Ардын хувьсгал ялж, МАХН байгуулагдсаны 90, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой ирэх онд болно. Эдгээр түүхэн үйл явдлыг Ардын хувьсгалын удирдагч, жанжин Д.Сүхбаатаргүйгээр төсөөлөх аргагүй юм.
Түүний хөшөөг төрийн шагналт Чоймбол агсан бүтээснээс хойш 60-аад жил өнгөрч байгаа юм. Тэр цагаас өнөөг хүртэл монголчуудын үндэсний бахархал болсон түүхийн эл дурсгалыг иж бүрнээр нь засварлан тордож байсан нь үгүй. Байгалийн болзошгүй эрсдэл, хүний болчимгүй үйл ажиллагаанаас болж хөшөө сүйдэхэд ойрхон болсныг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоожээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн асан, УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Бадам нар Д.Сүхбаатарын хөшөөг хүрлээр цутгах санал хэдэн жилийн өмнө гаргаж байсан аж. 2008 оны хоёрдугаар сард хөшөөг засварлах тухай Засгийн газрын тогтоол ч гарч байжээ. Гэсэн ч тэр бүх санал, шийдвэр бодит ажил болсонгүй. Нийслэлийн удирдлага, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар өчигдөр Ерөнхий сайдад бараалхаж, ирэх жил тохиох Ардын хувьсгал, үндэсний эрх чөлөөний хувьсгал, МАХН-ын ойгоос өмнө жанжин Д.Сүхбаатарын хөшөөг сэргээн засварлах талаар санал солилцож, ойрын үед тодорхой шийдвэр гаргах талаар ярилцжээ.