УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаатай зэрэгцэн УИХ дахь МАН-ын бүлэг мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд АН, МАХН, МҮАН-ын эвслийн Засгийн газар үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд эдийн засаг уруудаж, хөрөнгө оруулалт 42 хувиар буурлаа. Монгол Улсын гадаад өр түүхэнд байгаагүй 15 тэрбум ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг жилийн хэмжээнээс хэтрэв. Төгрөгийн худалдан авах чадвар буурч, ам.долларын ханш 1700 төгрөгөөс давж, улс орон бие даан амьдрах чадвар мөн хоёр дахин багасав. Энэ жилийн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, хууль зөрчигдөх, бүтээн байгуулалт удаашрах, иргэдийн амьжиргааны түвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг ийм нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж, Засгийн газрын зөв зүйтэй ажлыг дэмжих, алдааг эртхэн залруулах талаар удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн. Гэвч АН эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс гаргах арга боломж эрэлхийлэхийн оронд алдаа дутагдлаа хөндлөнгөөс эрэх, олон нийтийг төөрөлдүүлж байгаа нь нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, хариуцлага хүлээх чадваргүйн илрэл болж байна.
Иймд УИХ дахь МАН-ын бүлэг АН улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан алдаандаа дүгнэлт хийх, Ерөнхий сайд хариуцлагагүй мэдэгдэл, үйлдлээрээ санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарыг эрсдэлд оруулж буй холбогдох яамдын сайд нарт хариуцлага тооцох, УИХ-аас ажлын хэсэг гаргаж Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийх, нэг жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаагаа дүгнэж, улс орныг эдийн засаг, санхүүгийн хүнд байдлаас гаргах арга замыг эрэлхийлж, хүндрэлийг даван туулах төлөвл өгөө боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардаж байна. Мөн УИХ Засгийн газарт хэт хөтлөгдөж, алдаа дутагдлыг өөгш үүлэхээ зогсоож, парламентыг сонгодог зөвшилцлийн байгууллага хэлбэрээр нь ажиллуулахыг шаарджээ.
Д.ЦАЦРАЛ