УИХ-ын ээлжит бус чуулганы баасан гаригийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ нь хайрга, дайрганы хайгуул, ашиглалтыг зохицуулах хууль юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд тухайн талбай нь бусад талбайтай давхцал бий эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас цахим хэлбэрээр мэдэгдэл авах юм байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг аймаг, орон нутгийн захиргаанд шилжүүлснээр тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийн төвлөрөл саарах давуу талтай гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог зарчмаар олгох юм байна. Мөн өөр нэг онцлог зүйл нь улсын төсвийн хөрөнгөөр судалгаа явуулж тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалтг үйгээр олгох боломжийг нээж өгч байгаа. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд 2.5 хувь байхаар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг талбайн хэмжээтэй уялдуулан тогтоодог байхаар төсөлд тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын зорилтууд хэрэгжих, Туул голын хөндий дагасан элс, хайрганы тусгай зөвшөөрөлд зохицуулалт хийх нөхцөл бүрдэх, зам, барилга, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдүүд дур мэдэн дуртай газраа ухаж сэндийчин элс, хайрга олборлох үйл ажиллагаа зогсох, орон нутагт ажлын байр нэмэгдэх, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад газар нутгийнхаа хаана нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлэх, улсын төсвийн болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Дараа нь гишүүд асуулт тавьж, санал хэлэв. Гишүүн Я.Содбаатар “Хуулийн төсөлд орон нутагт эрх шилжүүлэхээр тусгасан нь эрдэс баялгийн салбарын тухайд эрсдэлтэй байж мэдэх тул энэ асуудалд нухацтай хандах учиртай. Нөгөө талаар орон нутагт төвлөрлийг сааруулна гэж байгаа ч эсрэгээрээ бизнес эрхлэх, бүтээн байгуулалтын ажил явуулахад улам хүндрэл учруулж мэдэх юм. Түүнчлэн заавал бие даасан хууль гаргахгүйгээр одоогийн хуулийн зохицуулалтаар шийдээд явах боломж ч байна. Иймээс салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсож, Ажлын хэсэг гарган нухацтай хандах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.
С.УУЛ