Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг шийдэхээр УИХ-ын эрхэм түшээд өнөөдрөөс ажилдаа орж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, долларын ханш чангарсан нь Н.Алтанхуягийн Засгийн газрын буруу, тэд л бүтэн жилд олигтой ажиллаж чадсангүй хэмээн сөрөг хүчний зүгээс буруутгаж, үүнийгээ батлахаар тоо баримт зэхэж амжсан биз. Ээлжит бус чуулган эхлэхээр “дайн”-аа эхлүүлнэ хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдчихсэн юм.
Олонхийн зүгээс “Өмнөх Засгийн газрын үед баталсан хууль, авсан арга хэмжээний горыг одоо амсаж байна” хэмээн тайлбарлаж байгаа. Буруутнаа хайн мэтгэлцэхээс илүү үүсээд буй нөхцөл байдлаас хохирол багатай гарах аргыг хамтдаа хайх нь ард түмэнд, улс оронд хэрэгтэй. Энэ том эрх ашгаа эрхэм түшээд дотроо болгоож буй биз ээ.
Эдийн засаг хяналтад байгаа
Гадаадын хөрөнгө оруулалт яагаад буурч, долларын ханш ямар учраас тэнгэрт хадсан бэ. Юуны өмнө Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт дууссаныг бид анзаарах хэрэгтэй. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээг мэдээж багасгаж харагдуулна. Дээрээс нь алтны үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн 150 орчим лицензийг цэгцэлсэн нь нөлөөлсөн. Баталсан хууль тогтоомж нь өмнөх УИХ, Засгийн газартай холбогдох нь мэдээж. Долларын ханш 2009 оны хямралын үетэй ижил болж ирсэн нь бас л шалтгаантай аж. “Хоёр толгой”-гоо ажиллуулаад эхэлмэгц Оюутолгойгоос 250 сая, Тавантолгойгоос 350 сая, “Эрдэнэт” үйлдвэрээс 230 сая долларын урьдчилгаа төлбөр авсан. 2008 оны сонгуулиар гарч ирсэн эрх баригч нам уг мөнгөөр 2012 оны сонгуулийн өмнөхөн Эх орны хишгээ иргэн бүрт олгох амлалтыг хэрэгжүүлээд дуусгасан. Хамаг орлогыг нь бэлэн мөнгө болгож иргэдэд тараахад зарцуулаад байсан учир тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компани модоо барихдаа тулж байсныг бид мартаагүй байна. Юутай ч өнгөрсөн нэг жилд гаднаас орж ирсэн доллар дээрх урьдчилгаа төлбөрийн өр зээлд яваад байгааг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь учирлаж байсан. “Орж ирсэн доллараа өрөндөө өгөөд байгаа учраас л ийм байдал үүслээ” хэмээн тэр ярьсан юм.
Аль аль талд нь оролгүйгээр үнэнийг өгүүлэх хүмүүс бол гуравдагч хүчнийхэн, бие даагчид. Тэгвэл МҮАН-аас сонгогдсон гишүүн Г.Уянга “Засгийн газар солигдлоо гээд бүх зүйл шинээр эхлэхгүй. Тиймээс өмнөх хамтарсан Засгийн газрын буруутай үйл ажиллагаа ч нөлөөлсөн” хэмээн хэлсэн. Гэвч бурууг нь шинэчлэлийн Засгийн газар залруулж чадаагүй, нөхцөл байдлыг үүнээс ч дээр байлгах ёстой хэмээн тэр хэлж байв. Суурьг үй байшин гэж байдаггүй. Тиймээс нэгнээ буруутгаж, огцруулснаар асуудлыг шийдэхгүй. Гарцыг хамтдаа хайх нь чухал. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны ойтой давхацсан эдийн засгийн хүндрэл, түүгээр улс төр хийн сандал, суудал “оролдсон” халуухан өдрүүдэд Ерөнхий сайд, түүний багийнхан харин тайван байна. Учир нь эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадна, хяналтаас алдаагүй гэдэгтээ тэд итгэлтэй байгаа аж.
Орлого их наяд төгрөгөөр дутаагүй
МҮОНТ-д Ерөнхий сайд Н.Алтанхуяг уржигдар шууд ярилцлага өгөхдөө үүнийг сануулав. “Буруу мэдээлэл яваад байна. Оюутолгой далд уурхайн үйл ажиллагаагаа зогсоосон учраас тэндээс олох байсан 450 сая долларын орлого тасарсан нь үнэн. Төсвийн орлого тасарсан учраас бид зарлагаа танах замаар зохицуулалт хийж байна” хэмээн тэр ярина лээ. Бас сөрөг хүчний болгоомжлоод байгаа шиг “Чингис” бондын хөрөнг өөр орлогын цоорхойг нөхөхгүй, “Тайван бай” хэмээн хариулав. Японд хийсэн айлчлалынхаа үр дүнд Ерөнхий сайд нэг тэрбум доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт “босгож” чадсан байна лээ. Санхүүгийн нэмэлт эх үүсвэрүүдийг бүрдүүлэхээс гадна үүссэн нөхцөл байдлыг даван туулах хууль эрх зүйн орчнуудаа боловсруулаад, төслийг нь УИХ-д өргөн барьчихсан байгаа.
Өнгөрсөн нэг жилд Засгийн газар юу хийв
Шинэчлэлийн Засгийн газар жилийн турш ажиллахдаа шүүмжлэл, магтаал аль алиныг нь сонссон. Юуны өмнө тэд Үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, нүүрс, шатахууны үнийг тодорхой хэмжээнд бариад буй. Татаас, урамшуулал өгсөн ийм зохицуулалтын үр дүн долларын ханш “нисэж” буй энэ үед харагдаж байна. Шатахуун импортлогчид үнээ нэмэх эрхгүй. Тийм явдал болохгүй гэдгийг ч Ерөнхий сайд амлаад буй. Засгийн газрын тэргүүн нь амласан учраас иргэд тайван байгаа юм. “Чингис” бонд гаргаж, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ санхүүжүүлсэн. Энэ ажлын явцыг долоо хоног бүр иргэдэд нээлттэй сонсгож байгаа юм. Үүний дунд бүтээн байгуулалтын ажил өмнөх оны мөн үеэс 2.5 дахин эрчимжсэн таатай мэдээ бий. “Тууз хайчилдаг” хэмээх хоч зүүсэн ч хийсэн ажлынхаа үр дүнг Ерөнхий сайд Н.Алтанхуяг шалгаж, хүлээн авч буйг буруутгах аргагүй. Энэ онд хатуу хучилттай замаар холбогдох учиртай зургаан аймгийн 50 хувь нь нийслэлтэй холбогджээ. Сүнгэнэсэн замаар нутгаа зоригчид лав Ерөнхий сайдыг муулахгүй биз.
Зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засагтай хол явахгүй гэдгийг Засгийн газар ухамсарлаж буй учир хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалаа дэмжих бодлого хэрэгж үүлж байна. Саяхан болсон Монгол Улс, Европын холбооны хамтарсан V хуралдаанаар манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах саналыг тэд тавьсан юм билээ. Энэ мэтээр нааштай мэдээ дуулдаж байна.
Буруутгахын тулд буруутгаад байвал зөв юм олдохгүй. Эдийн засгаар улс төр хийсэн элдэв дүгнэлт ч өрөөсгөл гарна. Тиймээс хийснийг нь хийсэн, чадаагүйг нь үгүй хэмээн шударгаар дүгнэх учиртай. Засгийн газар хийсэн ажлынхаа тайланг удахгүй гаргаж, олон нийтэд танилцуулах юм билээ. Тэр үед олон нийт Н.Алтанхуягт бодит дүн тавина. Засгийн газарт ч бодит үнэлгээ хэрэгтэй.
С.ТУУЛ