АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эмнэл зүйн ур чадварын төвийн дэргэд Робот мэс заслын сургалтын төвийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн билээ. Тэгвэл тус төв робот мэс заслын эмч нарын сургалтыг өчигдөр албан ёсоор эхлүүлжээ. Дэвшилтэт технологи нэвтрүүлэхээс гадна түүнийг ашиглах чадвартай хүний нөөцөө бэлдэх нь нэн чухал болохыг мэргэжилтнүүд онцолсон бөгөөд эл сургалтад улсын болон бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн мэс засалч эмч нар хамрагдаж, ХСҮТ, УНТЭ-т хийж буй робот мэс заслын хагалгаанд оролцож, бодит үйл явцтай танилцан, туршлага судалжээ. Робот мэс заслын эмч, сувилагч, резидент, мөн дурангийн мэс засалч гэсэн албан ёсны дөрвөн хөтөлбөрөөр тус сургууль мэргэжилтнүүдээ сургах гэнэ.
ХСҮТ гэхэд өчигдрийн байдлаар элэг, цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, улаан хоолойн чиглэлээр, элэгний хэсэгчилсэн болон томоохон тайралт зэрэг мэс заслыг найман удаа роботоор амжилттай хийжээ. Мөн УНТЭ-т эл мэс заслыг нэвтрүүлэн, эмчилгээ, үйлчилгээнд ашиглаж эхэлсэн байна.
Ч.Туяа