Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгч, их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойг тохиолдуулан “Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулав. МСНЭ, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургууль хамтран энэ хурлыг хийсэн юм.
Сэтгүүл зүй, түүх, утга зохиолын салбарын эрдэмтэн, судлаачид Ж.Цэвээний Монголын сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмэр, соён гэгээрүүлэх үйл хэрэг, эрдэм шинжилгээний бүтээлүүд болон Монголын анхны тогтмол хэвлэлүүдийн түүхэн ач холбогдлын талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо. Тухайлбал, доктор, профессор Т.Баасансүрэн Жамсрангийн Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа, “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины нийтлэлд тусгасан чөлөөт хэвлэлийн шинж чанарын талаар илтгэл тавив. Харин доктор, профессор Л.Норовсүрэн дээрх хоёр сонины бичлэгийн арга барил, онцлогт хийсэн шинжилгээгээ танилцуулсан бол доктор, профессор Ц.Цэцэгмаа “Их эрдэмтэн Жамсрангийн Цэвээний амьдрал ба эрдэм судлалын бүтээлүүдийн соён гэгээрүүлэгч шинж чанар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Э.Сүйлэн