Засгийн газраас зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өчигдөр Тавантолгойн уурхайд барих 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн удирдагч М.Энхсайхан оролцож мэдээлэл хийлээ. Уг станцыг нэг тэрбум ам.доллараар барих урьдчилсан тооцоо байгаа аж. Хөрөнгийн 34 хувийг төрөөс гаргаж, үлдсэн хэсэгт гадаадын хөрөнгө оруулалтыг татах юм байна. Тиймээс гаднын 25 компанид санал тавьсны 10 нь эерэг хариу өгчээ. Төслийн хөрөнгө оруулагчийг ирэх оны хоёрдугаар сар гэхэд эцсийн байдлаар сонгоно хэмээн М.Энхсайхан мэдэгдсэн.
Одоогоор хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн 10 компаниас дөрвийг нь сонгоод буй гэнэ. Дээрх станцын эрчим хүчийг Тавантолгойгоос гадна Оюутолгойн уурхайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж үүдэд худалдах юм байна. Гэвч ирээдүйн нэг худалдан авагчийнх нь үйл ажиллагаа зогссон учраас бага зэрэг асуудал үүсэж байгааг тэр нуусангүй. Үүний дараа Зам тээврийн сайд А.Гансүх болон нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр нар оролцож мэдээлэл хийсэн.
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зам ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад орох юм байна. Замын бусад ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж буй аж. “Мишээл экспо”-гийн ар, “Говь” компанийн урдуур тавьж байгаа замыг маргааш ашиглалтад өгөх юм байна.
С.УУЛ