Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын энэ сарын 15-17-нд манай улсад хийх байсан албан ёсны айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Энэ тухай Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа.
-Энэ өдрүүдэд болох байсан айлчлал яагаад гэнэт хойшлогдсон талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Монгол Улсад албан ёсны айлчлал хийх байсан ч хойшлогдлоо. Энэ нь олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, Сирийн асуудалтай холбоотойгоор айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
-Энэхүү айлчлалын ач холбогдлыг тодорхойлбол?
-Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ удаагийн айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал. Учир нь үүнээс өмнө хэд хэдэн удаа албан ёсны айлчлал хийхээр талууд тохиролцсон байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдож байсан юм. Хамгийн сүүлд 2012 онд мөн л олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төлөвлөсөн айлчлал хойшлоход хүрч байсан юм.
Юуны түрүүнд, Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Франц Улстай улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ач холбогдолтой.
Б.Номин