоо бий гэнэ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт удаашрах, төгрөгийн ханш үргэлжлэн сулрах, зээлийн хүү нэмэгдэх хүлээлттэй гарчээ. Мөн иргэд сүүлийн хоёр улирал дараалан мөнгөний бодлогын төлөвийг чангарна хэмээн илэрхийлсэн бөгөөд хүлээлт болон гүйцэтгэл харьцангуй нийцтэй байгааг орлогын хүлээлтийг бодит цалингийн индекстэй, зардлын хүлээлтийг эцсийн хэрэглээний өсөлттэй харьцуулсан дүнгээс харж болохыг Төвбанкны “Иргэдийн инфляын хүлээлтийн түүвэр судалгаа”-нд дуржээ.
С.Цэрэн