Ерөнхий сайдын 30 минут уулзалт өчигдөр болж, Засгийн газрын тэргүүн Японд хийсэн айлчлалын үр дүн болон ээлжит бус чуулгантай холбоотой мэдээлэл хийв. Шинэчлэлийн Засгийн газрын гадаадад хийж буй анхны томилолт Японоос эхэлсэн бөгөөд өнгөрсөн зургаан сарын хугацаанд Япон, Монголын харилцаа ахисныг тэрбээр онцоллоо.
Манай улсад айлчлах үеэрээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн өгсөн зарим амлалт биелж, Японы хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгджээ. Түүнчлэн Стратегийн дунд хугацааны хөтөлбөр батлагдсанаар ойрын таван жилд манай хоёр улс хэрхэн ажиллах ерөнхий чиг хандлага тодорхой болсон байна. Тухайлбал, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллахдаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, манай түүхий эдийг Японы өндөр технологиор боловсруулж, экспортлох, техник, технологи, инженерийн чиглэлээр Японд оюутнуудыг суралцуулах, виз хөнгөлөх зэрэг асуудал багтжээ.
Төгрөгийн ханш суларч, валютын ханш тэнгэрт хадсан өнгөрсөн сард эдийн засгийн байдал багагүй хүндэрсэн. Энэ үйл явдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр төгрөгийн ханш уналтын эсрэг арга хэмжээ авахын тулд дөрвөн хуулийг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзжээ. Улмаар УИХын ээлжит бус чуулганыг хуралдуулж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл болон Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Ингэснээр төгрөгийн ханш унахаас сэргийлнэ хэмээн Засгийн газрын тэргүүн үзэж байгаа аж. “Валютын ханш унах үеэр мөнгө хүүлсэн асуудал гарсан. Үүний эзэд удахгүй тодорно” хэмээн тэрбээр мэдэгдсэн.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрхэн хэрэгжсэн болон ямар алдаа, оноо байсныг шалгах зорилготой Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд удахгүй дүнгээ гаргаж, мэдээлэл хийх юм байна. Тус Ажлын хэсгийнхэн мөн амины орон сууцыг уг зээлд хамруулах талаар судалж байгаа ч ойрын хугацаанд бус, яваандаа хэрэгжих аж. “Энэ зээл зогсохгүй. Зөвхөн орон сууцны нийлүүлэлтээр л зээл хязгаарлагдана” хэмээн Н.Алтанхуяг сайд мэдэгдлээ. Түүнчлэн “Оюутолгой Эрдэнэс” компанийн шинэ удирдлага болон ТУЗийн шинэ бүрэлдэхүүн ирэх бямба гаригт Лондоныг зорих гэж байгаа аж. Тэд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай уулзаж, өмнө нь шийдэгдээгүй байсан асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох гэж байгаа талаар тодорхой мэдээлэлтэй болж ирэх талаар Ерөнхий сайд мэдээлэв.
Р.Оюун