“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны хүндрэл, чирэгдлийг бууруулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсын бизнесийн бүртгэлийн шинэчлэлийг боловсронгуй болгох нь” сэдэвт арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-наас зохион байгууллаа. Үүний хүрээнд Дэлхийн банкнаас бизнесийн бүртгэлийн тогтолцоонд хийсэн “Монгол Улсын бизнесийн бүртгэл: Гол дүгнэлтүүд ба зөвлөмжүүд” судалгааны тайланг танилцуулж, бизнесийн бүртгэлийн эрх зүйн орчин, байгууллага хоорондын уялдаа холбоо, цахим үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлага болон цаашид хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэв. Уг судалгаагаар манай оронд бизнесийн бүртгэлийн эрх зүйн орчин болон цахим дэд бүтцийн үндсэн суурь бүрдсэн хэдий ч бүртгэлийн үйл ажиллагаанд цаасан баримт бичиг бүрдүүлэх, нотариатаар баталгаажуулах, төрийн байгууллагад биечлэн хандах, ижил мэдээллийг давхардуулан шаардах зэрэг хүндрэл байгааг онцолжээ. Иймд бизнесийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалтыг нэгтгэн цэгцлэх, бүртгэлийн шаардлага, шат дамжлагыг хялбаршуулах, нэн тэргүүнд болон нэг удаа мэдээлэх зарчмыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн системүүдийн харилцан уялдааг бэхжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг эхнээс нь дуустал бүрэн цахимжуулах зэрэг зөвлөмжийг Дэлхийн банкны төлөөлөл дэвшүүлжээ. Түүнчлэн бүртгэлд тавигдах шаардлага, шат дамжлагыг хялбаршуулах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжээс ижил мэдээллийг давхардуулан шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг бүх шатны төрийн байгууллагууд анхаарч ажиллахыг сануулсан байна.
С.Цэрэн