Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого, бүртгэлийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага жил бүр явуулдаг. Энэ удаагийн тооллого, бүртгэл, мэдээллийн сангийн шинэчлэлийн талаар ЦЕГ-ын Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн Зөвшөөрөл хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мягмарсүхээс тодрууллаа.
-“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хэдий хугацаанд үргэлжлэх билээ?
-Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилт, бүртгэл болон бодит нөхцөл байдлын хооронд үүссэн зөрүүг илрүүлж тодруулах, үнэн зөв, бүрэн байдлыг хангах, мэдээллийн сангийн чанарыг сайжруулах зорилготойгоор “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 5-наас ирэх сарын 5-ны хооронд зохион байгуулж байна. Ингэснээр галт зэвсгийн эзэмшил, өмчлөл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг илүү бодитой, найдвартай болгох, бичиг баримтгүй галт зэвсгүүдийг бүртгэж, гэрчилгээжүүлэх ач холбогдолтой. Арга хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд буй галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн бүртгэл, тооллогыг зохион байгуулж, мэдээллийн сан дахь бүртгэлийг бодит байдалтай тулган нягтлахад голлон анхаарч байна.
-Иргэдэд гэрчилгээгүй, бүртгэлгүй, эсвэл замаг, цохилуурыг нь өөрчилсөн буу олон байдаг шүү дээ. Тэднийгээ сайн дураар бүртгүүлбэл элдэв торгууль, шийтгэл хүлээх болов уу гэсэн болгоомжлол хүмүүст бий.
-“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээний нэг чухал зорилт нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа боловч мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, гэрчилгээ болон холбогдох бичиг баримтгүй галт зэвсгийн талаарх мэдээллийг илрүүлж, нөхцөл байдлыг тодруулах явдал юм. Энэ хүрээнд өөрийн эзэмшилд байгаа бүртгэлгүй галт зэвсгийн талаар сайн дураар мэдүүлж, харьяа цагдаагийн байгууллагад хандан бүртгүүлэх ажиллагаанд хамрагдахыг иргэдэд уриалж байна. Нэгдсэн арга хэмжээний хугацаанд иргэд сайн дураар мэдүүлсэн, гарал үүсэл, өмчлөл нь хууль ёсных гэдэг нь тогтоогдож, шаардлага хангасан галт зэвсгийг зөвхөн бүртгэлгүй байсантай нь холбогдуулан хариуцлагын арга хэмжээ тооцохгүйгээр бүртгэж, гэрчилгээ олгох чиглэлээр ажиллаж байгаа. Иймд иргэд бүртгэлгүй галт зэвсгээ нуух, бусдад шилжүүлэх, дур мэдэн ашиглахын оронд нэгдсэн арга хэмжээний хугацаанд өөрийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад сайн дураар мэдүүлж, хууль ёсны бүртгэлтэй болгох боломжийг ашиглахыг уриалъя.
-Галт зэвсгийн гэрчилгээ өмнө нь нэлээд хэдэн хуудастай цаасан хэлбэртэй байсан. Одоо пластик үнэмлэх олгож байгаа юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Зөвшөөрөл, үйлчилгээний төвөөс алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдэд цагдаагийн байгууллагаас захиргааны үүргийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээг шуурхай болгох, үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт технологи ашиглах зорилгоор ЦЕГ-ын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар батлагдсан галт зэвсгийн гэрчилгээний загварыг өөрчилж, SС+UV+EVI+Micro Text нууцлал бүхий хоёр талдаа хамгаалалтын нэг мм хуулгатай өнгөт хэвлэлттэй пластик болгож шинэчилсэн. Уг гэрчилгээг пластик хэлбэрт шилжүүлэн хэвлэдэг болсноор галт зэвсэг эзэмшигчийн хувь хүний мэдээллийн аюулгүй байдал хангагдаж, түүнийг хуурамчаар үйлдэх эрсдэлийг бууруулан, ашиглалтыг нэмэгдүүлэхээс гадна алба хаагчийн ажлын бүтээмжийг ч өсгөсөн. Гэрчилгээг пластик хэлбэрт шилжүүлж, хуучин уламжлалт аргаар явуулдаг байсан үйл ажиллагааг сайжруулан орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэнд иргэд талархалтай хандаж байгаа.
-Орон нутагт хэсгийн төлөөлөгч нар галт зэвсгийн бүртгэл, тооллогыг хийж байгаа хэвээрээ биз дээ. Шинэчилсэн бүртгэл мэдээллийг хэрхэн явуулах мэдээллээр хангасан уу?
-ЦЕГ-ын Зөвшөөрөл, үйлчилгээний төв нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад тухайн чиглэлээр тогтмол мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд шинээр томилогдсон хэв журмын ахлах байцаагчдад галт зэвсгийн гэрчилгээний шинэчлэл болон мэдээллийн нэгдсэн санд ажиллах арга зүйн сургалтыг манай төвөөс тухай бүр зохион байгуулж ирсэн.
-Галт зэвсэг өмчлөгч иргэдэд цагдаагийн байгууллагаас юуг анхааруулж, ямар зөвлөгөө өгөх вэ?
-Галт зэвсэг өмчлөгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээнд үүргээ биелүүлж идэвхтэй хамрагдахыг зөвлөе. Иргэд харьяа цагдаагийн байгууллагаас тооллогын талаар өгч буй мэдээлэлтэй танилцаж, өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийн гэрчилгээ болон бүртгэлийн мэдээлэл бодит байдалтай тохирсон, эсэхийг нягтлуулах хэрэгтэй.
Түүнчлэн галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, өвлүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, эсхүл гэрчилгээ болон бүртгэлийн ойлгомжгүй, зөрүүтэй мэдээлэл илэрсэн тохиолдолд энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, холбогдох асуудлыг тодруулах, худалдан борлуулах төв болон гадаад орноос худалдаж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн, бүртгэлд оруулж амжаагүй галт зэвсгүүд байвал яаралтай бүртгүүлэх шаардлагатай. Галт зэвсгийн бүртгэлийн мэдээллийг үнэн, зөв, бүрэн байлгах, тооллогод идэвхтэй хамрагдах нь зөвхөн хууль, журмын хэрэгжилтийг хангаад зогсохгүй түүний хяналт, аюулгүй байдлыг хангах иргэн бүрийн үүрэг юм.