Ардчилсан Намын ҮЗХ-ны гишүүн Х.Ганболдтой ярилцлаа.
-Ардчилсан намд жигүүр байгуу лагдлаа. Жигүүр хэний эрх ашгийг хамгаалах вэ?
-Жигүүрийг фракц гэхээс илүү намын жирийн гишүүд, дэмжигчид санаачилсан. Фракцуудын төлөөлөл сүүлд орж ирсэн. Тиймээс жигүүр бол Засгийн газар болон намын удирдлагаар оролддог субъект биш. Өөрөөр хэлбэл, намын гишүүд, дэмжигчдийн гаргаж буй санал, санаачилгыг хэрэгжүүлэх, намын дүрмийг хэрэгждэг байлгахын тулд намын удирдлага, түүний аппараттай нягт хамтран ажиллах зорилготой.
-Тэгвэл жигүүрийн зүгээс эхний ээлжинд хийх ажлын нэг нь намын дүрмийг өөрчлөх байж болох нь ээ?
-Намын ажил унаж байгаа нь дүрмийн хямрал уу, эсвэл зохиомол өөр хүчин зүйлтэй холбоотой юу гэсэн асуултыг тавьж байгаа. Асуудлыг хоёр талаас нь ярьж байна.
-Тухайлбал?
-Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2011 онд хуралдсан ҮЗХ-ны хуралдааныг онцолъё. Үндсэн дүрмийн дагуу жил бүр ҮЗХны 228 гишүүний 30 хувийг ротаци явуулан өөрчлөх ёстой. Ингэснээр шинэ хүмүүс орж ирэх боломж нээгддэг. Гэтэл удахгүй сонгууль болох гэж байна гэдэг шалтгаанаар тус хуралдаанаас ротаци явуулахыг хойшлуулсан. Харамсалтай нь энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа учраас ротаци явуулах гүй байна. Нэг ёсондоо үндсэн дүрмийн царцалтыг зохиомлоор бий болгочихоод байгаа хэрэг. Үүнээс болоод нам шинэчлэгдэж, нөхөн төлжих үйл явц үндсэндээ үгүй болсон. Сонгуулийн дараа өөрийгөө шинэчлэх ёстой ҮЗХ шинэчлэгдээгүй. ҮЗХ-ны хуучин гишүүд Засгийн газрыг байгуулахаас эхлээд бүх зүйлд оролцлоо. Үндсэндээ ҮЗХ-ны 228 гишүүн энд тэндхийн дарга болж хувирсан. Ингэснээр намын удирдах дээд байгууллагынхан Засгийн газрын гадна, амьдрал дээр юу болж байгааг харах тэнхэлгүй болж, хайрцаглагдсан. Энэ хайрцгийг “эвдэх” хэрэгтэй. Төрийн албанд очсон хүмүүсийн сул орон зайд ротацийн нөхөн сонгууль явуулах шаардлагатай. Дээр нь дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүн байхгүй болчихсон.
-Тэгэхээр засгийг биш юм гэхэд удирдлагаа сэлгэх талаар ямар ч байсан ярих нь. Тийм үү?
-Бид төр барьж байх үедээ нам, төрийн харилцааг орхигдуулсан. Үүний хохирол нь 2000 оноос хойш арав гаруй жил үргэлжилсэн. Гэтэл өнөөдөр намын аппарат нь Засгийн газрын ажлын алба шиг ажиллаж байна шүү дээ. Бид өмнөх алдаагаа давтаж болохгүй. Тиймээс жигүүрт 1996-2000 оны үед намын бүх шатны байгууллагад байсан хүмүүс маш хүчтэй байр сууриа илэрхийлж байна. Намын аппаратын бүтцэд өөрчлөлт оруулах ёстой.
-Бүтэц, бүрэлдэхүүнийг яаж өөрчлөх нь зүйтэй вэ?
-Юуны түрүүнд, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шахаж шаардсан, үйл ажиллагааг нь үнэлж дүгнэдэг бүтэц шаардлагатай байна. Хоёрдугаарт, улс төрийн болон төрийн бусад албан тушаалд намын нэрийг барьж очсон нөхдөд хариуцлага сануулж, тооцдог бүтэц бий болгох ёстой. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж, бичээд байгаа шиг албан тушаалын төлөөх тэмцэл биш юм шүү.
Б.НОМИН