Улс оронд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замыг тодорхойлох үүрэг бүхий УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр нээлээ. Зуны турш амарч, хөдөө гадаа томилолтоор ажилласан гишүүд Төрийнхөө ордонд цуглав. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь өмнөх Парламентын тооцоо, судалгаа муутай хуулиас үүдсэнийг онцлоно лээ.
2009 онд баталсан “урт нэртэй”, 2012 оны сонгуулийн өмнө гараас гаргасан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон 2010 оны зургадугаар сард баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг тэрбээр “алдаа” хэмээн тодотгож байгаа юм. Эдгээр хуулийн дүнд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг хааж, гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурахад гол нөлөө үзүүлсэн аж. Тиймээс Засгийн газар өмнөх УИХ-ын алдааг засахаар Хөрөнгө оруулалтын, Түгээмэл тархацтай ашигт малтмалын, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан.
Мөн Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад бий. Эдгээр хуулийг баталснаар Монгол Улс хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж, бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх боломж бүрдэнэ хэмээн УИХ-ын дарга үзэж байна. Мөн Монгол Улсад ашигтай төслийн татварын орчныг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөд өлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулах зэрэг олон асуудлыг шийдэх юм байна. Тэрбээр гишүүдэд эдгээр хуулийн төслийн алдаа, оноог шүүн хэлэлцэж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн агуулгаар баяжуулан батлахыг уриалсан. Үүний дараа Төрийн дуулал эгшиглэснээр нээлтийн ажиллагаа дууслаа. Ээлжит бус чуулган энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
С.ТУУЛ