Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хөгжлийн банкнаас гаргах “Самурай” бондыг босгоход Японы тус банк баталгаа гаргаж, дэмжлэг үзүүлэхээр болсноо албан ёсоор баталгаажуулсан нь энэ юм. Японы олон улсын хамтын ажиллагааны банк нь хөгжиж буй орнуудад бонд босгоход баталгаа гаргаж дэмжлэг үзүүлдэг, гурван А зэрэглэлтэй хамгийн найдвартай банк юм байна. Хоёр тал хэлэлцэн тохиролцож 100 тэрбум иен буюу нэг тэрбум ам.долларын бонд гаргахаар боллоо. Энэ талаар Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнхөөс тодруулахад, “”Самурай” бонд бол иенийн зах зээлийг удирддаг. Япончууд мөнгөө хадгалах дуртай учир мужуудад нь их хэмжээний хадгаламж хуримтлагдсан байдаг. Тиймээс иргэдийнхээ хадгаламжийн мөнгийг алдахгүй байх баталгааг Засгийн газар нь Олон улсын хамтын ажиллагааны банкаар дамжуулан гаргаж энэ хөрөнгийг бизнесийн эргэлтэд оруулдаг. Тэрхүү хадгаламжийг Япон орон шингээхгүй болсон. Өндөр хөгжилд хүрч, бүтээн байгуулалтын бүхий л ажлаа амжуулсан орон учир гадаад орнууд руу гаргаж байгаа юм.
-“Самурай” бондын хүү ямар байх бол?
-Баталгаа гаргаж байгаа банкны рейтингээс хамаарч хүүг тогтоодог. Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгаа гаргахаар болсон учир эрсдэлгүй, хамгийн бага хүүтэй байна. Тус банкны олон улсын банк, санхүүгийн зах зээл дэх үнэлгээ өндөр учир хүү нь 0.5-1.5 хувьд хэлбэлздэг юм билээ. Манай улс ч ийм хэмжээний хямд эх үүсвэртэй зээл авах болов уу. Бид иенээр нь хэрэглэхгүй учир долларт шилжүүлнэ. Энэ нь Төвбанкны валютын эх үүсвэр нэмэгдэж байна гэсэн үг. Хямд эх үүсвэртэй зээл авснаар дотоодын санхүүгийн зардлыг буулгах боломж бүрдэнэ.
-Бондын хөрөнгийг хэрхэн зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-Японы Засгийн газар хувийн хэвшлийнхнээ дэмжиж, хөрөнгө оруулалт хийх бодлого барьдаг. Эхлээд хувийн хэвшлийнхнээ явуулж, судалгаа хийсний дараа боломжтой гэж үзвэл дэмжлэг үзүүлдэг уламжлалтай. Тэр хэлбэр рүү манай улс ч орж, аль болох хувийн хэвшлийнхнээ дэмжих бодлого барихаар болсон. Бондын хөрөнгийг үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах бөгөөд энэ ажилд хувийн компаниудыг оролцуулж байгаа. Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр хамтарч ажиллана. Мөн төмрийн хүдрийг боловсруулж сайн чанарын ган гаргах чиглэлээр “Бэрэн” групп Орхон аймагт гангийн үйлдвэр барихаар боллоо. Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмж, инженерингийн ажлыг “Марүбэни” корпорацтай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ хийж, ажилдаа орлоо. “Таван толгой”-н коксжих нүүрсний үйлдвэрт 450 мегаВаттын чадалтай цахилгаан станц барихад Японы хоёр компани оролцох болсон гэх мэтээр дэд бүтцийн томоохон ажлуудыг бондын хөрөнгийн эх үүсвэрээр хувийн хэвшлийнхнийг дэмжих замаар гүйцэтгүүлэхээр болсон.
-Бондыг энэ онд багтаан гаргаж амжих уу?
-Амжина. Бид дээрх бэлэн болсон томоохон төслүүд дээр мөнгө босгож байна гэсэн үг. Дэлхий нийтээр хаа сайгүй хямд эх үүсвэртэй мөнгө хайж байна. “Самурай” бондыг дэлхийн олон орон босгосон байдаг. Европчууд Японд очиж, иенийн бонд гаргая гэж явсан тухай дуулсан. “Самурай” бондыг хамгийн сүүлд Индонез босгосон байна гэж ярилаа. Японд хадгаламжийн хэмжээ их ч хүү нь маш бага. Хадгаламжийн шимтгэлээ авахад заримдаа хүү нь хасах руу ордог гэнэ. Тэгэхээр япончууд мөнгөө зүгээр хадгалдаг гэсэн үг. Сул зогсож байгаа их хэмжээний хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол Японы талд бий. Манай улс иенийн бонд гаргах чиглэлээр судалгаа хийж, гадаадын санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байж, иенийн ханш 5-10 жилдээ тогтвортой байна гэсэн дүгнэлтэд хүрсэн учир иенийн бонд гаргахаар шийдвэрлэсэн байна. Японы эрх баригчидтай Ерөнхий сайд уулзах үедээ мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн техник, технологийг оруулах, дулааны цахилгаан станц байгуулъя, зэс, ган хайлуулах үйлдвэр барих зэрэг дэд бүцтийг хөгжүүлэх хэд хэдэн санал тавьсныг дэмжиж, хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Японы буцалтгүй тусламжаар Монголын цөөн тооны оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна. Энэ тоог нэмэгдүүлж, инженер, технологийн чиглэлээр таван жилд 1000 оюутан Японд сургах хүсэлтэй байгаагаа Гүйцэтгэх засаглалын тэргүүн уламжлав. Хариуд нь Японы тал тийм олон оюутан богино хугацаанд сургах боломжгүйгээ хэлжээ. Тэгвэл манайх зээлээр сургая гэснийг дэмжсэн байна. Японд оюутан сургахдаа эхний хоёр жил Монголдоо, үлдсэн хоёр жилийг Японд сургах гэрээ хийсэн. Тэгэхээр Японы дээд сургуультай манай их,дээд сургуулиудын стандарт жишиг ойролцоо болно гэж Ерөнхий сайд ярилаа. Монголчуудын хамгийн их сонирхдог өөр нэг зүйл нь визийн асуудал. Манай улс 2009 оноос Япон улсын иргэдийг Монголд визгүй зорчдог болгосон. Тэгвэл визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг авч үзэхийг Ерөнхий сайд Японы эрх баригчдад санал болгожээ. Эхний удаад манай иргэдийн визийн нөхцөлийг түвэг чирэгдэл багатай болгооч гэсэн саналыг Японы тал Токиогийн олимпийн өмнө хэрэгжүүлэх байх. Энэ нь хэтдээ визгүй болно гэсэн үг хэмээн Ерөнхий сайд итгэлтэй хэлж байна.
Ерөнхий сайд хуучны андаа гэртээ урилаа
Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Японы харилцааг “эрх чөлөө ардчилал, энхтайван, харилцан туслалцах” гэдэг гурван үзэл санаагаар томъёолсон. Хоёр орон эв нэгдэлтэй энхтайван зэрэгцэн оршиж, харилцан туслалцах алхмыг хэдийнэ тавилаа. Харин япон, монгол хүмүүс эв нэгдэлтэй, анд нөхдийн харилцаатай байх санаа энэ айлчлалын үеэр манай Ерөнхий сайдын амнаас олон удаа гарлаа. Тиймээс ч 1990 онд ардчиллын үр соёолсон Монголоос Японы засгийн газрын урилгаар Социал демоктрат намын нарийн бичгийн дарга залуу улстөрч наран улсад анх удаа очжээ. Ардчиллын талаар номын дуу сонсохоор очсон монгол залуу жирийн япон айлд байрлаж, ардчиллын үнэ цэнэ, Японы ард түмний амьдрал ахуйтай танилцаж, их зүйлийг мэдэж авснаа энэ өдрүүдэд дурсаж байна. Анх Японд очсоноос хойш хоёр жилийн дараа залуу улстөрч Н.Алтанхуяг зочломтгой монгол хүний ёсоор М.Сайтогийн гэр бүлийг эх орондоо урьсан байна. Энэ удаа Ерөнхий сайд тэднийг хоёр дахь удаагаа Монголд зочлохыг урилаа. Япон анд нөхөд нь энэ намар ирэхээр болсон юм.
.jpg)
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгийн хамт Японы Цог жавхлант Эзэн хаанд бараалхлаа
20 жилийн өмнө үүсгэсэн хоёр монгол гэр бүлийн энэ найрсаг харилцаа өнөө хэр тасраагүйг Ерөнхий сайд Японд очиж, настай буурал япон анд найз нартайгаа уулзсанаас харагдаж байна. Хоёр орны иргэд ч ийм найрсаг харилцаатай байгаасай хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр үлгэрлэсэн нь энэ. Алтай Таван богд ФҮжи уулнаас ӨндӨр юм Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхлаа. Өдгөө 80 насыг зооглоод буй эзэн хаан Монголын талаар өргөн мэдээлэлтэй агаад манай орны талаар олон зүйлийг Ерөнхий сайдаас сонирхон асуужээ. Монголчууд эзэн Чингисийн онгоныг хайж байсан нь юу болов? Мал сүргийн тоо толгой хэд хүрсэн, ямар мал давамгай байна гэх мэтээр сонирхож байжээ. Мөн монгол ахуй, байгаль орчин, уул усны тухай сэдвээр тэдний яриа өрнөсөн байна. Ерөнхий сайд байгалийн үзэсгэлэн, ховор сонин тогтцыг гэрэл зургийн хальснаа буулгах хообийтой.
Эх орныхоо өнцөг булан бүрийн онгон зэлүүд хөдөө талаар явж, хальснаа буулгасан гэрэл зургийн арвин их цуглуулга Гүйцэтгэх засаглалын тэргүүнд бий гэдэг. Тиймээс Ерөнхий сайд өөрийн дарсан нутгийнхаа уул, Монгол орны хамгийн өндөр Алтай таван богдын ноён оргил Хүйтэний уулын зургийг том хэмжээгээр хэвлүүлэн, гарын үсгээ зурж бэлэглэсэн нь нүдээ олсон бололтой. Эзэн хаан бэлэгний тухай яриа эхлүүлжээ. Танай Алтай таван богд уулын өндөр хэдэн метр вэ? гэж асуужээ. 4375 метр гэхэд “Манай Япон улсын хамгийн өндөр Фүжи уул 3700 метр. Фүжи уулнаас хавьгүй өндөр юм байна” гэж ярьсныг Ерөнхий сайд уулзалтын дараа сэтгүүлчдэд сонирхуулав. Ерөнхий сайдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалыг зохион байгуулахад оролцсон албаны хүмүүст мөн өөрийн гэрэл зургийн цуглуулгаас цомог болгон дурсгасан. Монгол орны үзэмжит байгалийг харуулсан Ерөнхий сайдын дурсгалын бэлэг наран улсад талын Монголыг сурталчлах бяцхан үзүүлэн болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Хакүхо, хамтдаа зургаа татуулъя
Хоёр орны ард түмний эв найрамдлын бэлэг тэмдэг нь Японы үндэсний бөх мэргэжлийн сүмо. Тэнд ид бяраа үзэж буй манай хоёр орны сүмочид билээ. Тэр дундаа энэ цагт сүмогийн дэвжээнээ ноёрхлоо тогтоогоод буй ёкозүно Хакүхо М.Даваажаргал юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нарыг хүндэтгэн Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийнхэн үдшийн зоог барилаа.Японы талаас Парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяаши, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Х.Оцүки, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга Х.Рюү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ж.Ёшида зэрэг хүндтэй хүмүүс үдшийн зоог барилаа. Мөн манай талаас Ерөнхий сайдын айлчлалын Ажлын хэсэгт багтсан УИХ, Засгийн газрын гишүүд болон Япон дахь Монголын Элчин сайдын яамныхан оролцсон. Энэ хүлээн авалтад ёкозүна Хакүхо М.Даваажаргал ирсэн юм.
Хоёр орон стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай том асуудлаар хамтрахаар болсон ч жирийн иргэдийн харилцаан дээр ч анхаарал тавих учиртайг энэ арга хэмжээ харуулсан. Хакухо Япон, Монголын ард түмний бахархал юм. Хүлээн авалтын танхимд цугласан япон, монгол зочид Хакүхотой дурсгалын зураг татуулахаар урт дараалал үүсгэн зогсоцгоох юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Японы эрх баригч Либерал ардчилсан намынхын төв байрандаа урихад ёкозүна Хакүхо М.Даваажаргал мөн уригдсан юм. 800 хүн цугласан уулзалтын танхимд Хакухо үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улс анх удаа 1964 оны Токиогийн олимпод оролцож байлаа. 1968 оны Мехикогийн олимпоос миний аав мөнгөн медаль хүртэж байсан. Харин энэ удаа Токио хот хоёр дахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулахаар болов. 2020 оны олимп хүртэл би зодог тайлахгүйг хичээнэ ээ” хэмээв.