Аравдугаар сарын 2-15-ны өдрүүдэд манай улсын нийслэлд зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн болох билээ.
Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Пума империал” зочид буудалтай хамтран зохион байгуулах тус тэмцээнд 10 орны шилдэг 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөх юм. Ингээд Зохион байгуулах хорооны дарга Ч.Бат-Эрдэнэ болон шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Баттулга нарын товч ярилцлагыг хүргэе.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
X/2 Нээлтийн ажиллагаа
Рапид тоглолтын ДАШТ
X/3 Блиц тоглолтын ДАШТ
X/4 I өрөг
X/5 II, III өрөг
X/6 IV өрөг
X/7 V, VI өрөг
X/8 VII өрөг
X/9 VIII, IX өрөг
X/10 амралт
X/11 X, XI өрөг
X/12 XII өрөг
X/13 XIII өрөг
X/14 XIV өрөг
X/15 XV өрөг
Хаалтын ажиллагаа
Ч.Бат-Эрдэнэ: Оролцогчдын талаас илүү нь их мастер цолтнууд
.jpg)
-Монгол Улс ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг хэзээ, хэрхэн авсан бэ?
-Өнгөрсөн жил Францын Лилль хотноо болсон Дэлхийн оюуны спортын II их наадмын үеэр FMJD-гийн Ерөнхий ассемблей хуралдсан юм. Тэрхүү хурлаар бид Польш, Эстони улсуудтай өрсөлдөж, ялалт байгуулснаар энэхүү нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо анх удаагаа зохиох эрхийг авсан юм. Гэхдээ энэ нь бидний хувьд санамсаргүй явдал биш. Монголын даамын холбоо энэ тэмцээнийг зохион явуулах төлөвлөгөөгөө 3-4 жилийн өмнөөс гаргаж, хүсэлтээ удаа дараа өгч гаргаж байсан.
-Манайханд олон тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаан зохион байгуулж байсан туршлага бий юу?
-Бид Азийн АШТ-ийг гурван ч удаа хүлээж авсан. Тодруулбал 1999, 2010 онд Улаанбаатар хотноо, 2001 онд Эрдэнэт хотноо тивийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байлаа. Мөн 2006, 2011 онуудад өсвөрийн ДАШТ-ийг зохиосон. Харин олон улсын тэмцээний тухайд 90-ээд оны дунд үеэс эхлэн зохион байгуулсан арвин баялаг туршлагатай.
-Зохион байгуулагч орны давуу тал нь юу вэ?
-Нэгдүгээрт, энэ спортын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Өдгөө манай улсад 25 мянга орчим хүн даамын спортоор сонирхон хичээллэж байна. Тэдгээр хүүхэд залуус маань дэлхийн шилдгүүдийн тоглолтыг “амьдаар нь” үзэж сонирхон, нүд тайлах сайхан боломж бүрдэж байна. Тэрчлэн манайх зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу арай олон тамирчнаа оролцуулах эрхтэй.
-Тэмцээн зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарч байна вэ?
-Дэлхийн даамын холбооноос тогтоосон жишгээр бол зөвхөн түрүүлсэн тамирчинд дор хаяж 20 мянган еврогийн шагнал олгодог журамтай. Бидэнд улсаас тодорхой хэмжээний санхүүжилт өгсөн. Гадны тамирчид, дасгалжуулагч, зочдын зардлыг даах болохоор энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг дээ. Зардал их гарах ч тэмцээний ач холбогдол, манай залуу даамчдад үлдэх өгөөж нь зүйрлэхийн аргагүй. Энэ дашрамд ДАШТ-ийг ивээн тэтгэж, оюуны спортод хөрөнгө оруулалт хийн, хамтарч ажиллах байгууллагуудад манай хаалга нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.
-Тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?
-Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
-Энэ удаагийн ДАШТ-ий онцлог нь юу вэ?
-Үндсэн тэмцээн эхлэхийн өмнөх хоёр өдөр буюу аравдугаар сарын 2, 3-нд бид рапид (15-20 минутаар тоглодог), блиц (5 минутаар тоглодог) тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Энэ бол тусдаа арга хэмжээ. Хөнгөн атлетикаар бол олимпийн наадмын үеэр 100 м, 200 м, марафон гүйлтийн аваргууд тодрохтой зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл нэг дор гурван дэлхийн аварга болох боломжтой.
-Монголын дэвжээнд өрсөлдөх шилдэг даамчдын тухай танилцуулаач?
-Таван тивээс шалгаран оролцож буй 16 даамчны 9 нь буюу дийлэнх нь олон улсын их мастер цолтой тоглогчид. Түүний дотор дэлхийн аварга цолыг 12 удаа хүртсэн Латвийн нэрт даамчин Зоя Голубеваг онцлох нь зүйтэй байх. Даамын спортын түүхэнд домог болсон энэ бүсгүй өнгөрсөн зун ОХУ-ын Уфад болсон эрэгтэй даамчдын ДАШТ-д шалгаран оролцож, тавин хувийн амжилт үзүүлсэн. Мөн одоогийн байдлаар аваргын титмийг эзэмшигч ОХУ-ын даамчин, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужина, дэлхийн гурван удаагийн аварга Украины Дарья Ткаченко, ДАШТ-ий олон удаагийн медальт Голландын Нина Хукман, Дэлхийн оюуны спортын их наадмын аварга ОХУ-ын Матрена Ноговицына, Беларусийн Ольга Федорович нарын шилдгүүд аваргын төлөө хүчтэй өрсөлдөх нь тодорхой. Бас нэг зүйлийг хэлэхэд тэмцээний үеэр FMJD-гийн ерөнхийлөгч Харри Оттен, тэмцээн хариуцсан захирал Яцек Павлицки нар манайд улсад айлчилж, Литва улсын иргэн Рима Даниливичене тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллана.
Д.Баттулга: Сарын өмнөөс эрчимжүүлсэн бэлтгэлдээ орсон
-Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдаа хэрхэн сонгосон бэ?
-FMJD-гийн дүрэм ёсоор тивийн аваргад түрүүлж байж ДАШТ-д оролцох эрхээ авдаг. Өнгөрсөн жил Малайзад болсон Азийн аваргад М.Нямжаргал маань түрүүлж, их мастер цол хүртсэний зэрэгцээ шигшээ тэмцээнд оролцох болзлыг хангасан.
Мөн энэ жилийн Азийн болон улсын аварга, их мастер Э.Мандахнаран, спортын дэд мастер М.Одгэрэл нар оролцоно. Дашрамд сонирхуулахад Одгэрэл тус тэмцээний хамгийн залуу оролцогч (15 настай)-оор тодроод байна.
-Манай тамирчдын бэлтгэл хэр зэрэг хангагдсан бэ?
-Бид эрчимжүүлсэн бэлтгэлдээ ороод сар гаруй болж байна. Ерөнхийдөө өрсөлдөгчдийнхөө өргүүдийг судалж, түүнд дүн шинжилгээ хийх маягаар бэлтгэлээ базааж байна. Манай тамирчид онолын хувьд овоо бэлтгэгдсэн ч практик тоглолт дутагдаж байна. Учир нь манайх дэлхийн даамын хөгжлийн төв Европоос хол байдаг, байнга тэмцээн уралдаанд оролцоод байх боломж хомс байдаг.
-Шигшээ багийг дасгалжуулж буйн хувиар тамирчдаа ямархуу амжилт үзүүлнэ гэж бодож байна вэ?
-Тэмцээнд оролцож буй 16 тамирчны тав нь Азиас, тодруулж хэлбэл Монголын гурав, БНХАУ-ын хоёр тамирчин бий. Харин үлдсэн 11 тоглогч Европоос ирнэ. Бараг бүгдээрээ шахуу дэлхийн аваргаас медаль хүртэж байсан, хамгийн багадаа л Европын АШТ-ий медальтай шилдэг тамирчид. Дээр нь тэд саяхан олон улсын тэмцээнүүдэд оролцсон, бэлтгэл нь жигдэрсэн байгаа. Гэхдээ бидэнд айгаад байх зүйл алга, медалийн төлөө өрсөлдөх болно.
М.ОРГИЛ