Лондон хотын мээр Олдермен Роджер Гиффорд болон тус хотын төлөөлөгчдийн баг энэ сарын 19-нд Улаанбаатарт хүрэлцэн ирэхээр болжээ. Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үеэр Лондон хотын дарга айлчилж байгаа нь хоёр улсын харилцааг улам өргөжүүлэх зорилготой гэнэ. Ялангуяа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нөөц боломж бий хэмээн тэрбээр үзэж байгаа аж.
Ноён Олдермен Роджер Гиффорд манай хотын даргаас гадна зарим улстөрч, бизнесмэнтэй уулзаж, Монголын эдийн засгийг дэмжих үүднээс Лондон хотын зүгээс Улаанбаатар хотод юу хийх шаардлагатай талаар ярилцах гэнэ. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдтай уулзаж, ногоон санхүүжилтийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүний багт дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн, Английн туршлагатай мэргэжилтн үүд багтсан бөгөөд олон улсын бизнесийг татахуйц архитектор бий болгох талаар зөвлөгөө өгөх юм байна.
Лондон хотын мээр Олдермен Роджер Гиффорд нь тус хотын даргаар ажиллаад нэг жил болж байгаа бөгөөд гадаад орнуудад айлчлахдаа Сайд нарын танхимын буюу Засгийн газрын гишүүний эрх мэдлийг эзэмшдэг байна. Тэрбээр Улаанбаатар хотод хоёр өдөр ажиллахаар төлөвлөжээ.
Р.Оюун