Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси тэргүүтэй Аргентиний шигшээ Өмнөд Америкийн бүсээс “Бразил 2014”-ийн эрхээ хамгийн түрүүнд авсан билээ. Тэд 2011 оны арваннэгдүгээр сараас хойш хожигдоогүй яваа юм. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Алехандро Сабельягийн залуусыг Пассарелла, Бьелса, Пекерман нарын багийг санагдуулам шигшээ хэмээн магтаж байна. “Эстудиантес”-ийг дасгалжуулж байсан тэрбээр эхэндээ хуучин багийнхаа гаралтай тоглогчдыг шигшээд олноор дуудаж, Венесуэлд хожигдон, Боливитой тэнцсэний дараагаар хөгжөөн дэмжигчдийн зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Гэвч удалгүй Сабельягийн баг амархан эвээ олж, Колумбийг талбайд нь 2:1-ээр хож соноос хойш ялалтын цуврал нь эхэлсэн. Улмаар нөхөрсөг тоглолтод Швейцарь, Бразил, Герман, Швед, Италийг цувруулан хожиж, FIFA-гийн чансаанд Испани, Германы дараа гуравдугаарт бичигдэх болов. Саяхан интернэтээр явуулсан санал асуулгаар хөгжөөн дэмжигчдийн 34.4 хувь нь түүнийг маш сайн ажиллаж байгаа гэсэн бол 54.7 хувь нь сайн, 10.9 хувь нь боломжийн гэсэн дүн тавьж, муулсан хүн гарсангүй. Ингээд “Альбиселесте” дахь Сабельягийн өөрчлөлтүүдийн тухай өгүүлье.
Хамгаалалт
“Copa America 2007”-гийн дараа Роберто Айяла шигшээдээ зодог тайлсны дараа хамгаалалтын баланс алдагдсан. Дасгалжуулагчид Демикелис, Бурдиссо, Хайнце, Милито, Отаменди нарыг туршиж үзсэн ч олигтой үр дүн гарсангүй. Харин Сабелья зоригтойгоор залуухан хамгаалагч Гарай, Федерико Фернандес нарт итгэл хүлээлгэсэн юм. Хэдийгээр тухайн үед Фернандес “Наполи”-гийн гараанд ч гардаггүй (өдгөө Испанийн “Хетафе”-д тоглож буй) байсан ч төвийн хамгаалалтын хослол сорилгын турш ердөө 11-хэн гоол алдсан нь зөвхөн Колумбын дараа орох үзүүлэлт юм. Тэднийг Эзекиель Гарай, “Наполи”-гийн ахмад хамгаалагч Уго Кампаньяро, Премьер-лигт олон жил тоглож буй Фабрицио Колоччини, Мексикийн “Монтеррей”-г гурван жил дараалан CONCACAF бүсийн Аваргуудын лигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Хосе Басанта нар орлож чадахаа харуулсан. Сүүлийн үед Сабелья Басантад нэлээд итгэл хүлээлгэж, ойрмогхон 2-3 удаа шигшээд дуудаад буй. Жигүүрийн хамгаалалтад Рохо, Сабалета нар байр сууриа баттай эзэлсэн гэхэд болно. Маркос Рохо эхэндээ шүүмжлэлийн бай болж байсан ч “Спартак”-аас явж, Португалийн “Спортинг”-д тоглох болсноосоо хойш формондоо орж, улмаар Клементе Родригесийг үндсэн бүрэлдэхүүнээс шахаж чадсан.
Дундын шугам
Арваад жилийн өмнө энэ шугам дээр Ортега, Верон, Алмейда, Симеоне, Гальярдо, Сорин... нарын шилдгүүд чихцэлдэж байсан бол одоо аргентинчуудын хамгийн сул тал нь болоод буй. Гэхдээ Сабелья асуудлыг хялбархан шийдэж, довтлох чиглэлийн хагасуудаас гэхээсээ уйтгартай тоглолттой хэмээгддэг Брана, Соса нарыг дуудах болов. Мэдээж тэдэн дээр Машерано, Гаго, Биглиа, Банега нар нэмэгдэнэ. Алехандро хагасуудаа хамгаалалтад идэвхтэй оролцохыг шаарддаг. Учир нь тэргүүн эгнээнд тоглодог Месси, Ди Мария нар хойш татаж тоглох чадвартай тул үнэндээ Вальтер Монтильо, Николас Гайтан, Эдуардо Сальвио, Рикардо Альварес, Макси Родригес нарын довтлох чиглэлийн хагасуудыг ашиглах бараг шаардлагагүй болсон.
Довтолгоо
Ямар ч дасгалжуулагчийн мөрөөддөг довтолгооны нөөц түүний гарт байна. Гэхдээ Сабелья ирэх жилийн ДАШТ-д Месси, Агуэро, Игуаин, ди Мария нараараа үзэхээр шийдсэн бололтой, сорилгын турш “Fantastic four”-аараа нүдээд дууслаа. Диего Милито, Карлос Тевес нарын хувьд дэлхийн аваргад оролцох нь бүү хэл шигшээдээ ахиж тоглох эсэх нь бүрхэг болж байх шиг. Тэрбээр Мессиг сайн ашиглаж чадаж буй. Лео зөвхөн өнгөрсөн жилд есөн тоглолтод 12 гоол оруулсан нь үүний нотолгоо. Түүнээс өмнө Месси шигшээдээ дөрвөн жилийн хугацаанд 41 тоглолт хийхдээ, ердөө 11 бөмбөг оруулаад байсан юм. Өөрөөр хэлбэл дунджаар нэг тоглолтод 0.27 гоол оруулдаг байсан түүний статистик үзүүлэлт 1.3 болтлоо өссөн. Өдгөө Лео шигшээдээ муу тоглодог хэмээн шүүмжлүүлдэг байсан цаг үе ард хоцорч, багийнхаа бүх цагийн үеийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх мэргэн бууч болоод байна. Шалтгаан нь “Барса”-гийн ¹10 хагас хамгаалагчид болон довтолгооны хамтрагч Игуаин, ди Мария, Агуэро нартай сайн ойлголцож буйд оршино.

“Реал”-ын хоёр ч (Игуаин “Наполи”-г зориод удаагүй тул ингэж бичив) багтаа голлох үүргийг гүйцэтгэж, Агуэро үүргээ хангалттай биелүүлж буй. Марадонагийн хүргэн хэд хэдэн тоглолтод чухал маш гоол оруулсныг дурдах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн онцгой явдал тохиолдохгүй бол “Бразил 2014”-д дээрх дөрвийг гараанд харах байх. Мөн Эзекиель Лавесси, Родриго Паласио, Франко ди Санто, Игнасио Скокко, Эрик Ламела, Эрнан Баркос нараас 1-2 нь сэлгээний тоглогчийн хувиар Мундиальд оролцох боломж бий. Урьдчилсан тоглолтуудад хэрхэн тоглосныг нь дүгнээд хэлэхд ди Санто, Баркос нарт ахин боломж олгохгүй л болов уу. Ямартай ч Басиле, Марадона, Батиста нарын “Барселона”-г дуурайсан бөмбөг эзэмших бүтэлгүй оролдлогыг сөрөг довтолгоогоор сольсноор Сабельягийн шигшээ хамгийн хүчирхэг довтолгоотой багуудын нэг болоод байна.
Р.МАНЛАЙ