УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Энэ үеэр Д.Дэмбэрэл гишүүн “Байгалийн баялгаас жаахан юм цохьчих санаатай хэсэг хүний ашиг сонирхлын үүднээс өргөн барьсан хууль байна” хэмээн хардаж байгаагаа илэрхийлсэн. Мөн уг хуулийн төсөлд стратегийн ба бус гэсэн ялгааг арилгахаар тусгасныг тэрбээр буруушаав. “Энэ бол төрийн бодлого. Та нар шүүмжлээд байгаа юм бол Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулиа хүчингүй болгоод төрийн бодлогыг хэвээр үлдээгээч. Олон жил баримталсан төрийн бодлогоосоо Засгийн газрын арчаагүй үйл ажиллагааны дүнд буцахад хүрч байна” гэлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Төрийн бодлого хэвээрээ байгаа” гэсэн хариулт өгсөн. Долларын ханш өссөн, гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан, гэвч эдийн засгийн бусад үзүүлэлт өндөр байгаа гэсэн өөдрөг тайлбараа тэрбээр асуулт тавьсан гишүүн бүрт шахам давтаж байсан юм. 15 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн компанид 5-10 жилийн турш татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж төсөлд тусгасан юм. Энэ тоог ямар үндэслэлээр тогтоосон, сүүлийн жилүүдэд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан хэдэн компани байна вэ хэмээн М.Батчимаг гишүүн асуулаа. Манай улсад тийм бүртгэл байдаггүй гэсэн хариултыг тэрбээр салбарын сайдаас сонссон. Мөн гишүүн “Хөрөнгө оруулалт бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Олон улсад үүнийг технологийн дэвшил, ноу хау бий болгох салбарт татдаг. Гэтэл уг төсөлд ийм бодлого алга. Дээрээс нь дээрх 5-10 жилийн хөнгөлөлт чинь зөвхөн шинээр бүртгүүлсэн хөрөнгө оруулагчдад хамаатай юм байна. Өмнө нь 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан компаниуд хүсэлт гаргавал уг хуульд хамрагдаж, татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу” гэлээ.
Н.Батбаяр сайд “Буцаж үйлчлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. “Хоёр өрөө байр ч авч хүрэхгүй шахам мөнгийг хөрөнгө оруулалт гэх үү” гэсэн цөөнгүй гишүүний шүүмжлэлд сайд “Энэ бол өмнөх хуульд тогтоосон байсан босго. Түүнийг хэвээр авч тусгасан юм. Хэрэв гишүүд санаачилга гаргавал 100 мянган доллар, 15 тэрбум төгрөг гэх мэтээр босгын хэмжээг өөрчилж болно, нээлттэй” гэлээ. Монголбанк Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “касс”-ын үүрэг гүйцэтгэж, мөнгөний бодлогоо тогтоох үндсэн үүргийг умартсан хэмээн Ц.Нямдорж гишүүн шүүмжиллээ. Тэрбээр “Н.Батбаяр чи үүссэн нөхцөлийг одоо болтол ойлгохгүй байна. Эдийн засгийн чухал асуудал ярьж байхад Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нь алга. Улсын төсөв чинь 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Гэтэл УИХ-ын дарга нь Засгийн газраа өмөөрөөд сууж байх юм. Ажлаа хийж чадахгүй юм бол УИХ тарах хэрэгтэй. 1700 км зам тавьсан гэж худлаа ярих юм. Үүнийг чинь Жасрай гуайн үед эхлүүлсэн юм, та нар 300 км зам л тавьсан байх. Та нарын барьсан орон сууц бараг байхгүй, бүгдийг нь өмнөх Засгийн газрын үед хийсэн. Ийм байдлаар эдийн засгийг авч явна гэвэл хоншоор чинь дутна, Батбаяр аа” гэлээ.
Талх, будаа зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг Я.Содбаатар гишүүн хэлж өгөөд “Батбаяр аа, чи ер нь мэргэжилтнүүдээ яриул. Өөрөө үнэ ханш мэдэхгүй худлаа ярих юм” гэлээ.
С.УУЛ