Олныг хоёр өдрийн турш түгшээсэн үйл явдлыг УИХ-ын гишүүд, иргэд хэрхэн дүгнэж байгааг сонирхлоо.
Г.БАТХҮҮ (УИХ-ын гишүүн) .jpg)
-Цаашид бодох ёстой асуудал. Ийм асуудал үүсэхэд холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг байх ёстой. Гэхдээ уржигдрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагынхан эхэлж авсан байх гэж бодож байна. Тиймээс л буу, зэвсгийг хурааж, илрүүлсэн байх.
Д.БАТЦОГТ (УИХ-ын гишүүн)
-Тэр явдлыг болж өнгөрсний дараа л сонссон. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд хангалттай ажиллаж чадаагүй юм байна гэж бодсон. Энэ бол том дохио, сануулга. Ер нь терроризмын аюул ч Монголд нүүрлэхийг үгүйсгэхгүй болсон шүү дээ. Тиймээс хууль, тагнуулын байгууллагынхан ажлаа сайжруулах ёстой. Тэд ажлаа сайн хийгээгүй гэж бодож байна.
С.САРНАЙ (Баянгол дүүргийн иргэн) 
-Би “Централ тауэр”-ийн 14 давхарт ажилладаг. Бид өрөөндөө ажлаа хэвийн хийсэн ч энд тэнд тэсрэх бөмбөг байх вий гэсэн бодол төрөөд айдастай л байна. Тэмцэж байгаа иргэдийг би буруутгахгүй, харин арга нь арай биш юм аа. Ингэхэд тагнуул, цагдаагийнхан нэг хүнд ийм их хэмжээний тэсрэх бөмбөг, буу, сум байхад яагаад мэддэггүй юм бэ. Иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг хангах үүрэгтэй хүмүүс биз дээ. Үнэндээ амьд явах баталгаа байхгүй нь энэ үйл явдлаас харагдлаа.
М.ТУЛГА (Баянзүрх дүүргийн иргэн)
-Цагдаа, тагнуулынхан мэдээлэлгүй нь харагдаж байна. Түүнээс гадна олны эрх мэдэл, бизнесийг булаасан төрийн түшээд иргэдээ буу барихад хүргэлээ. Энэ хүн яагаад ийм зүйл хийх болов, яагаад Төрийн ордон, хотын төвийн энэ барилгыг сонгоод байна гээд ухвал олон зүйл гарч ирнэ. Хэсэг бүлэг хүний эрх мэдэл, ашгийн төлөө явж буй төр иргэдээ ийм болгодог юм байна.
Т.ДАШДОНДОВ (Ховд аймгийн иргэн) 
-Эх орон газар шороогоо хайрлах нь монгол хүн бүрийн үүрэг. Харин хэн дуртай нь буу шийдэм барьж, бусад руугаа шагайх нь байж боломгүй хэрэг. Цагдаа, тагнуулынхан юу хийж байна вэ. Тэр хүмүүсийг зэвсэг бариад Төрийн ордны ард байрлуулахаас өмнө, худалдан авч байхад нь таслан зогсоох ёстой биш үү. Уг нь галт зэвс гийг нэг бүрчлэн бүртгэж, хэн эзэмшдэг гээд бүх мэдээлэл нь бай маар юм.